Зан сайтай айлд хүн бүхэн очиж, замаг сайтай газар шувуу бүхэн цугладаг жамаар харийн орныг зорих монголчуудын цуваа тасарсангүй. Нуураа орхиод явсан шувуу хүртэл эргээд ирдэг байтал харийг зорьсон монголчууд хаягаа нэг мөсөн солих нь юуны учир вэ? Ардчилал гарснаас хойш бүсгүйчүүд маань харийн хүний гэргий болцгоож биднийг сандаргах болсон. Тэгвэл сүүлийн жилүүдэд залуус маань ч бас гадны хүргэн болох нь эрс нэмэгджээ. Нийт 10.000 залуу гадны хүргэн болсон гэсэн судалгаа байна. Энэ тоон үзүүлэлт 2030 он гэхэд эмэгтэйчүүдийнхээ үзүүлэлтийг даван гарч болзошгүйд хүрчээ. Нийт гадны улсад хүргэн орсон эрчүүдийн олонх нь барууны орнуудад байгаа бол үлдсэн нь Ази тив тэр дундаа Солонгос улсад 1000 гаруй, Японд багагүй хэмжээгээр байна. Харийн хүнд очсон монгол бүсгүйг “Эмс ариун бол төр ариун” гэх үгээр далайлгаж бид шүүмжилдэг. Цусаа цэвэр байлгаагүйдээ тэд дотроо битүүхэн гэмшдэг л байх. Тэгвэл хүний хүргэн болж байгаа залуусыг юу гэхсэн бол.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Монгол тулгатаны зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэрээ “Иргэншил бол алга дарам цаас шүү дээ” гэж Хакүхо М.Даваажаргалд хэлсэн удаатай. Хэдий энэ үг Хакүхог аргадахдаа хэлсэн байлаа ч нийтэд буруу ойлголт өгсөн талтай. Амжилттай яваа монгол залуус сонголтоо хийгээд гадагшаа явж байгааг буруутгах аргагүй боловч эргээд ирчих болов уу гэсэн найдвар, иргэншлээ сольчихгүй байлгүй гэсэн горьдлого элэг нэгтнүүдэд минь байдаг. Цаасан дээрх тэмдэгт хамаагүй гээд харь орныг сонгох нь хувь хүний эрх гэх л байх. Харьд гуйлгаж очсон залуу эх орондоо гувшиж амьдраад яах билээ гэж зөвтгөх хүмүүс бишгүй байна. Явсан, үлдсэн хоёрын аль алиныг буруутгах аргагүй, зөвтгөх эрхгүй тийм л нөнцөл байдал.
Гэхдээ сайн эр хоёр төрд зүтгэдэггүй гэсэн мэргэн үг бий. Уг нь эрчүүд маань хацар гоо охидыг хаа холоос богтолж авчирдаг түүхтэй. Харин өнөө цагт гэрээ мартсан Гэсэр шиг харийн оронд өөрсдөө богтлогдон очоод байна. Сор болсон охид хөвгүүдээ гадагшаа алдаж буй явдлаа даяарчлал гэж нэрийдэх даанч хайран юм. Хэдий тийм боловч яаж ч амьдарсан байсан монголдоо үлдэнэ гэх сэтгэлтэй тамирчдын жишээ бий. Монголын хүндийн өргөлтийн нүүр царай болсон М.Анхцэцэгт АНУ, Казахстан, Узбекистан, Өмнөд Солонгосын талаас иргэншлээ солих хүсэлт ирүүлсэн байдаг. М.Анхцэцэг тэргүүтэй залуус эргэлзэх зүйлгүйгээр ядруухан эдийн засагтай, хайр халамжаар маруухан ч гэлээ төрөлх эх орноо сонгож Монгол хүний үнэ цэнийг бидэнд ойлгуулсан. Тамирчдын хөлсний дусал бүрийг нь үнэлж чадах газарт татгалзсан хариу өгнө гэдэг үндэсний үзэлтнүүдийн хувьд нэр төрийн хэрэг юм. Харин тэдний бахархам үйлдэл хэнэггүй нөхдийн хувьд тэнэглэл болон хувирч байна.
Бидний өвөг дээдэс алга дарам газрынхаа төлөө дайнд мордож байсан болохоос алга дарам цаасанд өөрлчлөлт оруулах гэж яваагүй гэдгийг ухаарах цаг ирэх буй за. Их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлснээр Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөөд ирнэ бизээ.