Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг тойрсон маргааныг шийдвэрлэгдэж байгаа талаар Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийлээ.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Бид 20 насны зөрүүтэй хэдий ч аав хүү шиг, ах дүү шиг барилдлагатай хүмүүс. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсаны эцэст Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна.
Бид зөвхөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа болон бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн.
Ер нь бол монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, харуулж явах нь гаргасан амжилтаас илүү гэдгийг үнэ цэнэтэй гэдэг дээр бид хоёр санал нэгтэй байдаг.
Шүүхийн шийдвэр хаанаа яаж гарахаас үл хамаараад Бөхийн холбооны эв нэгдлийг хангах ёстой гэдэг дээр бид нэгдсэн байр суурьтай байна" гэв.
Дархан аварга Х.Баянмөнх хэлэхдээ "Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана " гэв.
Хэвлэлийн хурлын төгсгөлд тэд үл ойлголцоод байсан асуудалд бие биеэсээ уучлалт хүссэн юм.