Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам...
Дорнын хөх тэнгэрийг донсолгосон хүлэг морьд нь ирж, дээлтэй наадмын хойморт дархан нум нь эвшсэн Монгол наадам эхэллээ. Энэ жил Тулгар төрийн 2227 жил, Их монгол улс 812 жил, Тусгаар тогтнолын 107, Ардын хувьсгалын 97 жилийн түүхт ой тохиож буй.
Наадмын нээлт 11.00 цагаас сүр жавхлантайгаар эхэлж, Төрийн хөлт есөн цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа.
Үүний дараа баярын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга индэр дээрээс үг хэллээ. Тэрбээр “Наадамчин олон, Монголыг зорчин ирсэн гадаадын жуулчид нөхөд өө. Монголын төрт ёсны их цэнгэл – МОНГОЛ НААДАМД тавтай морилно уу.
Наадамчин олны уухайн түрлэг болсон Монгол наадмын энэхүү хоймроос 812, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 107, Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
Бидний өвөг дээдэс нэн эртнээс морьдынхоо хурдыг, биеийнхээ хүчийг, харааныхаа хурцыг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжүүлж ирсэн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалж яваагийн тод илрэл нь МОНГОЛ НААДАМ юм.
Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа.
МОНГОЛ НААДАМ бол спортын уралдаан тэмцээнээс гадна бидний өв уламжлал, үндэсний соёл урлагийг бахдан харах өргөн боломжийг олгодог цэнгүүн билээ. Монголын дуу гэвэл моторын дуу биш морьтон ардын гайхам соёл, урлаг болохыг хүрэлцэн ирсэн зочид, жуулчид минь дэргэдээс нь харж, мэдрээсэй гэж монгол наадамчид хүсэж байна" хэмээв. Үүний дараа Төрийн есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор эхлэв.
Наадмын нээлтийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар гурав дахь удаагаа найруулж байгаа бол ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллажээ. Энэ жилийн наадмын нээлтээр Монгол аж ахуй, ёс заншлыг илүүтэйгээр харуулахыг зорьсон бөгөөд монгол гэр бүл, түүний үнэ цэнийг харууллаа. Тухайлбал, бүтээн байгуулалт, түүнийг бий болгосон нөр их хөдөлмөр, үндэсний бичиг соёл, байгаль эх, газар шороогоо дээдлэх гэх мэт нийт есөн хэсгээс бүрдсэн байв. Юуны түрүүнд Монголын уламжлалт исэг цагаан идээ буюу хөхүүртэй (20) айраг бүлэх чимээгээр эхэлж, удалгүй он цагийн хэлхээс болсон 12 жилийн бэлгэдлүүдийг түүхэн товчоотой нь түмэн олонд сонирхууллаа.
- "Монголын нууц товчоо” хөлгөн судрыг 1240 оны хулгана жил зохиосон бол
- Монгол Улс 1961 оны үхэр жил НҮБ-ын гишүүн орноор элссэн,
- Их эзэн Чингис хаан 1206 оны бар жил Их Монгол улсыг байгуулсан бол
- 1939 оны туулай жилд Халхын голын дайн болсон.
- 1220 оны луу жилд Монголын эзэнт гүрний нийслэл Хархориныг Орхоны хөндийд сүндэрлүүлж эхэлжээ.
- Хүннү гүрний эзэн хаан Модун шанью могой өдрийг шүтдэг байжээ.
- 1990 оны цагаан морин жилд Ардчилсан хувьсгал өрнөсөн бол
- 2015 оны хонин жилийн эхээр Монгол Улсын хүн ам 3 саяд хүрсэн.
- 1260 оны бич жилд Хубилай их хөгжим яамыг үүсгэснээр Төрийн их найрал хөгжим бий болсон түүхтэй.
- 1921 оны тахиа жилд тусгаар тогтнолоо бататгасан Ардын хувьсгал ялсан бол
- 1130 оны нохой жилд Хамаг Монгол Улсын анхны хаанаар Чингис хааны өвөг Хабул хаан өргөмжлөгдсөн.
- 1635 оны гахай жилд Өндөр гэгээн Занабазар мэндэлсэн түүхийн жимээр наадамчин олныг аялуулсан бөгөөд аяллын төгсгөлд нь Өндөр гэгээн Занабазарын зохиож, галынхаа дэргэд мөнхөлсөн “Алтан СОЁМБО” үсэг төв талбайн голд тодрон мөнхрөв.
Хоёр дахь хэсэг нь Монгол соёл, нүүдэлчин аж ахуй, Монгол бүүвэйн дуугаар эхэлсэн нь Монголчууд улам үржин тэлж өсч хөгжих ирээдүйгээр үл тасрах нь гэсэн санааг түмэн олонд өгч байв. Гурав дахь хэсэгт, Монгол гал голомт бадраах ёсон болон нүүдэлчин монголын нэгэн өдрийн амьдралыг мэдрүүлсэн бол дөрөвдүгээр хэсэгт Боролдой хүү модон морио унасаар гарч ирж, Монголчуудын бахархал болсон эрийн гурван наадмыг хүүхдүүдээр төлөөлүүлэн үзүүлсэн нь нээлтийн нэгэн чимэг байлаа. Үүнийг харсан түмэн олон "Бөх сайхан хэл амгүй, хурдан шуурхай, будлиангүй болж өнгөрлөө" хэмээн хошигнож байсан юм.
Тавдугаар хэсэгт Монгол Улсын агаарын болон төмөр зам, сонгодог урлаг, балет, кино урлаг, УДБЭТ, Мэгжид Жанрайсэг, Сүхбаатар хөлөг онгоц, Монгол Улсын Их Сургууль, барилга байгууламж, эрчим хүч, уул уурхайн салбарын түүх, ололт амжилтыг илэрхийлсэн үзүүлбэр тоглогдсон бол зургадугаар бүлэгт "Торгоны зам", "Цайны зам"-ын түүхийн жимээр аялсан бол долдугаарт, сайхан Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээр илэрхийлсэн юм.
Харин наймдугаар бүлэгт, нээлтийн гол үзүүлбэр болох Монгол гэр бүлийн үнэ цэнийг харуулсан юм. Тухайлбал, 100 нөхөр, 100 эхнэр, 100 хүүхдээр гэр бүлийн аз жаргал, ариун нандин харилцааг төлөөлүүлж, "Дэлхий ээж" дууг жүжигчин Т.Бархүү, дуучин Б.Баярцэцэг, бяцхан дуучин Б.Бат-Энэрэл нар дуулж сонирхууллаа.
Нээлтийн төгсгөл буюу есдүгээр бүлэг Монгол Улсын алтан хилийг хамгаалж буй хилийн цэргүүдийн тоглолтоор үргэлжлэв. “Монгол Улсын дархан хил амар амгалан байна” хэмээн шүлэглэж, цэргийн анги нэгтгэлүүд, энэ цагийн эгэл баатрууд баярын жагсаалаар нээлтийн ажиллагааг өндөрлүүлсэн юм.