Орчин цагийн хөлбөмбөгт од болон гялалзаж буй залуус олон бий. Тухайлбал, Мбаппе, Алли, Лукаку, Сане. Гэхдээ тэднээс илүү тодрон буй тоглогч бол Харри Кэйн юм. Идэр насандаа машин болно гэдэг Месси, Роналду нарын л хийж чадсан ажил. Тэгвэл Кэйн 24 насандаа “Супер бомбардир” хэмээн нэрлэгдтлээ хөгжин дэвжлээ. 2017 онд 52 тоглолтод 56 гоол оруулж агуу Мессигийн ноёрхлыг зогсоосон. Өнөөдөр ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтыг 5 гоолтой тэргүүлж байна. Агуу Роналду ард нь л явна. Тиймээс Харри Кэйн 2018 оны ДАШТ-д хамгийн тодоор гялалзах одоор нэрлэгдэж байна.
Аавын талын угшлаараа Кэйн ирланд үндэстэн юм. Гэлээ ч төрж, өссөн улс Английгаа сонгосон. Английн шигшээд тоглох нь хар багын мөрөөдөл гэдгээ эрт зарласнаар Ирланд улс түүнийг булаацалдах шаансгүй болсон. Лондоны зүүн-хойно орших Чингфорд бол түүний төрсөн дүүрэг. Гэрээс нь 20 минутын зайд “Тоттенхэм” клубийн цэнгэлдэх “Уайт Харт Лейн” орших. Сурсан сургуульд нь Дэвид Бекхэм цагтаа суралцаж байв. Хичээллэсэн багт нь Бекхэм мөн бэлтгэлээ хийдэг байсан. Гэвч хөлбөмбөгийн онолыг анх заасан баг нь “Тоттенхэм” бус “Арсенал” байлаа.
Гэхдээ тэнд удаагүй. Ирээдүйгүй гээд академи нь багаасаа түүнийг хассан бөгөөд энэ шийдвэрийг алдарт дасгалжуулагч Арсен Венгер хожмоо “Хамгийн тэнэг шийдвэр” хэмээн дүгнэсэн юм. Ирээдүйгүй гэгдээд баггүй болж байсан хүү өнөөдөр өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчин болсонд мэдээж авьяас нөлөөлсөн байж таараа. Энэ авьяасыг ээжээсээ авсан гэж Харри үздэг. Учир нь ээжийн талын удамд нь сайн хөлбөмбөгчин байжээ. Бурханаас заяагдсан энэхүү авьяасыг хэрхэн хөгжүүлэх аргад суралцуулсан хүн нь Тедди Шерингем. Цуутай довтлогчийн арга барил, ур чадварыг Харри хүү нэвт судалж, шувт дуурайдаг байсан нь хожим хүрэх өндөрлөгийн үндсэн суурь болжээ. Бага насанд нь дасгалжуулж байсан Алекс Инглторпын ярьсанаар Кэйн их л эв хавгүй хүү байсан бөгөөд уйгагүй хөдөлмөрийн үр дүнд энэ дутагдлаа давуу чанар болгон хөгжүүлсэн байна.
“Тоттенхэм”-ын гол тоглогч болох зам нь дардан байгаагүй. 2010 онд мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулсан авч багийн удирдлагын анхаарлыг татаж чадсангүй. Тоглолтын туршлага суух гэж гурван улирлын турш өөр багт зээлээр тоглов. Олон ч багт очсон, “Лейтон Ориент”, “Миллуолл”, “Норвич”, “Лестере” гэх мэт. Гэвч “Норвич”-ийн дасгалжуулагч л түүний нээгдээгүй авьяасыг олж харан тоглолтод тогтмол оролцох боломжийг олгосон гэдэг. Ингэж тэнүүчилж явсаар төрөлх “Тоттенхэм”-ийнхээ үндсэн бүрэлдэхүүнд тоглох боломж нэг өдөр олдлоо. 2011 оны 8-р сарын 25-нд Аваргуудын лигийн тоглолтод дасгалжуулагч залуучуудаа тоглуулахад Кэйн муугүй тоглосон ч үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй. Торгуулийн цохилтыг алдаж буудсан. Гэхдээ мэргэжилтнүүдийн анхааралд өртөж амжжээ. Talksport сонин “Мэргэн бууч болж чадахаар хүү байна. Гэхдээ туслах үүрэгтэй довтлогчоор тогуулвал амжилт олж магадгүй” хэмээн бичиж байв.
Английн мэргэжилтнүүд тоглолтын хэв маягаар нь Кэйнийг Юрген Клинсманнтай зүйрлэдэг. Зарим нь Тедд Шерингемтэй адилтгах. Түүний гоолын давтамжийг статистикаар харвал сүүлийн дөрвөн жилд 0.62, 0.66, 0.97, 0.98 хэмээн өссөөр ирлээ. Супер өсөлт. Үүнээс цааш хөгжих зам байхгүй мэт. Английн хамгийн хатуу үгтэй мэргэжилтнүүд хүртэл түүний өсөлт хөгжлийг гайхаж байна. Энэ залууд дутагдал гэж алга хэмээн шагширч байна. Английн домогт Гарри Линекер тодорхойлохдоо “Хэр хол зайнаас цохих нь түүнд асуудал биш. Роналду шиг дуртай газраасаа өшиглөж байна. Тэр нь гоол болж байна” хэмээжээ.
Үнэхээр ч тэрбээр гоолыг нэг, нэгээр бус хоёр, хоёроор нь бөөнддөг болсон бөгөөд хийсэн гоол бүрт нь Английн ард түмэн тэр аяараа баярладаг. Ялангуяа Премьер лигийн 2015-2016, 2016-2017 оны улирлын мэргэн буучаар дараалан шалгарахад нь “Линекер, Ширерийг залгах довтлогч ашгүй төрлөө” хэмээн магнай хагартал баярласан. Хэрэв Салах галзуурч 32 гоол хийгээгүй бол 30 гоолоороо Кэйн шилдэг довтлогчийн цолоо энэ жил хамгаалах л байлаа. Өдгөө тэрбээр хамгийн эрэлттэй хөлбөмбөгчин болсон. “Реал”, “Барселона”, “ПСЖ”, “Ман Сити”, “Бавари” зэрэг шавхагдашгүй хөрөнгө зоорьтой багууд хувьсгалын тохироо бүрдэх мөчийг анаад сууж байна. Гэвч “Тоттенхэм” хий гаргахгүй байсаар супер довтлогчтойгоо гэрээгээ сунгаж чадав. Одоо түүнийг авахын тулд баян багууд 227 сая еврог төлөх ёстой.
Кэйн өмнө нь том тэмцээнд ганц удаа л оролцож байсан. Гэвч 2016 оны Европын АШТ-ий дөрвөн тоглолтдоо нэг ч гоол хийж чадаагүй. Францад олигтой тоглоогүй уураа Орост гаргаж байна. ДАШТ-ий хоёр тоглолтод хийсэн 5 гоол нь цаашаа хэд болж олшрохыг бүү мэд.