Шинжлэх ухааны шинэ нээлтүүдийн тухай танилцуулдаг "PLoS One" сэтгүүлд Өмнөговь аймгийн Нэмэгт уулнаас 70-80 сая жилийн өмнөх үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олсныг мэдээлжээ.
Тус төрөл зүйл нь 70-80 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан Овирапторозавр хэмээх шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах бөгөөд үүнийг “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн байна.
Олдворыг Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Хүрээлэн, Кэйп Тауны их сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран судлаад цоо шинэ төрөл зүйл болохыг нь тогтоов.
Нэмэгт уулнаас олдсон бүрэн биш араг ясыг шинжлээд уг олдвор нь залуу үлэг гүрвэлийнх байсныг тогтоожээ. Нас бие гүйцээгүй үлэг гүрвэлийн олдворыг андуурч өөр төрөл зүйлд ангилах явдал шинжлэх ухаанд түгээмэл байдаг. Харин энэ удаа эрдэмтэд Гобираптор минутусыг гарцаагүй шинэ төрөл зүйл гэж үзэж байгаа ажээ.