ДБЭТ энэ сарын 30-нд Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Зөвлөлтийн мэргэжилтэн Б.Смирнов нарын хамтын бүтээл “Учиртай гурван толгой” дуурь тоглож, манай улс хөгжмийн театртай болсны 68, ДБЭТ байгуулагдсаны 55 жилийн ойг тэмдэглэх ажээ. Тэртээ 1950 оны энэ өдөр Монголд төдийгүй Ази тивд анхны бөгөөд цорын ганц хөгжмийн сонгодог театр үүдээ нээсэн тэмдэглэлт үйл явдалд үндэслэн тус театрын төрсөн өдрийг арванхоёрдугаар сарын 30 хэмээн шинэчлэн тогтоосон бөгөөд цаашид энэ өдөр ололт, амжилтаа дүгнэж, үзэгч олондоо баярын тоглолт хүргэж байхаар болжээ.
Арванхоёрдугаар сарын 30-нд болох ойн баярт зориулсан “Учиртай гурван толгой” дуурийг гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглох нь. Ардын жүжигчин А.Долгор, А.Дашпэлжээ, Ч.Мөнхшүр, Б.Жавзандулам, Гавьяат жүжигчин, театрын захирал Ц.Төвшинтөгс болон Х.Үнэнхүү, А.Бүтэд, М.Болд, Б.Цэцгээ, Д.Ганхуяг, С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа нарын үе үеийн алдартай сопрано, баритон, тенорууд гол дүрүүдэд ээлжлэн дуулах юм байна.
Тус театрын захиргаа уг тоглолтоо өдрийн цагаар үзэгч олондоо хүргэхээр шийдсэн байна. Үүний наана бага үдэд баярын хуралтай. Театрын захирал Ц.Төвшинтөгс “Бид энэ оны хавар “Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл, хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн, профессорууд, урлаг судлаачидтай хамтран зохион байгуулсан. Үүгээр олон илтгэгчийн бүтээлтэй танилцаж, хэлэлцсэн. Түүнчлэн Дуурийн театрын барилгыг 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд ашиглалтад оруулахдаа монгол үндэсний энэ дууриараа нээсэн түүхэн өдрийг утгаар нь тэмдэглэж байх нь зүйтэй гэж үзсэн” хэмээж байлаа.