Монголын эдийн засгийн нэгэн тулгуур багана болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайчид 40 сая дахь тонн нүүрсээ өнгөрөгч долоо хоногт олборлож, түүхэн амжилтын эзэд боллоо. Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 2-ны өдөр болсон энэ үйл явдал нь уул уурхайн салбар төдийгүй эдийн засагт томоохон эерэг нөлөө үзүүлэв.
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайчид 2011-2016 онд 20 сая тонн нүүрс олборлож байжээ. Тэгвэл үүнээс гурав дахин бага хугацаанд буюу сүүлийн хоёр жилд 20 сая тонн нүүрс олборлолоо. Энэ нь хэн нэгэн шидтэн хийгээд өгчихсөн ажил биш, уурхайчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн билээ. Хэдийгээр Монголдоо хамгийн их хэмжээний нүүрс олборлож чадсан хамт олон хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” компани дөнгөж гараанаасаа хөдөлж байна.
Жорк стандартаар нийт 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг бараг дангаараа эзэмшдэг эл компани цаашид хэдэн арван жил ажиллаж, саяар бус, тэрбум тэрбум доллароор хэмжигдэх орлого олж, иргэн бүрт хувь хүртээн, 1072 хувьцааг “амилуулах” учиртай.
Иргэдийн өдөр тутамд асуудаг асуултын нэг нь яах аргаггүй 1072 хувьцаа агаад яаж бүртгүүлэхээс эхлээд ногдол ашиг өгөх эсэх, хэзээ гээд тодруулах зүйл мундахгүй. Харин энэ асуултад хариулт өгөхөөр “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг нээн, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч эхэлсэн нь цагаа олжээ.
Шинэхэн амжилтын эзэн болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан их ачаа тээн, хол замд мордохоор зэхэж байна. Тэд нүүрс баяжуулах үйлдвэрээ барьж, төмөр зам, авто замаа тавьж, усан хангамжаа шийдвэрлэж, цахилгаан станцаа байгуулснаар дэлхийд өрсөлдөх замаа тодотгож, улсынхаа эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах “нигууртай”.
...Нүүрсээ үнэд хүргэх, баялгаа үр өгөөжтэй ашиглах, дэд бүтэц, үйлдвэрүүд байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Нүүрс угаах үйлдвэр барихад барагцаагаар хагас тэрбум “ногоон” олох хэрэгтэй болно. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн биржид борлуулж, хөрөнгө оруулалт татах шийдвэрийг УИХ-аас хэдхэн хоногийн өмнө гаргав...
Тэднийх жилд 20 сая тонн нүүрс угаах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж жилд 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Баяжуулах үйлдвэр барьснаар олон зуун ажлын байр шинээр бий болж, нүүрсний үнэ өсгөх, өртөг шингэх олон давуу талтайгаас гадна газрын хэвлийн баялгаа үр ашигтай ашиглах зөв шийдвэр юм.
Зардал өндөр гардаг учраас нүүрсээ тээвэрлэх өртгөө багасгах нь олборлогч компаниудын “толгойны өвчин” болдог. Ялангуяа автомашинаар хол замд нүүрс тээвэрлэх нь өндөр зардалтай. Тиймээс дэлхийн томоохон компаниуд нүүрсээ төмөр замаар тээдэг жишигтэй. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан төмөр замын төслөө хөдөлгөхөөр “Монголын төмөр зам”-ынхантай хоршиж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн дутуу барьсан төмөр замыг гүйцээхээр сэтгэл шулууджээ. Төмөр замтай болчихвол нэг тонн нүүрс тээвэрлэх зардлыг 10 гаруй ам.доллароор багасах тооцоо бий.
Он гарснаас хойш БНХАУ-аас Ганцмодны боомтынхоо нэвтрүүлэх хүчин чадлыг багасгах бодлого баримтлах болсон. Гол худалдан авагч хөрш улсын зарим нэг оновчгүй бодлогын харгайгаар нүүрсний экспорт буурч, боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн олон арван км үргэлжилсэн цуваа үүсэж, олны анхаарлыг татаад амжсан.
Хил дээр үүссэн түгжрэлийг бууруулах, тээврийн жолооч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тээврийн эрчмээс хамааралтай осол, зөрчлийн тоог бууруулахын тулд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замтай зэрэгцүүлэн давхар зам тавих асуудал шийдэгдэх шатандаа оржээ. Ингэснээр жилд экспортолж байгаа нүүрсний хэмжээ хоёр дахин өсөх боломжтойг Монгол Улсын Засгийн газраас зарлаад буй.
Мөн Тавантолгойгоос Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомт руу 400 орчим км авто зам тавивал “Эрдэнэс Тавантолгой” жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэсэн тооцоо хийжээ.
Нүүрсээ үнэд хүргэх, баялгаа үр өгөөжтэй ашиглах, дэд бүтэц, үйлдвэрүүд байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Нүүрс угаах үйлдвэр барихад барагцаагаар хагас тэрбум “ногоон” олох хэрэгтэй болно. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн биржид борлуулж, хөрөнгө оруулалт татах шийдвэрийг УИХ-аас хэдхэн хоногийн өмнө гаргав. Ийнхүү шийдвэр гарснаар Монголын төдийгүй, дэлхийн хэмжээний том төсөл хөдөлж эхлэх нь тодорхой боллоо.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Ордын нөөцийн нэгдсэн тайлан, Цанхийн зүүн, баруун уурхайн болон нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, мөн компанийн болон нөөцийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх ажлуудыг эхлүүлсэн, дотоодын хөрөнгийн биржид есдүгээр сард багтан гарч, төмөр зам, авто зам тавих, баяжуулах үйлдвэр барих, ажилчдын болон оффисын барилга байгууламж, туузан дамжуулгын систем нэвтрүүлэх зэрэг олон ажил, төсөл хөдөлж эхэлсэн.
Энэ нь манай компанийн үнэлэмжийг өсгөж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Бид төлөвлөсөн хугацаандаа олон улсын зах зээлд хувьцаа гаргаж, нэмэлт хөрөнгө оруулалт татах, шаардлагатай бэлтгэл ажлуудыг бүрэн хангахын тулд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа” хэмээн мэдээлэл өгчээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байдаг. Тэгвэл энэ жил 560 тэрбум төгрөг, түүнээс ч дээш хэмжээний ашигтай ажиллах төсөөлөл харагджээ.
Энэ нь компанийн гүйцэтгэх удирдлага саяхан Хятадын “Чалко” компанитай хэлэлцээр хийж, Цанхийн зүүн уурхайн нүүрсний үнийг 1.70 ам.доллароор өсгөн, 61 “ногоон”-д хүргэж, Баруун Цанхийн нүүрсний үнийг 70 ам.доллароос давуулж тогтоосонтой холбоотой. Юутай ч Ганцмодны боомтоос борлуулж байгаа угаасан нүүрсний хэмжээнд уурхайн аман дээрх харьцуулсан үнэтэй дөхүүлж чадсан нь жилд олох орлогоо чамлахааргүй нэмэгдүүлснээс гадна үнийн өсөлтийн хувьд том “ялалт” авчирсан нь дамжиггүй.
Ажил нь алхам алхмаар урагшилж буй энэ хамт олны төлөвлөсөн ажил, хийх бүтээн байгуулалт, эхлүүлэх төслүүд нь хөдөлж байж эх оронд илүү өгөөж авчрах нь тодорхой. Компани анх удаа Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээг 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр үзэглэснээр орон нутагт “Эрдэнэс”-ээр овоглосон сургууль, цэцэрлэг, гудамж, талбай, авто зам барих төдийгүй, их хэмжээний тоосжилтод өртсөн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийнхан эрсдэлээс хамгаалагдах нөхцөл бүрдэж, байгаль орчин, нөхөн сэргээлтийн олон ажил төлөвлөгдөн, хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтай.
“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын хамгийн олон буюу гурван сая хувьцаа эзэмшигчтэйн хувьд 1072 хувьцааг “амь оруулж”, улс орны эдийн засагт өсөлт авчирч, хөгжил дагуулж чадвал дэлхийд монголчуудыг төлөөлөх санхүүгийн нэрийн хуудас нь болох бүрэн боломжтойг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.