Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы Осака хотод болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Монголоос Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 11 хүчтэн зодоглон, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртжээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан, ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, Гавьяат тамирчин М.Уранцэцэг шигшээд дэлхийн аварга, эзэн орны Фүна Тонакид дийлдэв.
28 настай тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий алт, мөнгөн медальт Ёшида Цүкасагийн төрсөн дүү Ёшида Санаг, удаах даваануудад Португалын М.Сидерот, БНСУ-ын Ю Жон Кан нарыг ялж, аваргын төлөө барилдах болзол хангасан. Ингэснээр М.Уранцэцэг “Их дуулга”-д зургаа дахь удаагаа үзүүрлэв. Түүнд тус тэмцээний таван алт, дөрвөн хүрэл медаль бий. Эл амжилтаар бүх жүдочдыг тэргүүлэх болсон М.Уранцэцэгийн амжилтыг залуу бөх Ё.Басхүү үргэлжлүүлсэн юм.
25 настай тэрбээр хагас шигшээд дэлхийн аварга Хифүма Абэд дийлдсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Ислам Хаметовыг ялжээ. Гаагын гран пригийн түрүүтэй Ё.Басхүү “Их дуулга”-аас анхны медалиа авсан нь энэ. Мөн эрэгтэйүүдийн +100 кг-д олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар V байрт шалгаран, монгол жүдочид багийн дүнгээр зургадугаарт орлоо.