Бороотой өдрүүд үргэлжилсээр л байна. Та борооноос залхаад эхэлчихсэн үү? Магадгүй уншигч та яасан их бороо ордог юм бэ хэмээн бодож байж болох юм. Эсвэл хангай дэлхий хур бороогоо хайрлаж байгаад талархан хүлээн авч байж ч магадгүй. Тэгвэл бороог байгалийн үзэгдэл гэдгээс өөрөөр харах гээд үзье.
Магадгүй дэлхий ээж бидэнд тунихдаа бороо болон асгарч тайтгардаг байх. Бороо түүний нулимс гэж бодвол хүн төрөлхтөнд үүнээс өөрөөр санаагаа яаж илэрхийлэхсэн билээ. Усан бороонд урссан нулимс бусдад анзаарагдахгүй гэдэгт итгэдэг. Дэлхий ээжтэйгээ хамт уйлаад явахад хамаг хэрэггүй бодлоо урсгаад хаячихаж байгаа юм шиг ханьтай гэж жигтэйхэн.
Бороонд урсгачих будаг ч үгүй жаахан охин байсан үеэсээ л бороо орохоор гарч гүйчихдэг байсан юм. Бороо орохоор бодол ч мөн үерлэх мэт давалгаалан орж ирээд хангай дэлхийнхээ уй гунигт нэгддэг сэн. Гэрээс гарч болохгүй гэж загнавал дэлгүүр гараад ирье гэх зэргээр ямар нэг шалтаг олж байгаад гүйчихнэ гээч. Ээж араас "Алив шүхрээ аваад гар" гээд өгнө. Хэрэглэхгүй ч гэсэн түүнийг нь дургүйхэн аваад гарна. Амьхандаа нулимсаа дүү нартаа үзүүлэхгүй гээд л бороонд уйлдаг байсан байх. Бороотойд хоргодох газар хайж гүйх хүмүүсийн дунд би харин ч нэг тайвширлаа олж буй мэт алхана даа. Хэн нэгний хэлсэн үгэнд хачин их гомдчихсон мөртлөө үзэн ядаж зүрхлэхгүй байх үед бороо надад тусалдаг юм. Хайр, хүндлэл минь гомдол, цөхрөл болж хувирахаас нь өмнө урсгачихвал амар биш үү? Хэрэггүй зүйлсийг уурлаад л мартчихдаг, уйлаад л тайтгарчихдаг, урсгаад л алга болгочихдог байх нь амар байдаг. Хайр өнгөө хувиргахаараа их муухай төрхтэй шүү дээ. Тийм болохоор сэтгэлдээ сэвтэй болгоноо бороотой хамт ой санамжаасаа урсгачихаж болоод байгаа юм шиг санагддаг юм. Таагүй сэтгэгдлээ бага байхдаа бүгдийг нь гаргаж чаддаг байж. Харин одоо ажилдаа сатаараад заримыг нь зүрхнийхээ буланд хаа нэг газар нуучихаар дараа хэзээ нэг өдөр "Би энд байгаа шүү" гэж сануулаад байдаг. Тийм болохоор бороо орохгүй бол хүлээдэг, орохоор нь хачин их баярлаж бага зэрэг даарсан ч гэсэн гүрийгээд норж алхдаг. "Ингэж суусаар байгаад өвдчихвөл яах юм бэ" гэж ээж загнана. Хэдий өвдтөлөө сууж байгаагүй ч шаналж байснаас өвдөж байсан нь илүү амар мэт санагдана. Үүгээрээ юу илэрхийлэхийг хүссэн бэ гэхээр дотроо мэдэрч байгаа зүйлээ дор бүр нь гадагшлуулж байгаарай. Дэлхий ээж хүртэл уйлдаг, уурладаг. Ямар их уйлж байгааг нь та харж байгаа биз дээ. Тийм болохоор бүх хэцүү зүйлээ урсаад өнгөрөх бороотой хамт явуулчих. Бороотой хамт урссан нулимсыг хүмүүс анзаардаггүй юм.