Германы алдарт загвар зохион бүтээгч, зурагчин, жүжигчин, уран зураач Карл Лагерфельд өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-ны өдөр 85 насандаа таалал төгслөө.
Өнгөрсөн сард Парис хотод зохион байгуулагдсан нэгэн загварын шоуны үеэр Карл Лагерфельдийн бие нь огцом муудсан бөгөөд шоуны төгсгөлд тэрбээр цугларсан олонд хүндэтгэл үзүүлж чадаагүй хэмээн дэлхийн бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байв. Хоёрдугаар сарын 18-ны өдөр түүнийг Парис хот дахь нэгэн Америк эмнэлэгт хүргэн эмчилж байсан бөгөөд маргааш өглөө нь хорвоог орхижээ.
Карл Лагерфелд нь Harper’s Bazaar, Numero болон Орос, Германы Vogue сэтгүүлийн редактор хийдгээс гадна өөрийн нэрээр нэрлэгдсэн "Karl Lagerfeld" болон Chanel, Fendi зэрэг алдарт брэндүүдийн эзэмшигч аж. Мөн тэрбээр эдгээр байгууллагуудын сурталчилгааны ажлыг өөрөө удирдаж хариуцдаг байв. Тэрбээр 1980-аад онд Ханс Кристиан Андерсений “Хааны шинэ хувцас” үлгэрийн зургийг зурж хэвлүүлж байжээ. Мөн 2005 онд болсон Signe Chanel хэмээх телевизийн реалити шоуны гол баатар болж байв. Түүнчлэн 2006 онд эрэгтэй эмэгтэйчүүдэд зориулсан "Karl Lagerfeld" нэртэй коллекцио худалдаанд гаргаж олон төрлийн жинс, бариу цамцнуудын загвар зохион бүтээж байв. Түүнийг орчин цагийн загварын эцэг хэмээн дэлхийн загвар бүтээгчид нэрлэдэг аж.