Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт ирүүлсэн “2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09.51 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Турк улсын иргэн, Монгол-Туркийн хамтарсан "Улаанбаатар эмпати" сургуулийн захирал Акчая Виселийг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, “Toyota Alphard” маркийн автомашинд суулган хүчээр авч явсан” гэсэн Б.Ганбатын мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж эхэлсэн. Монгол, Туркийн хамтарсан "Улаанбаатар эмпати" сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат “Нисэх буудалд Туркийн онгоц буусан байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн тул сэтгүүлчид болоод Виселийн удирддаг сургуулийн багш, сурагчид Буянт Ухаа нисэх буудалд өнжсөн. Тэрхүү онгоц нь Туркийн тусгай үйлчилгээний Туркийн СТ 4010 дугаартай жижиг оврын онгоц байв. Монголын тал хэрэг явдал шийдэгдтэл тус онгоцыг нисэх буудлаас хөөргөөгүй. Сэтгүүлчдийн олж мэдсэнээр дипломат шугамаар дөрвөн хүн тус онгоцоор Монголд иржээ.
Өрнөж буй үйл явцын талаар Б.Ганбат 18.00 цагт мэдээлэл өгөхдөө Вэйсел түүнтэй 18.28 цагт өөрийнхөө дугаараас түүнтэй холбогдсон гээд,
-Айж эмээх зүйл байхгүй, би таньдаг хүмүүстэйгээ байна. Наанаа байгаа хүмүүсээ тайвшруулаарай. Надад санаа зовох зүйлгүй гэж Вэйсел захирал хэлээд утсаа тасалсан. Гэвч дууны өнгөнөөс нь харахад аюулгүй байна гэж хэлэхэд бэрх байсан. Тиймээс гар утас луу нь залгахад салгаастай байсан хэмээн ярьсан.
Тэгвэл Монголын төр, иргэд, сэтгүүлчид шуурхай ажилласны дунд Турк улсын иргэн Акчая Виселийг Монголд үлдээж чадлаа. Түүнийг авахаар ирсэн гэх СТ 4010 дугаартай онгоц 21.30 минутад Буянт Ухаагаас хөөрлөө. Гэлээ ч уг онгоц буцаад ирж магадгүй гэж болгоомжилсон хэсэг иргэд нисэх буудлыг сахисаар үлдсэн юм. Албан бус мэдээллээр Виселийг Монголд авч үлдсэн бөгөөд Цагдаагийн хамгаалалтад байгаа ажээ. Албаны хүмүүс энэ мэдээллийг батлаагүй ч зарим холбогдох албан тушаалтнууд зохих мэдэгдлийг хийсэн. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл Twitter хуудсаараа дамжуулан,
-Хэн ч энэ онгоцонд нэмж суугаагүй, хэн ч бууж үлдээгүй, ямар ч ачаа аваагүй, зөвхөн газрын үйлчилгээ сумалгаа аваад буцлаа. Тайван амгалан байцгаана уу! хэмээн мэдэгдсэн юм.