Төв Азийн цээжинд цохилох, дэлхийд ганцхан л Монгол наадам хэмээн сүржин цоллодог Үндэсний их баяр наадмаар бөх, мориноос өөр үзэх зүйл байдаг билүү хэмээн Төв цэнгэлдэхийг хэдэнтээ тойрохдоо бодож үзлээ. Байхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Бөх, морь нь хүртэл "үнэтэй". Мөнгөтэй, сүйхээтэй нэг нь Төв цэнгэлдэх рүү орж бөхийн ногоон дэвжээг үздэг байхад дийлэнх нь цэнгэлдэхийн гадна "нар гэрэлтсэн" хуушуураа эргүүлнэ. Нар гэрэлтсэн хэмээн нэрлэхийн учрыг уншигч олон хэлүүлтгүй мэдэх биз ээ. Ямар сайндаа л монгол хуушуурыг А.нимгэн, Б.супер нимгэн, В.ультра хөнгөн гэж гурав ангилна гэсэн шог яриа үүсэх вэ дээ.
Монгол наадмыг хуушуур, айраггүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ жил жилийн наадамд л айраг нь устай холилдсон, хуушуур нь махгүй хэрнээ хэт үнэтэй гэх мэт шүүмжлэл байнга гардаг. Энэ жил ч мөн адил энэхүү уламжлалаа давтлаа. Дор хаяж 2-3 цаг оочерлож, дугаарлан барин авсан зарим хуушуураас мах хайгаад олдохгүй байгаад наадамчин олон багагүй бухимдсан нь харагдаж байлаа. Бүр сүүлдээ зарж байгаа зарим нь хайрч амжихгүй байна, хоёр цагийн дараа хуушуур гарна хэмээн дугаарласан олныг "айлгана". Зөвхөн наадмын бөөрөнхий хуушуур л идэх гэж алтан цагаа баран байж Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог юм хойно айх нь аргагүй биз. Гэтэл эдгээр "гамбир"-ын үнэ 1000 төгрөгөөс эхэлнэ. Зарим нь бүр 3000 төгрөгөөр зарж байсан гэнэ. Дугаарлаж, дугаарлаж ашгүй өөрийнхөө ээлж дээр ирээд хуушуураа захиалаад мөнгөө өгөх гэтэл гурав дахин өндөр үнэ хэлсэн гэнэ. Ингээд наадмын өдрүүд үргэлжлэх бүр 500, 500 төгрөгөөр нэмэгдэнэ гээд бодохоор уур ч хүрмээр юм шиг.
Хуушуур хайх олон дундаас нэгэн эрхэм гэрэлтсэн нимгэн хуушуур нь "ирээдүй гэрэлтэх"-ийг бэлгэдсэн ерөөл агуулна хэмээн бухимдсан шинжгүй зогсож харагдана. Сонирхоод учрыг асуутал "Ядаж л монгол баярынхаа үеэр бухимдахыг хүсэхгүй байна. Өдөр тутамдаа бухимдаж, стрессддэг улс шүү дээ, бид. Ер нь бид л эднийгээ өөгшүүлж байгаа шүү дээ. Хэрвээ эхний хүн хуушуур чинь махгүй юм байна гээд буцаагаад явбал ядаж л дараа, дараагийнхдаа анхаарна" хэмээн хариулсан юм. Үнэхээр ч түүний хэлснээр мөнгөө төлж байгаагийнхаа хэрээр шаардлагаа зөв тавибал засрахгүй гэж үү.
Төв цэнгэлдэх болох Хүй долоон худагт нийт 610 аж ахуй нэгж худалдаа үйлчилгээ явуулж байна. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд гэхэд 400 аж ахуй нэгж байгаа бол Хүй долоон худагт 210 аж ахуй нэгж худалдаа үйлчилгээ явуулж байгаа юм. Эдгээр аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь хуушуур зарах зөвшөөрөл авсан бөгөөд нийт 510 аж ахуй нэгж байгаа гэнэ. Тэд хуушуур хийж чадна гээд зөвшөөрөл авсан болохоос гамбир зарна гээгүй шүү дээ. Ядаж л тэдний хийж, зарж буй энэхүү хуушуурыг гадаадын олон жуулчид “Монголын үндэсний хоол” гэж харж байгаа шүү дээ.