Хамгийн, анхны гэсэн олон тодотголтойгоор хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөлөө. Оросууд тус тэмцээнийг ийм хэмжээнд зохионо гэж, тэмцээн ийм сонирхолтой болно хэмээн дэлхий дахин төсөөлөөгүй нь мэдээж бөгөөд ийм сайхан тэмцээн дуусах нь ээ хэмээн олон сая хүн санаа алдан алдан суусан биз ээ. Учир нь бүх дэлхийг бүтэн сарын турш зурагтын өмнө уясан ДАШТ өчигдөр Франц, Хорватын тоглолтоор өндөрлөлөө. Түрүүлэх магадлал бүхий багуудын жагсаалтад Францын шигшээ угаасаа бичигдэн байсан бол Хорватын баг улаан зураасны гадна нэрлэгдэн байлаа.
Уг нь топ лигүүдийн том багуудад алба хаших тоглогчтой л доо. Гэсэн авч дөрвөн саяулхнаа хорватууд ийм өндөрт дүүлнэ чинээ хэн ч санасангүй. Тэдний давуу тал нь биеийн ерөнхий бэлтгэлжилт байв. Бүтэн тэмцээний турш зогсоо зайгүй гүйж, гурван ч тоглолтод цаг сунгаад эцэст нь хожил байгуулна гэдэг тэдэн шиг гладиаторуудын л хийж чадах ажил ажээ. Энэ бол дасгалжуулагч Златко Даличийн гавьяа юм. Өмнөх дасгалжуулагч Анти Чачич багийн нь амжилтыг завхруулсан тул Хорватын хөлбөмбөгийн холбоо Даличийг хаа байсан Саудын Арабаас дуудаж авчирсан.
Ингэхдээ хатуу болзолтой, ДАШТ-д тоглох эрхийг авах. Дандаа сураггүй клубт ажилласан түүнд иргэд нь тийм ч дуртай байгаагүй. Товчхондоо, түүний туулж ирсэн зам Оросын дасгалжуулагч Черчесовынхтай яг ижил. Багаа аваад хийсэн эхний ажил нь ч адил. Тоглогчдын ерөнхий бэлтгэлжилтийг өндөр түвшинд гаргахгүй бол газар авахгүй юм байна гэдгийг Чачичийн туршлагаас тод харагдаж байлаа. Учир нь ДАШТ-ий эрх олгох урьдчилсан шатанд хорватууд тэсвэр тэвчээрээ баран туйлдсанаас нэг бус хожлоо алдсан юм. Үүний сацуу, үтэр түргэн хэрэгжүүлсэн Даличийн өөр нэг ажил бол багийн уур амьсгалыг эрүүлжүүлэх. Хэн од байх хамаагүй, аль нь тод гялалзах падгүй.
Гагцхүү бэлтгэлд шилдэг байгаа нь л тоглоно гэсэн шударга шалгуур тавьсанаар олон янзын ааштай тоглогчдын нь ханд хага дарагдсан гэдэг. Ур чадвар, авьяас билгийг сайн гүйлт, сайхан уур амьсгалаар услаад өгөхөөр ямар хэмжээнд хүрдгийг Хорватын шигшээ ДАШТ-д оролцох эрхээ хэрхэн авсанаараа харуулсан. Удалгүй дэлхийн аваргын мөнгөн медалийг яаж хүртсэнээрээ үүнийг баталсан. Тусгаар тогтноод 30 жил болоогүй улсын хувьд энэ бол тасархай амжилт. Шувтаргад ялагдлаа ч том гавьяа. 1998 оны хүрэл медаль үүний дэргэд нялх харагдах буй за.
Харин Францын багийн хувьд зөвхөн алтан медаль л сонин байлаа. Түүнгүйгээр буцаад очвол үгээр доромжлуулж, өндгөөр шидүүлэх нь тодорхой байсан биз. Чулуу нүүлгэж, сэлэм эргүүлэх ч байсан юм бил үү. Учир аваас, эх орондоо зохиосон Европын аваргын түрүүг Португальд алдсан гашуун түүх нь шинээрээ л байлаа. Дээр нь орцондоо супер оддыг цуглуулж, гонхондоо сод авьяастнуудыг чихсэн багаас гагцхүү тэргүүн байрыг шаардах нь зүйн хэрэг. Тиймээс ч дасгалжуулагч Дидье Дешам ДАШТ-д тун няхуур хандсан. Багаа аажимд нь формдуулсан. Эхний тоглолтод яах вэ, азаар хожсон байж болно. Хамгийн гол нь, хүнд нөхцөлд яах вэ, хүчгүйдсэн үед юу хийх вэ, ингэхэд үндсэнд гарахад бэлэн нь хэн бэ гээд олон асуултын хариуг Австралитай хийсэн тэр тоглолт Дешамд өгсөн юм.
Багаа олон жил удирдсаных хэний омгийг дарж, алины тоглолтыг чиглүүлэхээ маш сайн мэдэж байсан нь чухал үед тун чиг хэрэг боллоо. Ялангуяа, Бельгитэй хийсэн хагас шигшээ тоглолтод Дидьегийн гарын эв дүй тод харагдсан. Түүнээс өөр хүн байсан бол Бельгийн бат бэх хамгаалалтыг сэтэлж, уул мэт өндөр тоглогчдын нь учрыг олж чадах байсан болов уу? Азар, Лукаку, Де Брюйне хэмээх “Бермудын гурвалжингийн” оньсыг тайлж бүр ч чадахгүй байсан биз ээ. Гэлээ ч Дешамын байгуулсан хамгийн том гавьяа бол клуб бүртээ хаан мэт өргөмжлөгдсөн оддынхоо “би” хэмээх дотоод хийрхлийг дарж чадсан явдал. Ингэж баймааж л багийнхаа судсыг барьж чадна, журмыг тогтоож дийлнэ. Тэр чадсан, бас дийлсэн. Тэгээд Франц аваргалсан.