Энэ оны онцлох 10 үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
НЭГ. МАН ба төрийн хямрал
Энэ жил улс төрийн томоохон хямрал үүсэв. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга Су.Батболд нарыг огцруулах шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргаснаар МАН-ын зодоон ил болж, 64-ийн бүлэг 37 ба 27-гоороо хуваагдсан. Улмаар 27-ийн бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулсан ч амжилтыг эс олж, У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ-ын 40 гишүүний дэмжлэгээр тогтож үлдлээ. ЖДҮХС ба “60 тэрбум”-ын хэрэгтэй холбогдсон хоёр талын зодоон өнөөдрийг хүртэл үргэлжилж, УИХ-ын нэгдсэн чуулган зургаан удаа хойшлуулаад байна.
ХОЁР. Галт тэрэг осолдож, олон зорчигч гэмтэв
Энэ зун үе үе орсон аадар бороо нийслэл төдийгүй орон нутгийн зам, дэд бүтэц, цахилгааны шугам, орон сууцны барилгуудын чанарыг шалгаж, олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Тухайлбал, энэ зун олон хоног орсон аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн зам эвдэрч 10 тэрбум төгрөгний хохирол учирсан. Мөн Баян-Өлгий аймгийн 800 гаруй айл усанд автаж, 4000 орчим иргэн орон гэргүй болов. Цаашлаад Дорноговь аймгийн Айраг суманд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын галт тэрэг үерийн улмаас осолдсон нь Монгол Улсад урьд хожид болж байгаагүй томоохон галт тэрэгний осол байсан юм.
ГУРАВ. Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхлэв
Улирч буй онд Монгол Улсад эхэлсэн онцлох бүтээн байгуулалт бол олон жилийн турш яригдсан нефть боловсруулах үйлвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтын ажил эхэлсэн явдал байв. БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 километр байрлах Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр тавив.
ДӨРӨВ. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн хэрэг
Энэ жилийн улс төрийн хэллэгт ЖДҮ, ЖДҮ-чин гэх үг идэвхтэй хэрэглэгдэж байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ХХААХҮ-ийн яамны харъяанд байдаг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сандаа шалгалт оруулсан. Гэтэл шалгалтын дүн эргээд Засгийн газрыг өөрийг нь өөрийг нь хүнд байдалд оруулав. Учир нь тус сангаас Засгийн газрын зарим гишүүд болон УИХ-ын нэр бүхий гишүүд их хэмжээний зээл авсан болох нь тогтоогдож салбарын сайд болон тус сангийн албан хаагчдыг хуулийн байгууллагад шалгагдаж байна.
ТАВ. Төрийн яаманд хүний амины хэрэг гарав
Улирч буй оны хамгийн харамсалтай хэрэг бол төрийн яамны хариуцлагатай ажилтнууд нэгнийхээ аминд хүрсэн явдал байв. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг наймдугаар сард гарсан билээ. Үүний дараагаар салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэн албан тушаалаас нь чөлөөлсөн.
ЗУРГАА. Засгийн газар хүний хулгайд сэрдэгдэв
Энэ оны долоодугаар сарын 27-нд Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайг үл таних этгээдүүд гэрийнх нь гаднаас хулгайлахыг завдсан хэрэг гарсан нь нийтийн төдийгүй олон улсын анхаарлыг татсан үйл явдал байлаа. Туркийн талаас түүнийг террорист байгууллагыг санхүүжүүлэгч хэмээн үзсэн байдаг.
ДОЛОО. Нийтийг хамарсан эрчим хүчний тэг зогсолт
Жирийн нэгэн ажилчны ажлын хариуцлагагүй байдлаас болж нийслэл хот болон орон нутагт эрчим хүчний тэг зогсолт үүссэн. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр 09:40 цагийн үед Дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, нийслэл болон таван аймагт тог тасарсан. Нийтдээ бүтэн 14 цаг тог цахилгаангүй байсан энэхүү аваарын гол буруутан нь технологийн горим зөрчиж, сэлгэн залгалтыг буруу хийсэн диспетчерийн алдаа болж үлдсэн юм.
НАЙМ. Нийслэлийн анхны давхар зам буюу Яармагийн гүүр
2018 онд Нийслэлд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт бол Яармагийн шинэ гүүр юм. Төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авав. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр баригдсан. Энэ гүүр ашиглалтад орсноор замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой. Яармагийн хуучин гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй бөгөөд шинэ байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
ЕС. Сүүлийн жилүүдэд болоогүй томоохон жагсаал
Энэ оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын тодорхой гишүүд болон бусад иргэний хөдөлгөөнүүд “МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл” гэх олон иргэн оролцсон жагсаал зохион байгуулагдав. Энэ нь сүүлийн хэдэн жилд болоогүй томоохон цуглаан байлаа. Тус жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага барьсан байв. Цагдаа, тусгай хүчний байгууллагаас тус жагсаалд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байлаа.
АРАВ. Гантулга ба Муратын ёс зүйгүй үйлдэл
Энэ онд болсон томоохон улс төрийн дуулиан бол УИХ-ын хоёр гишүүд хүчин, бэлгийн дарамт, танхайн хэрэгт холбогдсон хэрэг байлаа. Хамгийн залуугаараа УИХ-ын гишүүний сэнтийд заларсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, дотуур хувцсаа өмссөн, өмсөөгүй байсан тухайгаа ярьсан ч эцэст нь өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөд хүрсэн билээ.