Өнгө өнгийн хадаг яндар давхарлан уяж, гандаж хувхайрснаас танигдах аргагүй болсон мөнгөн дэвсгэрт энд тэндээс нь цухуйх, чухам юу гэдгийг нь тааж мэдэхэд бэрх нэгэн зүйлд хүмүүс битүү шавжээ. Дүр нь үл харагдах өнөөх биетэд хүүхэд, хөгшидгүй сүслэн залбирч, зарим нь гацуур мялаах аятай мөнгөн дэвсгэрт хавчуулж харагдав. Түүний дэргэд үргэлжилсэн урт чулуун дээр идээ будаа хэдэн үеэр нь давхарлан өржээ. Тийш ойртох тусам нигшүүн, эхүүн үнэр хамар цоргиож, ялаа, батгана байж суух аргагүйд хүргэнэ. Гэсэн ч цугласан олон үүнийг ер ажирсан шинжгүй дугаарлан зогсож, “үүрэгт ажил”-аа гүйцэтгэнэ. Өмхий үнэрээс зайлсхийхдээ ам хамраа дарж, зайдуу зогсох хүн мэр сэр үзэгдсэн.
Хөл тавьсан даруйд “анхилам” агаараар дарамталсан эл газрыг Монголд мэдэхгүй хүн бараг үгүй. Энэ бол Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших, монголчууд хүсэл биелүүлэгч хэмээн сүслэн биширдэг домогт Ээж модны дэргэдэх “Ээж модны мөргөлийн өргөө”-ний ойр орчим юм. Үүний гадаа байх, хүүхэд, хөгшидгүй залбиран мөргөх өнөөх оньсого шиг эд юу болохыг сүсэгтэн олноос асуувал хариулах хүн ховор байв. “Мэдэхгүй.
Хадаг уяж, мөргөх ёстой гэсэн” хэмээн олны жишгийг дагаж, мухар сүсгээр зан үйл үйлдэж буйгаа хүлээн зөвшөөрөх хүмүүс ч таарсан. Харин Сүхбаатар сумын иргэн н.Лхагвасүрэн “Есөн хөлт цагаан туг гэж байдаг даа. Түүнтэй төстэй нэг тугийг нь байрлуулсан юм билээ. Хүмүүс сүсэглэж, нуруу хүрэх хэсэгтээ хадаг давхарлан уясаар далдалчихаж. Сайн харвал орой хэсгээр нь цагаан хөхлий цухуйж байгаа” гэсэн юм.
Жил бүрийн ханш нээх өдөр Ээж мод олны хөлд дарагддаг. Монгол орны өнцөг булан бүрээс мөргөлчид ирдэг гэхэд хилсдэхгүй. Мөн зуны саруудад тийш чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Биднийг Үндэсний их баяр наадмын дараахан тэнд очиход ч хүн, машин “хахаж” байлаа.
“Ээж мод гурван хүсэл биелүүлдэг, нэгэнтээ очвол гурван жил дараалан хүрэх ёстой. Тэгж гэмээнэ санаж хүссэн зүйл нь биелэх учигтай” гэсэн бичигдээгүй “хууль” бий. Гэр бүл, эрүүл мэнд, ажил үйлс, мөнгө санхүү гээд юу санаснаа хүсэж, эрхэм гэсэн бүхнээ даатгасан мөргөлчид Ээж модонд зайлшгүй нэг зүйл “бэлэглэдэг” нь хадаг. Их бие, салаа, мөчир гээд бүхий л хэсэгт нь түүнийгээ уяж, ороодог. Зарим нь бүр “Хадгаа хэзээ ч унахгүй, тайлагдахгүйгээр бөх уявал хүсэл биелдэг” хэмээн муйхарлаж, хорлонтой гэгч олон зангидаж орхидог талаар иргэд ярьсан юм .
Үүний уршгаар “шидэт” мод хэвийн ургаж чадахгүй, жилээс жилд доройтон гундсаар “амь тавихад” хүрсэн нь маргашгүй үнэн болохыг нүдээр үзэв. Тэр яг л өөрт буй бүхнээ үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зольж, насны эцэст зовж яваа ч тэднийгээ бодон, хорвоогийн наранд хоргодож, амьтай голтой яваа эх хүн мэт санагдсан юм. Гундаж, нүцгэрсэн салаа, мөчрөөс нь унжих зүсэн зүйлийн хадаг түүний зовж, туулсан амьдралынх нь өнгө гэлтэй. Ойр орчимд нь буй модод ч түүнтэй адил зовлон амсжээ.
Сэлэнгэ аймгийн долоон гайхамшгийн нэг Ээж модыг ээрсэн бас нэг зовлон нь орчны бохирдол юм. Уг нь тайж тахин, залбирал үйлддэг газрыг хамгийн ариунд тооцдог. Гэтэл тус газар Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжаас дутахгүй өмхий үнэртэй болжээ. Иргэд авч очсон сүү цагааныхаа дээжийг байгаль хангайдаа өргөх нэрийдлээр модод руу цацчихдаг аж. Хүсэл биелүүлэгч болоод мөргөлийн өргөөний ойролцоох модод жонхуу шавчихсан уу гэмээр нялцайж, ээдэрсэн цагаан зүйлээр хучигдсан байсан нь ийм учиртай байж. Тэдгээр модонд хэдхэн алхам дөхөхөд муухай үнэрт нь дотор эвгүйрхэж, огиудас хүрэв. Модноос урссан сүү, цайны үлдэгдэл газарт буухдаа цагаан зам татуулжээ.
Яг ийм зан үйлийг гэр бүлээрээ хийж, бяцхан хүүдээ сүү хэрхэн өргөхийг зааварчлах 40 орчим насны залууд хандан “Заавал цай, сүү өргөх ёстой юу. Мод руу цацах шаардлагатай гэж үү” хэмээвэл “Гэр бүлийнхээ засал хийлгэсэн бөөгийн заавраар ингэж байна. Ёс журмынх нь дагуу гүйцэтгэчих санаатай. Болохгүй гэсэн зүйл байхгүй биз дээ” гэв. Тэр хүү, охин, эхнэртэйгээ явж байв. Тэд 250 мл-ийн савлагаатай, дөрвөн “Биеэ бодоорой”-гоор моддыг “усалсан” юм.
Тахилга хийх, ханш нээх үед тэнд хэдэн зуун хүн очдог. Харин зунд өдөрт хамгийн багадаа 30-40 машин хүн тогтмол ирдэг гэнэ. Зарим гэр бүлийн гишүүн бүр ийн өргөл өргөдөг. Тэгэхээр Ээж мод болоод түүний хөрш нарснууд өдөр бүр багагүй хэмжээний сүү цагаагаар “ундаалдаг” байх нь.
Энэ газрыг чиглэсэн хөдөлгөөн зун эрс нэмэгддэг учир үүргийн наймаачид ч тэнд үүрлэжээ. Утсан загас, зөгийн бал, хуушуур зэргээс гадна Ээж модонд өргөх ёотон, чихэр, жигнэмэг, архи, ааруул гээд байхгүй зүйл алга. Зарим нь өргөлийн зүйлсийг багтаасан багц хүртэл гаргажээ. 250 мл-ийн савлагаатай “Биеэ бодоорой” сүү, атгын дайтай шар будаа, арц, чүдэнз зэргийг нийлүүлж, савлаад 3500, нэг литр сүү, цайны идээ, жигнэмэг зэргийг нэгтгээд 7000 төгрөгөөр худалдах жишээтэй. Эл газарт анх удаа очсон бид ёсыг бодож, энэ бүхнийг худалдаж авсан ч өгөрч, ялзарсан моддод нэрмээс болохыг хүсээгүй.
Олон нийт төвлөрсөн газарт худалдаа, үйлчилгээ аандаа бий болдог. Байх ч шаардлагатай. Гэхдээ Тужийн нарсыг захлан орших “Ээж модны мөргөлийн өргөө”-ний ойр орчимд худалдаа эрхлэгчид тэндхийн бохирдолд хувь нэмэр оруулж буйгаас ялгаагүй аж. Газраар нэг хөглөрч, нар, салхинд хатаж, хорчийсон элдэв идээ цагаа, хадаг самбайнд ороон тэвхийтэл хураасан цайны идээ, ёотон, чүдэнз үүнийг “хэлж” байна.
Хүсэл биелүүлэгч модыг зорин очих хүн дэндүү олон ч түүнийг доройтчих вий гэж санаагаа чилээдэг нь үгүй аж. Шаамар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Алтангэрэл “Орон нутагт ямар ч хамаагүй. Ханш нээх, хуурайшилт идэвхжих, эсвэл ямар нэг баяр ёслолын үеэр бид иргэдэд сэрэмжлүүлэг өгөх үүднээс хогоо задгай хаяхгүй, ил гал гаргахгүй байх санамж хуудас тараадаг. Уг нь иргэд сүүгээ мод руу бус, тахилын аяга руу өргөчихвөл дээр сэн. Ингэж хэлээд, шаардлага тавихаар нэмэргүй юм билээ. Ёстой дийлддэггүй. Заримдаа очиход ил асгасан идээ цагаа нь өтчихсөн, батгана бужигнаж байдаг. Та нар харин ч танагтай үед нь очиж” гэв.
Судалж үзэхэд, Ээж мод буй газрыг Шаамар суманд хүнсний ногоо тариалдаг “Ундрагч” хэмээх компани эзэмшдэг гэнэ. Тэнд очсон машинуудаас 500-1000 мянган төгрөг хурааж байсан, “Зав алга” хэмээн үг солихоос цааргалсан эмэгтэй эдний компанийн ажилтан байж. Тэд сүсэгтэн олонд “Сүүгээ модод руу бүү цац. Хадаг битгий уя” гэж шаардлага тавьж, хүчирдэггүйгээ учирласан. Харин жолооч нараас хураасан мөнгөө тухайн орчныг цэвэрлэхэд, мөн гал гарахаас сэргийлж байнгын харуул хамгаалалттай байлгахад зарцуулдаг гэх. Бодит байдалд тэд үүргээ хэр биелүүлдэг вэ гэдэг нь машинаас буухад л маш тод харагдана лээ. Тэд Ээж модыг хамгаалахад бус, жолооч нараас татвар авахад л анхаардаг гэлтэй.