Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа агсны үр хүүхдүүд аавынхаа бичсэн “Ерэн жилийн дурсамж” дурдатгалыг гурван боть ном болгон хэвлүүлжээ. Үүнийн тэргүүн дэвтрээс хэсэгчлэн хүргэж байна.
Хөгжмийн зохиолч Халх голын дайны талбарт, дайны эхнээс дуусах өдөр хүртэл таван сарыг өнгөрүүлэхдээ үзэж, туулснаа хэрхэн тэмдэглэн бичсэн нь сонирхол татна. Халх голын дайны ялалтын 80 жилийн ой ирэх онд болох тул үүнээс өмнө номыг уншигчдын гарт хүргэхийг чухалчилсан нь тэмдэглүүштэй.
...Намайг цэргийн албанд ирэхэд Итали, Германы фашист, Японы милитарист дэглэм буюу Рим, Берлин, Токиогийн тэнхлэг гэдэг хамгийн аюултай түрэмгий улсууд байдаг, яагаад ийм түрэмгий болсон юм гэхээр дэлхийн I дайнаар дэлхийн том хөрөнгөтөн улсууд ядуу буурай орнуудыг эрхшээлдээ оруулж, газар нутгийг нь хувааж авах гэж булаацалдан дайтаад дийлдсэн, колони газар нутаг багатай хоцорсон улсууд нь өшөө хонзон өвөрлөн дахин газар нутаг олж авахаар завдан хоёр тал болоод байгаа юм гэсэн ойлголт байлаа.
Африкийн хоёрхон тусгаар улсын нэг Абиссиныг Итали эзлээд авчихлаа. Англи, Францын Ерөнхий сайд нар Гитлертэй хуйвалдаад Чехословакийг тасдаад Германд өгчихлөө. Үүнээсээ болж Английн Ерөнхий сайд Чемберлен огцорч, оронд нь цэргийн яамны сайд Черчилль Ерөнхий сайд боллоо. Удахгүй Германд дайн зарлана. ЗХУ, Герман улстай үл довтлох гэрээ байгууллаа. Түүнийг нь Англи, Францын тал эсэргүүцсэн. Япон улс Германтай Комитернийг нэгдсэн зорилгоор эсэргүүцэх гэрээнийхээ үг, үсгийг хүртэл зөрчсөн шударга бус хэлэлцээр гэж эсэргүүцсэн. Тун удалгүй Герман нь Польш улсад довтолсон. Англи, Франц ч Германд дайн зарлаад л. Хөөрхий Польшийн сургуулийн олон хүүхдийг Германы онгоцууд хайр найргүй бөмбөгдөн хөнөөжээ. Энэ тухай сониноос бараг уйлах дөхөн уншиж байтал бага буурай орныг дэмжин тусалж, тэтгэж байдаг орон гэж итгэн шүтэж явсан ЗХУ, Германы цэргийн хатуу ширүүн дайралтад өртөн сандарч байгаа, бага улс Польшийн зүүн тал руу нь цэргээ орууллаа гэдгийг мөн сониноос уншаад мэл гайхсан, цэрэг Бирваа би Намын төв хороонд ажиллаж байгаад VI дивизийн намын комиссын даргаар ирсэн хошууч Жамбаа даргаас учрыг лавласан юм. Октябрийн хувьсгалын анхны жил гадаадын 14 орны довтолгооны цэрэгтэй ЗХУ байлдаж байгаад Польш улс баруун Украин, Белорусаас тасалж авсан газар нутгаа эгүүлэн авч байгаа юм гэнэ гэсэн хариу сонсож, урам хугарч явсан юм. Дэлхийн улсууд хоорондын харилцааны тухай мэдэх гэсэн сонирхлоосоо болоод нэг мэдэхэд улс төрийн хэрэгтэн болоод шоронд “шидэгдэн” хөглөж явж билээ. Энэ тухай дараа өгүүлнэ.
Халх голын дайн дуусангуут “Хасан нуурын” байлдаанд ялалт байгуулсан цэргүүдийг Москва, Ленинград хотод аваачиж амраах юм гэнэ. Халх голд байлдсан цэргүүдийг ЗХУ-д явуулж амруулах гэнэ” гэсэн цуу ярианд бид үнэмшээд манаргаж явтал “Энэ өвөл эндээ өвөлжих гэнэ. Японууд чинь дайн зогсчихоод байхад гэнэт довтлоод, Мана уулыг эзлээд авчихсан гэнэ” гэсэн яриагаар солигдлоо. “Москва хотноо ЗХУ-ын Гадаад яамны сайд Молотов, Япон улсын Элчин сайд Токо нар байлдаан зогсоосон тухай хэлэлцээ хийж, гарын үсэг зурж гэнэ. Японы цэргийн анги дайнд амь үрэгдсэн цэргийнхээ хүүрийг нэгийг ч үлдээлгүй газраас ухаж авч байгаа гэнэ” гэсэн яриа сонсогдох болов.
...Монгол бичгээр их сайхан бичдэг учир тэмдэглэж авахад түвэггүй байсан биз. Энэ хүний бараг нэрээр нь шахуу бүртгэж авсан тоо бодит үнэнд нэлээд дөхөх байх. Тэр, Халх голд болсон дайныг болоогүй гэдэг хүмүүст, Халх голд болсон дайнд оролцсон хүн хүч, зэвсэг техникийн цар хүрээний талаар тун дутуу үнэлсэн, бидэнтэй адил дайны тоосонд дарагдаж яваагүй, зөвхөн сонссоноо өөрийн үзэл бодол дээрээ нэмэрлэн хэлсэн үг, гаргасан дүгнэлт нь үнэн бодит үйл явдлаас хэт хол зөржээ гэж хэлмээр санагдана...
VI дивизийн цэргүүд уналгын хэдэн мянган морио байрлуулж өвөл тэжээх болон 10 гэр барих нүх ухах хүнд хэцүү ажилд зүтгэж эхэллээ. Дөрвөн сар гаруй хугацаанд ганц ч шөнө хувцсаа тайлж тайван амарч унтаагүй, цаг хормоор хэмжигдэх түгшүүр дунд байсан хүмүүс амрах биш, харин ч улам илүү ажиллаж, цэлийсэн талд өвөлжинө гэдэг үнэхээр хэцүүгийн хэцүү байлаа. Цэрэг бид ийм бэрхшээлтэй цаг мөчтэй тулгарч байлаа. Гэсэн ч цэрэг, эх орны эрх ашиг, тусгаар тогтнол гэдэг үгийг сонсоод, өгсөн үүрэг зааврыг даган биелүүлж байдаг ухамсартай байсан нь тэр үеийн монгол цэргийн бахархал байсан юм. Нийт монгол түмэн, Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, Хятадын 18 мужийн нэг биш, тусгаар тогтносон Монгол Улс болсондоо баяртай байдаг байсан билээ.
Сандагийн Мэндээ бид хоёр таван ханатай гэрээ далд орохоор хоёр метр гаруй гүн, хоёр, гурван хүн зэрэгцээд тойрох хэмжээний дугуй тойрогтой том нүх ухаж байтал манай зүүн хилийн ойролцоо Японы талд тэнгэрт тулсан гал асаагаад онгоц нисэж бөмбөг дэлбэрэн их буугаар буудаад, яг байлдаан болж байгаа юм шиг л болсон. Гэтэл тэнд дайнд амь үрэгдсэн цэргээ оршуулан чандарлаж, чандрыг нь ар гэрт нь явуулах ёслол болж байжээ. Үүнийг мэдэлгүй манай цэрэг дайтахад бэлтгэхэд хүрч байсан удаатай. Тамсаг булагаас зургаан ханатай бүрээний гэрийг ачаад ирлээ. Ухсан нүхэнд ашгүй багтлаа. Өвлийн программт хичээл эхлэв. Өглөө зургаан цагт босоод биеийн тамираа хийгээд, нүүр гараа угаагаад, хоолондоо ороод, дараа нь мэргэжлийн сургуулиа хийдэг байлаа.
Нэг орой юм. Ганц лааны гэрэлд ноот муу харагдаж байсан ч шинэ зохиолын сургууль хийж байлаа. Орос цэргүүд орж ирж бид тэд нарт орос дуу, марш хөгжимдөж, дохио зангаагаар хоёр, гурван үгээр ярьж байгаад явууллаа. Наваандорж багш миний хажуугаар дан гудсан дээр хэвтэж унтдаг байлаа. Багш “Зөвлөлтийн цэрэг ирж манай хил хязгаарыг хамгаалах гэнэ. Манай дивиз Тамсагтаа очиж байрлах болжээ” гэлээ. Энэ үгийг цэргүүд сонсоод баярлав. Ёстой өнөө магнай хагартал, зүрхээ дэлбэртэл баярлана гээч болж билээ. Үдэш ирж бидний хөгжимдөхийг сонсож байгаад явсан орос цэргүүдийн тухай, энэ өвлийг яаж давна даа, хөөрхийс гэж ярьцгаалаа. Ийнхүү баяр хөөр болох явцад жагсаалын дарга Рэнцэн инээх, уйлахын завсар байхаар нь бид шоолж инээлдэхэд Рэнцэн дарга уурлан, “Та нар чинь яаж байгаа юм. Манай хилийг хамгаалахаар ирж байгаа орос цэрэг чинь бид нартай адилхан аав, ээж, ах дүүтэй, эх оронтой хүмүүс шүү дээ. Бусдын газар орныг хамгаалахаар энэ эзгүй талд ирж өвөл даарч хөрөх гэж байгааг бодоод өрөвдөөч” гэж өөрийг нь шоолж инээсэн биднийг загнахдаа бидэнд орос цэргийн ач тусыг ойлгуулж билээ. Гэрээ ачиж Тамсагбулаг руу явууллаа. Ухсан газраа шороогоор дарж тэгшиллээ. Гурван мянга шахам морин цэрэг морин аяллаар буцлаа. Халх гол дээр эгнүүлэн, хооронд нь холбосон завин дээр тавьсан зузаан банзан гүүрээр дивизийн бүх цэрэг гарахад хоёр талаар нь цоо шинэ өвлийн цагаан нэхий дээлтэй, үстэй малгайтай, эсгий гуталтай өвч бүрэн зэвсэгтэй орос цэргүүд ёслон, номхон зогсчихсон биднийг үдэн гаргаж байгааг харахад, хөгжмийн цэргүүд бидний хувьд Рэнцэн даргын хэлсэн үг ёстой орой руу орж ирж билээ. “Бидний газар нутгийг хамгаалахаар эзгүй газар ирээд зогсож байгаа нь ямар өрөвдмөөр юм” гэж цэргүүд бид хоорондоо ярьж байж билээ.
Бүх насаараа химийн цэргийн алба хаасан, эдүгээ нас сүүдэр 93 хүрч яваа өвгөн буурал генерал Цэрэнпил гуай 2001 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “1939 онд бидэнд туслахаар ирсэн Зөвлөлтийн цэргүүд мөн их лут байлддаг байлаа шүү. Хамт явж байлдая гэсэн монгол цэргүүдийг “Та нар хойшоо бай, бид явж байлдана” гээд өмнүүр байлдаанд ордог, зарим байхгүй хүний оронд шинэ орос цэргүүд ирсэн байдаг сан. Мөн ч олон орос цэрэг Монгол орны төлөө байлдаж яваад амь насаа алдсан юм…” гэж хуучилжээ. Орос цэргийн тухай миний дээр өгүүлсэн, энэ генералын ярьсан нь үнэн бодит үйл явдлаас гарсан тухайн үеийн Зөвлөлтийн цэргүүд монгол цэргийг өөрийн төрсөн үр мэт энхрийлэн хамгаалж байсны тод томруун үнэн баримт энэ буюу.
1939 оны тавдугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилсэн Халх голын дайн Зөвлөлт, Монголын цэргийн ялалтаар төгсөж, Тамсагбулагтаа очиж энх цагийн цэргийн аж амьдралд орохоор буцаж яваа VI дивизийн морин аяллын дүр төрх тэр аяараа миний нүдэнд харагдан, чихнээ сонсогдон, сэтгэл санаанд байнга дурсагддаг юм. Байлдааны орон тоогоор бүрэн хангагдсан, өвч бүрэн зэвсэгтэй таван мянга шахам морьт цэргийн аяллын зүүн жигүүр 17 дугаар морин хороо, баруун жигүүрт 15 дугаар морин хороо, хөгжим, холбоо суман болон бусад жижиг анги салбар, их буу, хуягт дивизийн зэрэг анги салбарын бүрэлдэхүүнтэй дивизийн гол цуваа гэсэн зохион байгуулалттай аялал байлаа.
Гурав гурваар эгнэсэн морин жагсаалын урт цувааны араас цэргийн хувцас, хуурай хэрэглэл ачсан арын хөсгийн цуваа, араас нь мянга, мянгаар суурилсан дивизийн бэлтгэл болсон дөрвөн агтан сүрэгтэй. Хоёр түмэн хүн, морь, ердийн хөсгийн үхэр, тэмээ, дивизийн бэлтгэл агтан сүргийн их сүр жавхаатай аяллын дунд явсан цэрэг бид хатуу ширүүн дайнаас амьд мэнд гарсандаа хязгааргүй баярлаж бахархсан хүмүүс байлаа. Морин аялалд явуут дундаа хөгжимчид бид хувьсгалын дуу хөгжимдөнө. Дайчид дагаад дуулан баярлаж баясацгаана. Таван сар буюу 150 хоног тайван унтаж амраагүй бид ая тухтай, түгших аюулгүй хооллож, амарч ажиллах болсондоо хязгааргүй баярласан хүмүүсийн хөгжил цэнгэлийн морин аялал байлаа. Морьдоо амраахаар түр зогсож, мориноосоо бууж савтай цайгаа ууж, дан талхаа идэж, энхийн амьдралдаа орж, сайн сайхан амьдрах талаар элдвийн сайхан мөрөөдлөө хөгжилдөн ярьж байтал хөгжим ангийн жагсаалын дарга Рэнцэн “Амь өрссөн хатуу ширүүн дайнаас амар мэнд үлдсэн бид ямар их аз завшаантай хүмүүс вэ. Одоо бид аав, ээж, ах дүү, төрөл садныхаа амар мэндийг асуун ялалтын баяр хүргэсэн захидал бичнэ. Эх орныхоо төлөө биднийг бүслэлтийн аюулаас аврахын төлөө амиа алдсан эрэлхэг эх орончдын эх, эцэг, ах дүү, төрөл төрөгсөд танил нөхөд нь уй гашуу болно, мөн их харамсалтай. Хөөрхий мянга шахам тэр сайхан эрчүүд” гэж хэлээд эхэр татан уйлж эхэллээ. Энэ үнэн үгийг сонссон хөгжмийн цэрэг бидний нөгөө баяр баясгалан алга болж, Халх голын дайнд амиа алдсан дайчдаа дурсан санаж, зарим нэгнийх нь нулимс дусалж байлаа. Халх голын дайнд амь алдсан дайчдаа дурсан нулимсаа дуслуулж байсан хөгжмийн цэргүүдийн харууслын нулимс бол зөвхөн хөгжмийн хэдэн цэргийн нулимс төдий бус бүх дивизийн дайчдын харамслын нулимс байсан юм. Монголын бүх ард түмний харамсал эмгэнэлийн нулимс байсан нь ч лавтай.
Гэтэл Дашдоржийн Баярхүү гэгч их мэдэгч болж Халх голын дайны тухай хэлэлцсэн эрдэмтдийн хурал дээр Халх голд дайн болоогүй, нэгэнт дайн болоогүй учир ялалтын баяр гэж байж болохгүй гэж түүхэнд болж өнгөрсөн дайныг үгүйсгэсэн илтгэл тавьж, тэр гаж буруу дүгнэлттэй илтгэлээ сонинд хүртэл хэвлүүлсэн байсан. Мөн Бат-Эрдэнийн Батбаяр гэгч ихэд мэдэмхийрэн өөрийн бичсэн “Нүүдэл суудал” (баримтын түүвэр) номдоо Халх голд Монгол Улс Япон улстай байлдаагүй. Зөвхөн Орос, Япон хоёр улс хоорондоо байлдсан гэж бичсэн Халх голд байлдсан цэргийн ангиудаас VIII дивиз хамгийн сайн байлдсан гэж байх юм. Монгол Улс Япон улстай байлдаагүй юм бол VIII дивиз ямар улсын цэрэгтэй их сайн байлдсан юм бол гэж асуумаар утга агуулгатайгаар уул номд худал бичсэн байна.
Халх голд дайн болсон. Эхлээд Монгол, Япон хоёр улс байлдах явцад хоёр улсын гэрээ ёсоор ЗХУ-ын цэрэг ирж бидэнд туслан, Монгол, Зөвлөлт хоёр улс Монголын газар нутагт цөмрөн орж ирсэн Япон улсын цэрэгтэй байлдсан юм. Дайн Монгол, Зөвлөлтийн цэргийн ялалтаар төгссөн. Энэ бол болсон үнэн бодитой түүх. Тухайн үеийн Монгол Улс I, V, VI, VII, VIII, X дугаар дивизтэй байснаас V, VI, VIII дугаар дивиз хуягт танкийн бригад, Холбоо, Хороо, Байшинтын VII дугаар дивизийн зарим хороод Халхын гол хавьд байсан химийн цэргийн ангиуд Халх голын дайнд оролцож, Японы VI армитай байлдсан нь үнэн бодит түүх юм. Халх голд Монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө байлдсан нэгдэл, ангиудаас VI дивизийн дайчдын байгуулсан гавьяаг онцлон үзэж, тус дивизийг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор төр, засаг шагнасан түүхтэй.
Үүнээс гадна Бат-Эрдэнийн Батбаяр “Нүүдэл суудал” (баримтын түүвэр) номдоо 250 цэрэг дайнд амь үрэгдсэн, энэ бол баталгаатай тоо гэжээ. Энэ бол дайнд амь үрэгдсэн монгол цэргийн тоог тун чамгүй цөөрүүлсэн тоо болжээ гэж эхний өдрөөс нь дуустал дайны талбарт, галын шугаманд явсан амь гэрчийн хувьд би үздэг.
Энэ дайн 62 жилийн өмнө болсон учир одоо 70 нас хүрээгүй хүн Бат-Эрдэнийн Батбаярын бичсэн номд Халх голын дайнд амь үрэгдсэн хүний тоог уншаад 250 хүн үхсэн юм байж гэж бодоод л өнгөрнө. Харин дайн болж байхад хүүхэд байсан, одоо амьд сэрүүн байгаа өндөр настай хүмүүс болон нэн ялангуяа Халх голын догшин ширүүн дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө дайтаж яваад амиа алдсан эрэлхэг зоригт олон дайчдын үхлийг нүдээр харж, зүрх сэтгэлээрээ харамсан мэдэрч, эх орныхоо тэр эрэлхэг хөвгүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан, одоо ихэд цөөн үлдсэн 80 гаруй настай, өнгөрсөн дайны амьд гэрч болсон өвгөн энэ дурдсан 250 цэрэг үхсэн гэдэг тоо харьцангуйгаар, хэтэрхий цөөлсөн тоо болжээ гэж хэлнэ. Үүнээс ахиу тооны тухай ярилцдаг байсныг баримтаар өгүүлье.
Албан ёсны гэж дээр өгүүлсэн тоо, дайны талбарт болж өнгөрсөн үйл явдалтай холбоотой тоо хоёр хоорондоо эрс тэс ялгаатай байгаа юм. Үнэн баримтаар дурдан 1939 онытавдугаар сарын 28-ны өдрийн байлдааны явцыг зориуд дахин давтан өгүүлж байгаагийн гол учир энэ билээ.
Энэ өдөр VI морьт дивиз гаднын ямар ч дэмжлэг туслалцаагүйгээр гагцхүү өөрийн хүчээр Япон, Манжийн цэргийн их давуу хүчтэй тулалдсан байлдааны явцад дивизийн штаб XV морьт хороо, их бууны дивизион, холбоо, сумны хагас давуу хүчтэй дайсанд бүслэгдсэн аюултай үед бага даргын сургуулийн сумангийн шилмэл 150 гаруй дайчин өөрсдөөсөө хэд дахин давуу хүчтэй дайсныг хориглон, сөрж тулалдан, дайсанд бүслэгдсэн анги, салбарын дайчдаа авран өөрсдөө дайны талбар, галын шугаманд командалж явсан дивизийн дарга Шаарийбуугийн хамт бараг цөм шахуу амиа алдсан. 20, 30-хан дайчин амьд үлдэж ирснийг хоёр, гурваар нь салгаж анги, салбарт тараан хуваарилсан юм. Ингээд бага даргын сургуулийн суман “Дайны талбарт олон дайчид амь алдсан тухай хэнд ч хэлж болохгүй. Хэрэв цэргийн нууцыг задалсан хүн байвал дайны үеийн хуулийн дагуу хатуу цээрлэл үзүүлэн шийтгэнэ” гэж чандлан тушаасан ёсоор бид дайн дуустал хэнд ч хэлээгүй нууцалсан гэж сургуулийн сумангийн намын багш Төгсжаргал (УИХ-ын Т.Гандийн эцэг), салаан дарга Намжин (улсын заан) нар ярьж байж билээ.
“Улаан од” сонины салбар “Эх орны манаа” гэж сонин байсан юм. Дайны талбарт гардаг байсан тэр сонин тавдугаар сарын 28-ны өдрийн дайныг маш сүрхий, ширүүн, догшин дайн боллоо. Дайсны тал 600 хүнээ алуулж, манай тал 400 хүнээ алдлаа гэж бичсэнийг цэргүүд уншаад бүсэлсэн цэрэг нь олон хүнээ алуулаад, бүслэгдсэн цэрэг цөөхөн хүн алдсан байхдаа яадаг юм бэ. Энэ тоо эндүүрэгдэн солигдсон байна гэж шүүмжлэн ярилцаж байсан юм. Энэ мэдээг бичсэн “Эх орны манаа” сониныг 29-ний оройдоо цэргийн нууц задруулсан мэдээ бичсэн гэж яаралтай хурааж аваад явсан, бодвол устгасан байх. Наймдугаар сарын эхээр дивизийг Халхын голын зүүн талд гаргаад их удалгүй их бороотой, гол үертэй үеэр дахин голынхоо баруун талд яаралтай гарах тушаал фронтын командлалаас ирсэн юм. Нар жаргахын алдад дивиз Халх гол гатлан гарч байхад гурван ч цэрэг усанд урсаад, хүн нь алга болоод морь нь гараад ирсэн. Дивизийн комиссар Пэлжээ “Өдий олон хүний дотор ганц ч усчин байхгүй, ямар их гэмшилтэй харамсалтай юм бэ. Иш хөөрхий, хайран сайхан дайчдынхаа амийг алдлаа. Бид усчин хүнтэй болох ёстой” гээд хоолой нь зангиран бараг уйлах дөхөн харамсаж байхыг харсан хөгжимчин Гомбо “Өчигдрийн бөмбөгдөлтөд хоёр хүн нас барсан, өнөөдөр гурван хүнээ алдлаа. Одоо дивизийн нас барсан цэргийн тоо 500 гаруй болж байна” гэж ярьж байж билээ. Дайнд амь үрэгдсэн хүмүүсийг дандаа сураглаж бүртгэх хорхойтой хөгжимчин Гомбын хэлж байсан тоо яг дайны талбарт болсон үйл явдлыг баримтаар ярьж байгаа учир үнэнд дөхүүтэй байх нь лавтай. Хөгжимчин Гомбын энэ хэлсэн тоог сонссон хөгжимчин Гаанжуур “Ямар олон цэрэг үхсэн юм бэ. Чи ер нь штабын дэргэд бөмбөгдүүлсэн 300 шахам түр цэргийг цөмийг үхсэнээр тооцсон юм уу. Арай олон цэрэг амиа алдсанаар тооцжээ” гэж эргэлзэхэд Гомбо “Үгүй, яалаа гэж, тэр түр цэрэг бөмбөгдүүлснийг маш их нууцалсан юм байхгүй юу. Дивизийн штаб хавиар байрласан анги, салбарын цэрэг мэдсэн болохоос биш штабаас хол байрласан цэргүүд ерөөс мэдээгүй юм билээ. Хэдэн цэрэг нас барсныг дивизийн том дарга нараас өөр хэн ч мэдэхгүй. Маш сүрхий нууцалсан юм билээ. Би нэлээд хэдэн хүнээс хэдэн түр цэрэг нас барсан юм бол гэж асуухад мэдэх хүн олдоогүй. Бөөнөөрөө байж байгаад бөмбөгдүүлсэн түр цэргээс 20-иод хүн амь үрэгдсэн гэж тооцсон юм. Одоо та нар харж байгаа биз дээ. Хөөрхий гурван цэрэг морио зөв залж чадалгүй усанд урсаад явчихлаа шүү дээ. 17 дугаар хорооны цэрэг өнөө алдарт тагнуулч Олзвойтой хамт тагнуулд явсан цэргүүдээс нэг цэрэг дайсны суманд өртсөн гэнэ гэж бүрээчид гарсан Мэндээ дуулж ирсэн байна лээ. Ийм осол эндэгдэл бараг өдөр болгон гарч байдаг юм аа. Би энэ бүхнийг бүртгэж авдаг. Тоо ийм л гарлаа шүү дээ” гэж ярьж байхыг хөгжмийн хэдэн цэргээр зогсохгүй тэр хавьд байсан цэргүүд сонссон нь мэдээж. Хөгжимчин Гомбо бол жирийн нэг хөгжимчин цэрэг. Хамт мөр зэрэгцэн дайсантай тэмцэж яваад амиа алдаж байгаа нөхдөө ихэд харамсан таньдаг бол, харин нэрээр нь танихгүй байвал тэмдэглэлийн дугаараар нь бичиж авч харамслаа илэрхийлдэг зан араншинтай хүн байжээ.
Монгол бичгээр их сайхан бичдэг учир тэмдэглэж авахад түвэггүй байсан биз. Энэ хүний бараг нэрээр нь шахуу бүртгэж авсан тоо бодит үнэнд нэлээд дөхөх байх.
Тэр, Халх голд болсон дайныг болоогүй гэдэг хүмүүст, Халх голд болсон дайнд оролцсон хүн хүч, зэвсэг техникийн цар хүрээний талаар тун дутуу үнэлсэн, бидэнтэй адил дайны тоосонд дарагдаж яваагүй, зөвхөн сонссоноо өөрийн үзэл бодол дээрээ нэмэрлэн хэлсэн үг, гаргасан дүгнэлт нь үнэн бодит үйл явдлаас хэт хол зөржээ гэж хэлмээр санагдана.