Улаанбаатарын утаа бидний хоолойг “багалзуурдаж” байна. Нас биед хүрсэн бидний хоолой ийн өвдөж байхад эх орны минь ирээдүй болсон хүүхдүүдийн биед хэрхэн нөлөөлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. 10 сар хэвлийдээ тээж төрүүлчихээд арав хүрэхгүй хоногийн дараа алдаж байгаа нь өнөөгийн Монголд тулгамдсан хамгийн том эмгэнэл болоод байна. Учир нь Монголд агаарын бохирдлын улмаас 100 мянган хүн тутмын 132 нь амиа алдаж байгааг ДЭМБ-аас тогтоожээ. Зөвхөн манайд ч биш, Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байна. Гол шалтгаан нь хотжилт эрчимтэй явагдаж, байгалийн ургамал модыг тайрч шатааснаас болдог бол Улаанбаатар хотын агаарын бохирдол нь өргөжин тэлсээр байгаа гэр хорооллын хүн ам өвлийн тэсгим хүйтэн улиралд орон гэрээ дулаацуулахын тулд нүүрс түлдэгээс үүдэлтэй байдаг.
Энэхүү нөхцөл байдал улам даамжирсныг жил бүрийн нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд сансараас “Азийн бор үүл” харагддаг болсноос харж болно. Энэ агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхдийн амь насанд ч аюул учруулж байна. Төрөөд арав хоног ч хүрээгүй бяцхан үрс уушгины хатгалгаагаар өвчилж, эмнэлэгт эмчлүүлэх оочероо хүлээсээр сууна. Гэтэл бид өвлийг дуусангуут утааны асуудлаа мартдаг. Биднийг ингэж мартаж санаж, хэлэлцэж байх хооронд агаарын бохирдолтой холбоотой эх, ургийн эндэгдэл, зүрх, судасны өвчлөл газар авч гаарлаа. Өөрөөр хэлбэл, утаа бидний ирээдүйг хэвлийд нь ч хөнөөж байна.
Мөн Монгол Улсад цаг бусаар нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон гурван өвчин бүгд агаарын бохирдолтой холбоотой байгаа нь зохих арга хэмжээг яаралтай авах шаардлагатайг харуулж байна.
Тухайлбал, хүүхэд хөгжлийнхөө эмзэг үед агаарын бохирдолд өртөх нь эрүүл мэндэд нь урт удаан хугацааны сөрөг нөлөө үзүүлдгийг нотолсон. Хүүхэд төрөх үед тархи маш хурдацтайгаар хөгжиж байдаг. Энэхүү хөгжил нь өсвөр нас хүртэл явагдсаар байдаг бөгөөд хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэх чадвар, сэтгэл хөдлөлөө барих чадвар болон нийгмийн харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл утааны тоосонцорууд нь хүүхдийн хөгжиж буй тархины эд эсүүдийг гэмтээдэг. Үүний дүнд хүүхдийн танин мэдэхүй болон суралцах чадвар суларч амьдралынх нь туршид нийгэм, эдийн засгийн боломжуудыг нь хязгаарлаж, яваандаа мэдрэлийн доройтолд хүргэж болно. Тухайлбал, утааны тархинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь хоол тэжээл, хайр халамжаар дутсан, эсвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд гардаг сөрөг үр дагавартай ижил болохыг судлаачид тогтоожээ. Үүнээс гадна агаарын бохирдол нь өөр олон эрхтний хөгжилд нөлөөлдөг. Дараах өвчлөлд утаа тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг олон судалгаагаар тогтоосон байна. Үүнд,
- Тархины цус харвалт
- Зүрхний шигдээс
- Уушгины архаг бөглөрөлт
- Хатгалгаа
- Уушгины хорт хавдар багтдаг аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар өдгөө гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байна. Харамсалтай нь тэдний 3.1 сая нь жил бүр наснаасаа эрт хорвоог орхидог байна.
Харин манай улсын нийслэлийн хэмжээнд тохиолдож буй 10 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлоос үүдэлтэй, жилд 130 хүүхэд, 1400 орчим насанд хүрэгсэд хорвоог орхиж, жирэмслэлтийн 10 хувь нь амьгүй болж байна. Уушгины хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос шууд хамааралтай ба цаг бус нас баралтын тоо ойрын жилүүдэд 13.000-аар ихсэх төлөвтэй байгааг судалгааны байгууллагууд мэдээлсэн. Эрүүл монгол хүүхэд төрүүлж, өсгөх нь манай улсад мөрөөдөл болсон хэмээн нэгэн ээжийн хэлсэн үг өдгөө хэтрүүлэг биш болжээ. Бид жагсаж ч, хэлэлцүүлэг ч хийж үзсэн. Аль нь ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Одоо нялх биетэй ээжүүд нярай хүүхдүүдээ тэврээд жагсах л дутуу байх шиг.
Үндсэн хуулийн 16.2-т зааснаар Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Тэгвэл бидний тэр эрх хаана байна вэ?