Хөлбөмбөгийн авьяастнуудын уурхай болсон Бразилаас мэндэлсэн супер оддоос отгон нь Неймар буюу Неймар да Силва Сантос Жуниор билээ. Бразилийн шигшээгийнхэн бүгдээрээ одод ч Месси, Роналдутай мөчөөрхөж чадаж байгаа нь чухам Неймар юм. “Сантос”-ын довтлогч залуу 1992 оны хоёрдугаар сарын 5-нд Бразилийн Могидас Крузес хэмээх хотод төрсөн. Одоогийн багтаа 2003 онд очсон бөгөөд мэргэжлийн түвшний анхны тоглолтоо 2009 онд буюу 17 настайдаа хийжээ. Түүнээс долоо хоногийн дараа анхны гоолоо оруулж, тэр өдрөөс хойш Робиньо, Пелетэй зүйрлэгдэх болжээ. Хөлбөмбөгийн их гүрнийг өсвөрийн насны хүү шуугиулаад байгааг скаутуудаасаа дуулсан “Ювентус”, “Реал”, “МЮ”, “Интер” багууд урьдчилсан гэрээ байгуулж, 18 нас хүрэнгүүт нь багтаа элсүүлэхийг санаархсан ч бүтэл олоогүй юм. “Сантос” баг эдгээр акулуудын эрээ цээргүй дайралтыг зогсоох үүднээс Неймартай гэрээгээ 2014 он хүртэл сунгаж аваад “30 сая еврог шууд төлөөд авбал ав” гэсэн том болзлыг тавьж байлаа. Одоогийнхонтой харьцуулахад бага мөнгө авч тухайн үед бол 17 настай хүүг 30 саяар авна гэдэг байж боломгүй болзол байсан. Мэдээж, үүнээс бүгд үргэж, асуудлыг дараа жил болохоор хойшлуулцгаасан юм.
2010 оны хаврын дунд сараас тэрбээр дэвж эхэлж билээ. Баг нь “Гуарани” клубийг 8:1-ээр бут ниргэхэд тавын таван гоол оруулсан гайхамшигт амжилтаа арвижуулсаар Сан-Паулогийн лигийн 19 тоглолтод 14 бөмбөг оруулан “Сантос”-ыг аварга цолонд хүргэв. Харин өөрөө тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгджээ. Гоц авьяас нь сараар биш өдрөөр сайжирч байгааг нүдээрээ харсан бизнесийн байгууллагууд гэрээ хэлэлцээр хийх зуучлагч нь болох эсвэл наймааны эрхийн нь тодорхой хувийг авах гэж улайран зүтгэж эхэлсэн юм. Энэ өрсөлдөөнд “Terceira Estrela Investimentos S.A” хэмээх хөрөнгө оруулалтын групп ялан Неймарын ирээдүйн наймааны 5 хувийн ашиг авах эрхийг 3.5 сая еврогоор “Сантос”-оос худалдаж авсан түүхтэй.
Ер нь бол Неймарын чимээ 2010 оны ДАШТ-д хамгийн чанга дуулдсан. Бразилийн шигшээ багийн тухайн үеийн ерөнхий дасгалжуулагч Дунга супер одод Роналдиньо, Пато нарыг үл тоосон хэрнээ 19-хан настай бацааныг авсан нь олны анхаарлыг татаж байлаа. Мэдээж, Неймар үндсэн довтлогч байгаагүй. Ганц нэг удаа сэлгээгээр гарч ирэн тоглосон. Өрсөлдөгчөө хөнгөхөөн хуурах чадвар, ямар ч байдлаас оновчтой цохих ур нь олны анхаарлыг эрхгүй татаж байв. Тиймээс ховор олдох энэхүү эрдэнийг аль болох эртхэн өөрийн болгох гэсэн топ багуудын ажиллагаа улам идэвхжин, өдөр бүр супер санал тавих болжээ. Гэтэл тэр Бразилийн хөлбөмбөгчдөөс ондоо ажээ. Тэндхийн тоглогчид санал ирсэн даруйд л Европ тивийг зүглэдэг байхад Неймар гэрээний хувилбар илгээх бүрт татгалзсан хариуг өгч байв. Мөнгө бус нэр төрийг эрхэмлэдэг энэ чанараараа тэрбээр эх орон нэгтнүүддээ үнэлэгдсэний сацуу өсвөр залуустай ажилладаг шилдэг мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн юм. Хоёрт, үгүй гэсэн хариугаараа өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлж өгсөн. Хамгийн сонирхолтой нь Европыг зүглэхийн өмнө “Сантос” багтайгаа гэрээгээ сунгаж байлаа. Айхтар шийдвэр шүү.
Гэрээ сунгагдахаар тухайн хөлбөмбөгчний үнэ 2-3 дахин өсдөг энэ хувилбарыг сонгосноороо тэрбээр төрөлх багтаа 57.1 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Өөрөөр хэлбэл “Барса” түүнийг авахын тулд “Сантос” клубт ийм мөнгийг төлсөн. “Барса” ч гэсэн хашир үзсэн л дээ. Бразил сувдтайгаа урт хугацааны гэрээг байгуулахдаа 190 сая еврогийн нөхөн төлбөрийн тухай заалтыг зоож өгсөн байдаг. Орлогын үүсвэр, амжилтын үндэс болох тоглогчоо хөрөнгөтэй багуудаас ингэж хамгаалсан хэрэг. “Реал” баг Гарет Бэйл 100 сая еврогоор авсан тэр он жилүүдэд бол 190 сая бол үнийн хүртэшгүй дээд цэг байсан юм. Гэтэл “Барса”-гийн дээрх хамгаалалт нэг л өдөр нуран унав. Тэд хожим Неймарын гэрээг сунгахдаа 190 саяыгаа 222 сая болгож нэмсэн авч Катарын баячуудад мөнгө уут, уутаараа байдгийг мартжээ. Тиймээс 2017 оны 8-р сарын 3-нд каталончууд Мессид нь хань болж байсан супер одыгоо “ПСЖ”-д алдсан түүхтэй. Баян Нассари 222 саяыг тэвэрч ирээд л авчихсан.
Саад хийх ямар ч эрх “Барса”-д байгаагүй. Энэ нь хөлбөмбөгийн хамгийн өндөр үнэтэй наймаа болсон хэдий ч “Хамгийн харамсалтай” наймаа болон түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн. Учир нь Неймар Каталоны багт гайхалтай сайн зохицон Месси, Суарес, Иньестагийн хамтаар түрүүлж болох бүх тэмцээнд аваргалж, авч болох бүхий л шагналыг авч байлаа. Үүнээс илүү жаргал гэж хаана байх билээ. Гэвч од болох гараагаа ухаалаг эхэлсэн тэрбээр супер од байх үргэлжлэлээ буруу тавилаа хэмээн олон мэргэжилтэн шүүмжилж явна. Ингүүлэх шалтгаан ч олон бий. Ялангуяа, 2018 оны ДАШТ-ий дараагаар бүр ч хүчтэй буруутгагдах боллоо.
Үндсэн клуб “ПСЖ”-тээ асуудалтай байгаа хүн шигшээгийн уур амьсгалд буруу нөлөөг үзүүлнэ хэмээн Бразилийн олон мэргэжилтэн үзэж байлаа. Буруугаар нөлөөлснийг бүү мэд, гэхдээ л Бразилийн шигшээ ДАШТ-д гавиагүй нь үнэн. Неймар баашилж унаад баахан хэвтсэн нь бас үнэн. “Алиалагч” хэмээх энэ сэдэв Неймарыг ярих өнөөдрийн гол сэдэв болж байна. Угаасаа Францад очсоноосоо хойш л асуудалтай байлаа. Багийнхантайгаа муудалцсан, бэртэл олон авсан, сэтгэл санаа тогтворгүй, Францын лиг жулдсан, Испанийг санагалзсан гээд олон, олон асуудал түүнийг тойрон хөвөрсөөр ирсэн. Тиймээс Испани эсвэл Англи руу явна хэмээн олонх тооцож байлаа, яваасай ч гэж хүсч байсан. Тэгж баймааж л “ПСЖ”-д туулсан түмэн бэрхшээлээсээ сална, дэлхийн шилдэг болох мөрөөдөлдөө хүрнэ гэцгээж байв. Гэтэл “ПСЖ”-д үлдэхээр сая шийджээ.