Хүн ам цөөтэй ч, өргөн уудам газар нутагтай гэдгээрээ бахархаж амьдардаг улс бид. Гэсэн хэрнээ газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргаан байнга гардаг нь нууц биш. Ийм асуудалтай нэг иргэн бидэнд хандав. Түүний хүсэлтээр бид овог, нэрийг нь олон нийтэд дэлгэхгүй гэсний үндсэн дээр түүнээс дараах мэдээллийг авсан юм.
Иргэн О “Манайх Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд хиамны үйлдвэр ажиллуулдаг. 70 гарсан хөгшин аав минь тэр үйлдвэрийн газрын үндсэн эзэмшигч. Бид саяхан үйлдвэрээ барьцаалж, зээл авах шаардлагатай болоод арилжааны нэг банкинд хандсан юм. Банкны ажилтан бидэнд “Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ өг” гэсний дагуу авч очиход, тэндхийн сүлжээнд манай газар давхар эзэмшигчтэй хэмээн бүртгэгдсэнийг мэдсэн.
Бүр үндсэн эзэмшигч байсан аавыг минь хамтран эзэмшигч болгож “тушаал бууруулаад”, огт танихгүй, 1963 онд төрсөн хүнийг үндсэн эзэмшигч хэмээн бүртгэсэн байлаа. Бидний хадгалж байсан гэрчилгээнд зөвхөн аав минь л байсан шүү дээ. Ингээд нийслэлийн Газрын албанд хандаж, “Ямар ч давхар эзэмшигч байх ёсгүй, өнөөдрийг хүртэл газар эзэмшсэний хураамжаа жил бүр төлж байсан” гэдгээ тайлбарлав.
Гэтэл тэндхийн ажилтан надад “Манай салбарт шинэ сүлжээ нэвтрүүлж байгаагаас шалтгаалаад ийм тохиолдол гарч байгаа. Та 10 дахь хүн нь боллоо. Танайх хамтран эзэмшигчийн бүртгэлтэй юм чинь хураамжаа төлөх ёстой” гэсэн. Аз болж бид эртхэн мэдсэн тулдаа хөөцөлдөж, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар орон, давхар бүртгэгдсэн хүний нэрийг хасуулсан. Аав минь өндөр настай хүн, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол бид дараа нь газраа олж авна гэдэг хэцүү болно. Авч чадалгүй, огт танихгүй хүнд хөрөнгөө алдахыг ч үгүйсгэхгүй биз дээ.
...Системд алдаа гарсан уу, эсвэл мэдээлэл оруулж байгаа мэргэжилтэн буруу шивсэн үү гэдгийг шалгах хэрэгтэй. Харин газар өмчлөл дээр нэр давхардсан бол түүнийг бүртгэл хийж байгаа мэргэжилтэн нягталж шалгасны эцэст салгаж оруулах ёстой. Тэр хүн эзэмшигч мөн, эсэхийг бид мэдэх боломжгүй. Үүнийг системийн алдаа гэж нэрлэх нь өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, санд мэдээлэл оруулах нь системийн алдаа биш...
Байршил болоод үл хөдлөх хөрөнгөтэйгөө тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газар. Нийслэлийн Газрын албаны хүмүүсийн хэлснээр системийн шинэчлэлээс үүдэн алдаа гарсан гэж байгаа ч надад бол өөр асуудал бий юм шиг санагдсан. Учир нь газраа гэнэт л хэн нэгэнтэй хамтран эзэмших болсон хүмүүс ихэвчлэн өндөр настай байгаа талаар зарим хүн хэлэх юм билээ” гэж ярив.
Дээрх иргэний өгсөн мэдээллийн дагуу бид Сонгинохайрхан дүүргийн Газрын албаныхантай уулзаж, энэ талаар тодруулахад “Тухайн иргэний газар эзэмших эрхийг нийслэлийн Газрын албанаас захирамж гарган олгосон бол манай системд тодорхой мэдээлэл харагдахгүй. Манайх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хэрэгжүүлж буй төслийн “Land manager” программд шилжээгүй байгаа. Иймд нийслэлийн Газрын албанаас мэдээлэл ав” гэсэн.
Нийслэлийн Газрын албаныхантай уулзахаар очив. Яг энэ үеэр тус байгууллага хуралтай байсан тул газрын дарга Э.Болорчулуунтай холбогдож чадсангүй. Харин орлогч дарга Д.Нямдаваа нь хуралтай байсан хэдий ч “Яг ийм асуудал программын алдаанаас болж нэг хэсэг гарсан байдаг юм. Гэхдээ энэ бол залруулж болохгүй алдаа биш. Манай Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Галтай уулзаад, мэдээлэл аваарай” гэсэн мессеж явуулсан.
Түүний хэлснээр ахлах мэргэжилтэн Ж.Галтай холбогдоход “Land manager” программыг нэвтрүүлж эхэлснээс үүдэн зарим нэг алдаа гарсан. Тус программыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нэвтрүүлж буй. Манайх бол тус байгууллагын нэвтрүүлсэн сүлжээний хэрэглэгч төдий. Иймд мэдээллийн зөрүү гарсан бол тус байгууллагатай холбогдож тодруулсан нь дээр” гэсэн юм.
Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Баянтүмэн “Манайх 2013 онд улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн “Land manager” программ нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусах юм. Энэ программаар улсын хэмжээнд байгаа бүх газрын нэгж талбарын мэдээллийг засварлаж, кадастрын мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Нийслэлийн хэмжээнд уг системийг нэвтрүүлэхийн тулд өмнө ашиглаж байсан олон төрлийн мэдээллийн сангийн бүх өгөгдлийг нэгтгэн, лавлагаа байдлаар хадгалж байгаа.
Энэ нь өмнө нь байсан мэдээллийн агуулга хэвээрээ боловч нэг дор хадгалагдана гэсэн үг. Иймд иргэд дүүргийнхээ Газрын албанд хандахад тухайн иргэний газар эзэмших, өмчлөх эрхийн талаарх мэдээллийг баталгаажуулж, системийн стандартын дагуу засварлаж байгаа. Өөрөөр хэлбэл, хэдэн онд захирамж гарсан хэр зэрэг хэмжээтэй газар хэн гэдэг хүний эзэмшилд байгааг нягталж, тогтоогоод баталгаажуулна гэсэн үг. Нийслэлийн болон дүүргийн Газрын албаны мэргэжилтэн иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой мэдээллийг бүгдийг нь засварлаж дууссаны дараа нэгбүрчлэн үндсэн мэдээллийн санд оруулж байгаа.
Манай байгууллага улсын хэмжээний газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, хянах, хөтлөх үүрэгтэй. Харин холбогдох хууль журмынхаа дагуу санд байгаа мэдээллийн агуулгад өөрчлөлт оруулах, засварлах эрхгүйгээс гадна худал, үнэн, эсэхийг хариуцахгүй. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүд л бүртгэх, засварлах ажлыг гүйцэтгэн, гэрчилгээг нь олгож буй. Мэдээлэлд нь алдаа гарсан тухай асуудал иргэдэд байгаа бол манай байгууллагад хандан, гомдол гаргах боломжтой.
Бид хянаж үзээд аль газрын, хэн гэдэг мэргэжилтэн хэдэн цагт мэдээллийг нь оруулсныг тогтоож өгнө. Үүний дараа иргэний мэдээллийг буруу оруулсан албан хаагчид хариуцлага тооцох арга хэмжээ авна. Үүнд иргэдэд ямар ч хүндрэл үүсэхгүй. Шинээр нэвтрүүлж буй уг программ зарим тохиолдолд алдаа гаргах нь бий. Гэхдээ үүнийг олон янзаар тайлбарлана.
Системд алдаа гарсан уу, эсвэл мэдээлэл оруулж байгаа мэргэжилтэн буруу шивсэн үү гэдгийг шалгах хэрэгтэй. Харин газар өмчлөл дээр нэр давхардсан бол түүнийг бүртгэл хийж байгаа мэргэжилтэн нягталж шалгасны эцэст салгаж оруулах ёстой. Тэр хүн эзэмшигч мөн, эсэхийг бид мэдэх боломжгүй. Үүнийг системийн алдаа гэж нэрлэх нь өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, санд мэдээлэл зөв буруу оруулах нь системийн алдаа биш” гэж ярив.
Нийслэлийн хэмжээнд одоогоор Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон нийслэлийн Газрын алба нь өмнөх программаа ашиглаж байгаа аж. Бусад дүүрэг нь “Land manager” системийн мэдээллийг ашиглаж буй. Шинэ программ нэвтрүүлээгүй дүүргүүд нь газрын нэгж талбарын хэмжээ, хүн амын нягтаршлаас шалтгаалан шинэчлэл одоогоор хийгээгүй юм байна.
Хувь хүний өмчлөлийн газар гэдэг бол хамгийн үнэт өв хөрөнгө гээд хэлчихэд буруутахгүй. Учир нь газар цагийн эрхээр элэгдэж хорогдохгүй, хугацаа нь дуусаж ашиглалтгүй болно гэж үгүй, бас моодноос хэзээ ч гарахгүй. Үр хүүхдэдээ өвлүүлэх хамгийн том хөрөнгө. Түүнийг аль нэг мэргэжилтний буруугаас болж хэзээ ч харж байгаагүй нэгэнд алдана гэдэг байж болшгүй.
Мэргэжилтэн гэж онцолж буйн шалтгаан нь бидэнд мэдээлэл өгсөн иргэн О-гийн эзэмшлийн газар байрлах дүүрэг нь, эзэмших эрх олгосон нийслэлийн Газрын алба нь ч шинэ системийг бүрэн нэвтрүүлээгүй байгаа гэсэн. Тэгэхээр системийн алдаа биш, хэн нэгний алдаа байж болзошгүй нь. Харин санаатай эсвэл санамсаргүй байдлаар ийм алдаа гаргасан, эсэхийг хуулийн байгууллага л тогтоох байх.
Нас өндөр болсон хүний газарт хамтран эзэмшигчээр нэрээ шургуулчихаад, бурхан болсных нь дараа эзэн сууна гэх атгаг санаа агуулж байхыг ч үгүй гэх газаргүй. Үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг дээ. Үр хүүхэд нь яаж ч заргалдаад тусыг олохгүй нь дамжиггүй.
Учир нь ил болоогүй л болохоос иймэрхүү байдлаар үл хөдлөх хөрөнгөө алдсан тохиолдол байдгийг сонссон юм байна. Тэгэхээр иргэд ээ, ялангуяа өндөр настнууд аа, өөрийн тань эзэмшлийн газарт танихгүй хүн “туулайчилж” яваа юм биш биз. Шалгаад үзэхэд юуны гарз байх вэ.