Төв замаас холгүй байх зургаан хаалгатай, улаан тоосгон жорлонгийн нэг “өрөө” нь хогоор дүүрчээ. Ойртоход өмхий, эхүүн үнэр ханхална. Хаалганууд нь яйжийж, зарим нь алга болж, жорлонгийн чанх урд хэсгийн газар цөмөрч, ангал үүссэн байв.
Хүүхэд байтугай том хүн ч бие засах аргагүй болжээ. Тэнд хогоо асгачихаад, бидний бараагаар далдичин зугтсан, 30 эргэм насны залууг “барьж авч” цөөн хором ярилцлаа.
-Энд яагаад хогоо асгачихав. Зориулалтын цэг биш биз дээ?
-Манай энэ хавийнхан бүгд л энд хаядаг. Нэг дор ингээд бөөгнүүлчихвэл, дараа нь ачуулахад амар байдаг юм.
-Гэхдээ хог хийх зориултын бункер ч юм уу, эсвэл саванд хийж болдоггүй юм уу. Энэ чинь жорлон шүү дээ?
-Мэдэхгүй ээ. Манайх энд нүүж ирээд удаагүй.
-Жорлонг хэн хариуцдаг юм бэ?
-Тэр энэ гэх эзэн байхгүй ээ. Зам дагуу болохоор явуулын хүмүүс ч бие засдаг.
-Хаалганых нь урд хэсэг цөмөрч, нүх гарчихаж. Яагаад ийм болчихов?
-Харин эвгүй болчихсон байна лээ. Айлууд муу усаа жорлон руу асгаад, бас борооны тогтоол усанд “идэгдээд” тэгсэн байх.
Ийн ярьж зогстол бас нэг бүсгүй жорлон руу ууттай хог чулуудчихаад, хээв нэг яваад өгөв. Сүхбаатар дүүргийн XIX хороо, Шаргаморьтын зусланд оршин суугчид жорлонгоо ийн хогийн сав болгожээ.
Хоёр талдаа хаалгатай, тоосгон, зургаан хүний багтаамжтай ийм жорлон Жигжид, Шаргаморьтын зуслангийн төв зам дагуу хэд хэд байх аж. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дамнадаг зуслангийн энэ бүс рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, төвлөрөл жилээс жилд эрс нэмэгдэж буй. Зөвхөн зун, өвөлд 30 гаруй мянган өрх тийш нүүж, түр хугацаанд амьдардаг гэсэн судалгаа бий. Оршин суугчид нэмэгдэхийн хэрээр орчны бохирдол, тэр дундаа, хог хаягдал, нүхэн жорлон асуудал дагуулах болж.
Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсэд зам дагуу ийм ариун цэврийн байгууламжийг дөрвөн жилийн өмнө 20 гаруйг хийж өгчээ. Хүртээмжийг нь бодолцон зургаан хүний багтаамжтай, байгальд халгүйг чухалчлан бохирыг нь соруулдаг шийдэлтэйгээр ийм жорлон байгуулсан гэнэ.
Жорлонгийн нэг тасалгааг 3-4, нийт 18-24 айл эзэмшин ашиглаж, хариуцах зохицуулалт ч хийж байж. Гэтэл өдгөө энэ байгууламжуудыг иргэд захаас нь сүйтгэж, хогийн цэг, муу усны нүх болгожээ. Хариуцсан эзэнтэй нь ч ховор. Жигжид, Шаргаморьтын зуслан салдаг уулзварт гэхэд ийм ариун цэврийн байгууламж гурав байна. Нэг нь л дориун өнгө зүстэй, бүх хаалга нь цоожтой харагдав.
Гэвч ойр орчинд угаадсан “намаг” үүсэж, гялгар уут, ундааны сав энд тэндгүй хөглөрнө. Муу ус, хог хаягдлын өмхий зам дагуух цайны газруудын хуушуур, шорлогны үнэртэй “хоршино”. Жорлонгийн чанх хойно “Энд хог хаяхыг хориглоно” гэсэн анхааруулах самбар байсаар атал оршин суугчид яг хажууд нь хогоо овоолжээ.
“Энд бие засах гэсэн юм. Түлхүүрийг нь хаанаас авах вэ” гэж ойролцоох айлуудаас асуусаар эзнийг нь олов. Н.Батсүх “Сул жорлон байхад яагаад заавал цоожтойд нь орох гээд байгаа юм бэ” хэмээн бухимдангуй гарч ирэв. Хэрэг зоригоо тодруулж хэлбэл “Зам дагуу болохоор янз бүрийн хүмүүс бие засаад, ойролцоо дэлгүүр, гуанзныхан угаадсаа хийгээд дорхноо дүүргэчихдэг юм.
Тэр жорлонгууд (доод зүг рүү заагаад) хүн орох аргагүй байгаа биз. Цоожлохгүй бол яг л ийм болно. Манай жорлонгийн зургаан тасалгаа нь цөм цоожтой, хариуцсан эзэнтэй. 2-3 айл дундаа эзэмшдэг. Хүүе хаая гэж эзэн болж байгаа ч айлууд гадна нь хогоо хаяад дийлдэхгүй юм” хэмээн ярилаа.
Н.Батсүхийнхээс 100 хүрэхгүй метрт, Долоон буудал чиглэлд байх “Зуслангийн алба”-ны хажууханд ариун цэврийн бас нэг ийм байгууламж буй. Нэгийнх нь хаалга хулгайд алдагджээ. Бусад нь бүгд нээлттэй. “Бие засаж болох уу. Аль айл хариуцдаг юм бол” гэж хажуугаар өнгөрөх хүмүүсээс асуувал “Эзэнгүй. Байнга онгорхой байдаг” хэмээв.
Нийслэлийн гэр хороолол агаарын бохирдлоос ч дутахгүй нэг аюулд бүслэгдсэн нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонгууд. “Нүхэн жорлонгоо шинэчилье. Стандартад нийцүүлье” гэж сүүлийн жилүүдэд дээр, дооргүй ярьж буй ч энэ төрлийн аюул газар авсан. Гэр хорооллын 10 гаруй хувь нь л стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай.
Тэгэхээр нийт жорлонгийн 90 хувь нь бидний амьсгалах агаар, ундаалах усанд заналхийлж, байгаль орчин бохирдуулдаг гэсэн үг. Айлууд дундаа жорлонтой болсноор эрсдэл багасна, бусад өрх ч энэ жишгээр стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж байгуулна гэж нийслэлээс ийм санаачилга гаргасан. Гэтэл энэ төлөвлөгөө нь эсрэгээрээ болжээ.
Ариун цэврийн ийм байгууламжтай газруудын ойр орчим бусад газраас илүү бохирджээ. “Хэрэв тэнд жорлон бариагүй бол иргэд ингэж хогоо ил задгай хаях байсан уу” гэж эргэлзэхэд ч хүргэв. Тус хэсгийг хариуцдаг байгаль хамгаалагчидтай холбогдож, нийслэлээс байгуулсан эдгээр жорлонд хяналт тавьдаг, эсэхийг асуухад “Тухайн бүсийн оршин суугчид л бүрэн хариуцна, бидэнд хамаагүй. Гэхдээ байгаль хамгаалах хууль, журмын дагуу тухайн орчныг цэвэр цэмцгэр байлгахад анхаарч, иргэдэд шаардлага тавин, зөвлөмж хүргүүлдэг” гэсэн юм.
Ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй гомдол, санал нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд байнга ирдгийг ч тэд онцолсон.
Нийтийн буюу дундын өмчийг хайр гамгүй хэрэглэвэл эцсийн дүнд уг зүйл үгүй болж, бүх ашиглагчид хохирдог гэдэг. Зуслангийн бүсэд байгуулсан эдгээр жорлонг иргэд яг ийм байдлаар ашигласаар байвал бүгд л эцсийн дүндээ эрүүл мэндээрээ хохирч, нийтийн жорлон дагасан нийтлэг зовлон амсах нь дамжиггүй.