-Эрх баригчид хүүхдийн хадгаламжийн хүүгээс татвар авахдаа амлалтаа мартаж, уул уурхайн асуудлыг ярихаараа ой санамж нь сэргэдэг-
Дэлхийн гадаргын 75 хувийг ус эзэлдэг ч үүний ердөө ганцхан хувийг хүн төрөлхтөн хуваан хүртэх боломжтой. Манай улс цэвэр усны нөөц багатай орны тоонд ордог хэрнээ бид хэтэрхий цамаан. Газрын гадаргын болон гүний цэнгэг усаар нүүрс, алт угаадаг манайханд ашигласан усаа цэвэршүүлж, дахин хэрэглэх талаарх ойлголт өнөөг хүртэл бүрэн суугаагүй л байна. “Ус бол үнэ цэнэгүй зүйл”, “хар ус” гэх хандлагаасаа салж чадахгүй эргэлдэж байх зуурт бидэнд усны хомсдол өдөр өдрөөр ойртож буйг анзаарч байгаа нь цөөн.
Говьд ан амьтад харангадаж үхсэн шимшрэм дүр зураг улам олширч байхад хангайд гол мөрний ай сав дагасан алтыг олборлохын тулд голдирлыг сэндийчин, ухсаар л байгаа. Уул уурхайнхан ус ашигласны төлбөрт өгдөг цөөн хэдэн төгрөгөө их юманд тооцдог. Манай улсад ус ашигласны төлбөр Японынхоос 35, Германынхаас 30, АНУ-ынхаас 25 дахин бага. Усанд яаж хайр гамгүй ханддагийг зах зухаас нь өнгөцхөн дурдахад ийм.
Хаврын чуулган завсарлахаас өмнөх хоёр өдөрт УИХ-аар 30 шахам асуудал хэлэлцсэн. Хууль тогтоогчид улс орны эрх ашигт нийцэхгүй, олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулахуйц, илт сонирхлын зөрчилтэй, асуудал дагуулахуйц хууль, тогтоомжийг баяр, наадам, амралт, зугаалгын улиралтай давхцуулж, нэг амьсгаагаар “бөөндсөн” олон асуудлын дунд шургуулан батлуулдаг “дүрэм”, тактиктай. Үүнд нь ч иргэд бүр дасчихсан, “Энэ олон хуулийн дотор юу л нуусан бол доо” хэмээн энгүүн тайвнаар ярилцаж суудаг билээ. Энэ удаагийн хөл толгой нь мэдэгдэхгүй олон хуулийн дунд шургуулсан, шургуулахыг завдсан зүйлс эхнээсээ тодорч байна. Түүний нэг нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хоёрдугаар сарын 9-нд өргөн барьснаас хойш сураг алдарсан уг төслийг хаврын чуулганы сүүлчийн өдөр батлах гэж хууль тогтоогчид чадлаараа зүтгэв. Хаана л таагүй асуудал байна, тэнд нэр нь холбогдож явдаг А.Сүхбат гишүүн уг төслийн ажлын хэсэгт ажилласан бөгөөд нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын өмнүүр оруулж батлуулах гэж их л идэвхийлж харагдсан. Тэр “оочер” дайруулж чадсан ч батлуулж чадаагүй. Багагүй хардлага, сэрдлэг дагуулсан уг төслийг ирэх намрын чуулганаар эцэслэн шийдэхээр буцаасан юм.
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЯАГААД ХАРДЛАГА ДАГУУЛАВ
УИХ 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны 03 тоот тогтоолоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг Засгийн газарт өгсөн. Гэтэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийджээ. Уг төсөл нь хаягдал усанд агуулагдаж буй бохирдуулах бодист төлбөр ногдуулах зорилготой. Хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөргөөр нөлөөлөх болсон.
Тиймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттайгаар бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжсэн, ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байна гэж хууль санаачлагчид үзэж буй.
Гэхдээ гуя дагуулж хүзүү гэдэг шиг ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгоно гээд төлбөрийг багасгаж буй нь хардлага дагуулахаас аргагүй юм. Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулах нь уг төслийн гол зорилго, амин сүнс. Энэ шийдлээ БОАЖЯ-ныхан юу гэж тайлбарласан гээч. “Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэж байгаа.
Үүнтэй уялдуулаад ус бохирдуулсны төлбөрийг өөрчилснөөр аж ахуйн нэгжүүдэд очих эдийн засгийн дарамтыг багасгаж, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой” гэсэн. Арай ядан амьдралаа залгуулдаг дундаж давхаргынхны цалин, 20 мянган төгрөгөө дансандаа хадгалдаг хүүхдийн хадгаламжийн хүүгээс татвар авахдаа амлалтаа мартчихдаг эрх баригчид уул уурхай, арьс, шир боловсруулах гэх мэтийн байгаль экологид халтай үйлдвэрүүдийн асуудлыг ярихдаа ой санамж ийм сайтай, уян зөөлөн болдог байх нь.
Хууль санаачлагчид ус бохирдуулсны төлбөрийг бууруулах оролдлогоо тайлбарлахдаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг голлон ярьж, төлбөр төлөх үндсэн бааз суурийг өргөжүүлэх талаар ухуулж буй. Нэг том зорилго нь энэ мөн байх. Гэхдээ үүний цаана уул уурхай гэж гол салбар, усны хамгийн том дайсан байгааг мартчихна гэж баймгүй.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль өнөө хүртэл хэрэгжээгүйг уул уурхайнхны лоббитой холбож тайлбарлах хүн байдаг. Өнөөдөр ус бохирдуулсны төлбөрийг ийм их хэмжээгээр бууруулахаар зүтгүүлж буйн цаана ч тэд бий хэмээн хардаж буйгаа иргэний хөдөлгөөний төлөөлөл аль хэдийнэ илэрхийлээд амжсан. Яагаад гэвэл ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулснаар уул уурхайн компанийнхан л хамгийн их хожно.
Арьс, ширний үйлдвэр олон уу, алтны уурхай олон уу, ноолуур угаах цех их ус хэрэглэх үү, нүүрс угаах үйлдвэр их ус хэрэглэх үү гэхэд л энэ нь тодорхой болно. Уул уурхайн салбар энэ төлбөрийг төлөх гол субъект байх нь ойлгомжтой. Харин гол мөрний хамгаалалтын бүсэд шламны нуураа байгуулж, голын цэнгэг усаар алт угаадаг, ашигласан усаа дахин хэрэглэлгүй, тэр ч бүү хэл тунгааж цэвэршүүлэлгүй, шууд гол руу асгадаг, Туул голд драйгер хөвүүлж, байгаль орчинд асар их хөнөөл учруулдаг тэдэнд мал аж ахуй, газар тариалантай адилхан нөхцөл олгох нь зөв үү. Том нь том хожиж, бага нь бага хождог зүй тогтлоор уул уурхайн томоохон компаниуд л энэ хөнгөлөлтийн үр ашгийг хамгийн их хүртэнэ.
ЗӨРЧИХ ГЭЖ Л ХУУЛЬ БАТАЛДАГ УУ
Уг нь өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2012 онд УИХ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан юм. Засгийн газар ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тооцож, тогтоох журам баталж байж уг хууль хэрэгжих ёстой байсан ч үүнийгээ хийлгүй нэг хэсэг алгуурлаж, тэгснээ эдийн засгийн хүндрэл гэх мэтийн аар саар зүйлээр шалтаглан хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.
Өөрөөр хэлбэл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдаад зургаан жил болсон ч огт хэрэгжээгүй, нэг ч аж ахуйн нэгжээс ганц ч төгрөгийн төлбөр аваагүй юм. Өчнөөн зардал чирэгдэл болж, цаг зав зарцуулж хууль батлаад, түүнээ хэрэгжүүлж, хэрэглэхгүй таг мартаж орхидгийн нэг жишээ энэ. Хуулийг дагах гэж биш, зөрчих гэж баталдаг гэсэн шог яриаг бидэнд зориулсан мэт.
Баталсан хуулиа хэрэгжүүлье гэж боддоггүй, хэрэгцээ, шаардлага гарвал хуулиа мөрдөхийг бус, нэмэлт, өөрчлөлт оруулж, нөхцөл байдалдаа тааруулахыг урьтал болгодог учраас л манайд хууль юу ч биш болж хувираад байгаа. Хуульд захирагдах бус, түүнийг өөрсдөдөө тааруулан өөрчилсөөр байвал эрх зүйт нийгэм тогтож төлөвших тухай ярилтгүй билээ.