Их 20 улсын саммитэд оролцохоор Аргентинийг зорьж явсан Германы канцлер Ангела Меркелийн онгоцонд гэмтэл гарсны улмаас ослын буулт хийхээс аргагүйд хүрчээ. “Конрад Аденауэр” нэртэй тус онгоцыг Германы Засгийн газар ажлын айчлалдаа ашигладаг бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчилдэг тул зохих албаныхан нислэгийн өмнө онгоцонд бүрэн хэмжээний хяналт, шалгалт хийдэг байна.
Гэсэн хэдий ч Нидерландын тэнгэрт нисч явах үед дээрх асуудал үүсэн тул нисэгчид онгоцыг эргүүлэн Германы Кёльн хотод газардуулжээ. Тиймээс Германы канцлер өөр онгоц хөлөглөн Аргентинийг зорьсон байна. Их 20 улсын саммит 11-р сарын 30-наас ирэх сарын 1-ний хооронд Буэнос Айрес хотод зохиогдох юм. Тус саммитийн үеэр Меркель цөөнгүй орны төрийн тэргүүнтэй хэлэлцээр хийхээр товложээ.