Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Мөн сүүлийн үед Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар олон улсын хэвлэл мэдээллээр удаа дараалан мэдээлэх болжээ.
Тодруулбал “Нью Йорк Таймс” сонинд гэхэд Улаанбаатар хотод агаарын бохирдлоос болж нэг жилийн дотор 435 хүүхэд нас барсан гэж мэдээлсэн бол, Туркийн TRT телевизээр манай хотыг хүний эрүүл мэндэд дэлхийн хамгийн хор хөнөөлтэй газар хэмээн нэрлэжээ. Жил бүр манай Засгийн газраас агаарын бохирдлын эсрэг том төсөв баталж, утаа ялгаруулдаггүй зуух, сайжруулсан түлш зэрэг олон төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч төдийлөн эерэг үр дүнд хүрэхгүй байгаа нь харамсалтай. Ийм асуудалтай нь ганцхан бид биш. Агаарын бохирдол ганц Монголын ард түмнийг бухимдуулаад байгаа бус, дэлхий нийтийн гол асуудал билээ. Дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ асуудлыг шийдэх цөөнгүй гарц бий.
БНХАУ-ын дарга Си Жиньпин АПЕК-ийн чуулганы үеэр “Би өглөө бүр сэрээд хамгийн түрүүнд Бээжингийн агаарын чанарыг шалгадаг” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл 2016 оноос Хятадын засгийн газар 2,100 үйлдвэрийг хаах тогтоол гаргаж, мөн үе үе хичээл сургуулийг хаадаг болжээ. Хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хаахын зэрэгцээ агаарын бохирдлын тусгай цагдаагийн эргүүлийг гаргах зэргээр олон арга хэмжээ авсан нь Бээжингийн утааны түвшинг 35 хувиар бууруулж чадсан байна.
Цаашлаад тус улс 2020 он гэхэд нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзаж, зургаан муждаа нүүрс худалдах, түгээхийг хориглохоор төлөвлөж байна. Мөн Бээжинд цахилгаан болон байгалийн хийг түлхүү ашиглахыг уриалж эхэлжээ. Энэ мэтчилэн экологийн гамшгийг бууруулахад тус улсын засаг захиргаанаас жилд 300 тэрбум ам.доллар зарцуулж байна.
Дэлхийн түүхэнд хамгийн их агаарын бохирдолтой байсан хот бол Лондон. 1952 онд Лондонд агаарын бохирдлын улмаас тухайн жилд 12 мянган хүн нас барсан гэсэн баримт бий. Түүхэнд энэ тохиолдлыг “Агуу их утаа” гэж нэрлэдэг. Утааны гашуун зовлонг мэдэрсэн лондончууд ч нэлээд хэдэн удаа том арга хэмжээ авчээ. Тухайлбал, тортог үүсгэгч хийг хориглож, бохир түлшийг хязгаарлаж, нүүрсний оронд хийн зуух хэрэглэн хүн амаа санхүүгээр дэмжсэний хүчинд утаанаасаа салжээ.
Агаарын бохирдолтой үлгэр жишээ тэмцсэн хамгийн сүүлийн жишээ гэхэд Хятадад дэлхийн хамгийн анхны агаар цэвэршүүлэгч цамхаг барьж байгуулжээ. Энэ нь 100 метр орчим өндөртэй бөгөөд ажиллуулж эхэлснээс хойш Шиань хотын агаарын бохирдлын хэмжээг 15 хувиар бууруулсан гэнэ. Цаашлаад Хятадын засгийн газраас тус цамхагийг олон хотдоо барихаар төлөвлөж байна. Үүнээс гадна Хятад улс дэлхий дээрх хамгийн том нарны зайн хөвөгч байгууламжийг бүтээн босгож агаарын бохирдолтой тэмцэж байна.
Эндээс харахад эргээгдэх эрчим хүчний диваажин гэгдэх Монгол улсад эрчим хүчний хэрэглээгээ байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх гарц байна.
Г.ТЭМҮҮЛЭН