Хариуцлагатай үе ирлээ. Шөвгийн найман багийн өрсөлдөөн өнөөдөр 22.00 цагт Франц, Уругвайн тоглолтоор эхэлнэ. Францыг эхэнд бичсэн нь учиртай. Хүчээр арай л илүү гэж. Гэрээрээ дүүрэн суперууд, үүдээрээ битүү мундгуудтай баг л даа. Олон одын буянг эдлээгүй баг байгаа байгаа, энэ ДАШТ-д. Герман, Испани, Аргентин гээд. Тэднээс ялгарах Францын онцлог нь магтуулж гялалзаад, бахархуулж тодроод байгаа хөлбөмбөгчдөө хайрцаглаж чадсан явдал юм.
Дидье Дешам багаа зургаан жил дасгалжуулсных хэний омгийг яаж дарж, алины тоглолтыг хэрхэн зүглүүлэх вэ гэдгийг маш сайн мэднэ. Тийм болоод л хүн дарамталж томорсон Бенземаг жийж, урилга нэхэж пээдийсэн Рабьог үлдээж зүрхэлсэн. Багийнхаа венийн судсыг ингэж барьж чадаж байгаа нь бусдаас ялгарах түүний давуу тал. Тиймээс цэгцэнд орж, журманд базуулсан баг ажлаа зохих ёсоор хийгээд л явахад Уругвайг хожихгүй гэх магадлал туйлын бага.
Харин түүхэн талаас авч үзвэл Уругвайн шигшээ Францыг илт давамгайлж буй. Асуудал тэртээх 1924 оноос эхтэй. Тэгэхэд Латин Америкууд 5:1-ээр бусниулсан. Нийт найм тоглохдоо гуравт нь хожиж, нэг удаа л хожигдсон байдаг. Тэнцсэн дөрөвтөө Францаас илүү байсан статистик дурайж л байна. Хамгийн сүүлд, таван жилийн өмнө нөхөрсөгөөр тоглоод мөн л хожсон. Энэ бүгдээс харвал Уругвайд боломж байгаа ч юм шиг. Гэвч...
Хожих эсэх нь Каванигаас шууд шалтгаалаад байна. Португальтай хийсэн тоглолтод авсан гэмтэл нь олигтой эдгээгүй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Хэрэв тэрбээр гараанд тоглохгүй бол баг нь дор хаяж 45 минут хамгаална гэсэн үг. Сэлгээгээр гарлаа гэхэд багтаа тус болж чадах эсэх эргэлзээтэй. Насаараа үндсэнд тоглож дадсан хүн шүү дээ. Сэлгээгээр гарч тоглолтын хэмнэлд уусна гэдэг алтан сэлгээнийхэнд л байдаг чадвар. Кавани уусч чадлаа ч тоглолтын тооны харьцаа ямар байж таарах юм. Ямартай ч Уругвайн довтолгооноос гадна хамгаалалт ямар түвшинд байх нь Кавани тоглох эсэхээс хамаарах нь тодорхой.
Хамгаалалтыг дурдсаны учир нь Кавани Суаресыг бодвол илүү өргөн орон зайд зүтгэж, хар бор ажилд олон оролцон багийн ерөнхий зохион байгуулалтад өндөр үүрэг хүлээж ирсэн. Бөмбөг таслах ажилд оролцож л байна, довтолгоонд шилжих найруулгыг хийж л байна. Гоол оруулах хариуцлагаа ч хангалттай үүрч яваа. Тиймээс сэтгүүлчид Уругвайн багийг шөнө, өдөргүй отон хүлээж байна, Эдисон тоглох болов уу гэж. Дасгалжуулагч Оскар Табарес болохоор “Тоглолтын өмнө хэлнэ” гээд илүү үг ширхэгийг ч унагахгүй байгаа. Сайн сюрприз барих нь уу, таагүй мэдээ хэлэх нь үү? 22.00 цагийг л хүлээе.