Кипрт гурван хүний амийг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж буй цэргийн албан хаагчийг баривчилжээ. Түүнийг Кипр улсын анхны цуврал алуурчин хэмээж буй тухай Daily Mail сонин мэдээлсэн байна. 35 настай эл цэргийн албан хаагчийг хоёр эмэгтэйн цогцос олдсоны дараа баривчилжээ. Үүнээс гадна түүнийг дээрх хоёр хохирогч эмэгтэйн нэгнийх нь зургаан настай охиныг мөн алсан хэмээн сэжиглэж байгаа аж. Эхний цогцсыг нийслэл Никоси хотын ойролцоох усанд Мицеро уурхайн зургийг авч байсан жуулчин энэ сарын дундуур санаандгүй олж харжээ. Цогцос 38 настай Мэри Роуз гэдэг Филиппин эмэгтэйнх болох нь тогтоогдсон байна. Аврах ангийнхан уурхайн хавийг нэгжсэний дараа хоёр дахь хохирогчийн цогцсыг гаргаж иржээ. Одоогоор охины цогцсыг хайж байгаа юм байна. Эдгээр гурван хохирогч 2018 оноос хойш сураагүй алга болсонд тооцогдож байжээ. Хэргийг мөрдөн шалгах багийнхны мэдэгдэж буйгаар сэжигтэн этгээд нэг эмэгтэйг алснаа хүлээсэн аж. 28 настай мөн л Филиппин гаралтай бүсгүйтэй нийгмийн сүлжээгээр танилцсан гэж сэжигтэн мэдүүлсэн байна.