2018 оноос өмнө, хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтуудыг үзэлгүй өнгөрөөх улс олсон байлаа. Том багууд нь буурайгаа зажлахгүй залгих нь тодорхой гээд. Гэтэл өнөөдөр байдал тэс өөр болж. Буурай нь томчуудаа араас нь хэмлээд, урдаас нь мэрээд идчихэж байна шүү. Үүгээрээ энэ ДАШТ онцлогтой, бас сонирхолтой. Тэмцээний нээлтийн тоглолт ОХУ-Саудын Арабаас эхлээд өчигдрийн Бельги-Японых хүртэлх тоглолтууд бүгд өрсөлдөөний дээд байж, тэмцлийн туйл байлаа. Ганц тоглолтыг үзэлгүй өнгөрөөхөд л нэг том үйл явдлаас хоцорчихож байна. Өчигдөр л гэхэд, “Шөнийн 02 цагт гарах юм байна, хэн хожих нь ойлгомжтой” гээд унтсан нөхөд өнөөдөр өглөө “Алаан болжээ. Хайран юм” хэмээн халагласаар босч ирлээ. Бичлэг ухрааж үзээд ч амтгүй шүү дээ. Live бол live л байдаг.
Ингээд гурван долоо хоногийн дараагаар баахан томчууд гэртээ харилаа. Эхлээд Аргентин авралгүй хожигдож алмайруулсан, дараа нь Герман хэсэгтээ гацаж цочроов, удаад нь Испани “автобусдуулаад” зогслоо. Орчин цагийн хөлбөмбөгт 1137 дамжуулалтын рекорд тогтоогоод ч хожихоо байж. Томчуудыг хожиж мандаад байгаа сюрприз багуудын байр байдлыг харваас гол чиг баримжаа нь биеийн хүчний бэлтгэлжилтэд суурилжээ. Тэсвэр тэвчээрийг бэхжүүлж, гүйлтийн хурдыг нэмэх нь тэргүүн зорилт гэсэн барилыг олонх дундаж багийн дасгалжуулагчид баримталж тэр аргаар тоглогчдоо ДАШТ-д бэлтгэжээ. Үүний тод жишээ бол Станислав Черчесов. Түүний тоглогчид хоёр жилийн турш зах замбараагүй гүйлдсэн. Баахан хожигдсон. Чансаа нь ч урьд байгаагүйгээр дордсон. Үүнээсээ болж гурван жил хэвлэл мэдээллээр балбуулж, хэл амаар доромжлуулав шүү дээ. Гэтэл үр дүн нь ДАШТ-ий шөвгийн найм.
Ийм тааруу баг тийм том амжилт гарна чинээ хэн ч таамаглаагүй. Оросын багийн нууц нь тэвчээр, хурд. Багтаа тавьдаг Черчесовын шаардалга нь ердөө энгийн. Эхлээд нам хамгаал, дараа нь довтолгоонд хурдан шилж. Тактик нь ч эгэл. Өрсөлдөгчөөсөө хамаарч 4 хамгаалагчтай эсвэл 5-тай тоглохоо шийднэ, гүнээс прессингдэх үү, урдаас шахах уу гэдгээ сонгоно. Шөвгийн 16-д Испанийн эсрэг 5 хамгаалагчтай тоглосон, онолын хувьд л даа. Практик дээр бол 11-үүлээ л хамгаалсан, тэгэхдээ бүр гүнээс. Учир нь хүчирхэг Испанид гоол оруулах нь Черчесовын эхний зорилго байгаагүй, гагцхүү бөмбөг алдахгүй л байх ёстой. Тэгж чадваас пенальтаар хожно гэж тооцжээ. Оросууд тэвчсэн, тэсвэрлэсэн. Пенальтаа ямар оновчтой цохив, бөмбөгөө ч ямар итгэлтэй хаав. Мэдээж, “автобусдах” барил хөлбөмбөгийг муухай харагдуулж буй. Гэвч ийм том тэмцээнд хожил чухалчлагдаж, хожим ялалт дурсагддаг болохоос гоё тоглолт, чамин үзүүлэлт хэзээ ч дурдагддаггүй билээ.
Японы шигшээгийн суурь бэлтгэл Оросынхтой ижил. Гэхдээ Черчесовыг бодвол Нишино зоригтой байлаа. Хурдан довтолгоонд ганц нэгээрээ бус хэд гурваараа, бүр тав зургуулаа шилжих нь өндөр үр дүнтэй гэдгийг тэрбээр багийнхандаа сайтар ойлгуулсан. Биеэр толгой өндөр, чадлаар хамаагүй илүү өрсөлдөгчдийнхөө эсрэг автобусдаад байвал олон гоол алдах эрсдлийн үндэс гэж тэрбээр үзсэн. Тиймээс ази хүмүүсийн шаламгай чанарт тулгуурлаж тоглохын тулд багийнхаа тэсвэр тэвчээрт дээд түвшинд анхаарчээ. Үүний дүнд баг нь эцэж цуцашгүй гүйж, хугарч нугаршгүй тэмцсээр дэлхийд үнэлэгдсэн дөрвөн сайхан тоглолтыг хийлээ. Ийм хэмжээнд бэлтгэгдсэн багийг Кагава ухаанаараа удирдаж, Хонда дамжуулалтаар цэнэглээд ирүүт амттай гэж ванлий. Гэвч түүхэн ялалтыг байгуулдагийн даваан дээр өчигдөр харамсалтай ялагдлаа. Бельгийн дасгалжуулагч хоёрдугаар давхраар довтлох гэж 188 см өндөртэй Шадли, Феллайниг талбайг гаргахад Нишино ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Гэтэл өнөөх хоёр нь Японыг хожигдолд хүргэсэн. Эрхэм Нишино алдаагаа тоглолтын дараа хэлнэ лээ, түүхэн ялалтыг би үгүй хийчихлээ гэж.
Харин тоглолтын чансаагаар сюрприз барьсан баг бол Мексик. Тэд өнгөтэй байна. Хурдтай гэж жигтэйхэн. Хорват шиг уран ч тоглолоо. Энэ бол дасгалжуулагч Хуан Карлос Осориогийн гавьяа. Тэрбээр багаа гурван жил удирдахдаа Чилид 0:7-оор хожигдсон зэрэг олон бартааг туулсан. Гэлээ ч шүүмжлэл, дайралтыг үл анхааран туйлын зорилгодоо үнэнч байсны нь үр дүнд ДАШТ-д чамлахааргүй амжилтыг гаргалаа. Тиймээ тийм, тэд шөвгийн 16-д хасагдсан. Гэхдээ хэсэгтээ яаж тоглосныг нь мартаж болохгүй. Ямар их хүч зарцуулж, тэвчээр гаргасныг нь үгүйсгэж болохгүй. Дэлхийн аварга болж мэдэх Бразилийн эсрэг нэр төртэй тэмцэж, нэр цэвэр ялагдсаныг нь ч онцлох ёстой.