“Монголын дунд сургуульд докторын зэрэгтэй багш хичээл заадаг гэдгийг гадаадынхан дуулбал биднийг ёстой биширч гүйцнэ. Гадаадад бол доктор нь эрдэмтэй, мэдлэг чадвартай чухам мундаг хүн. Тэдний төсөөлдөг шиг тийм хүмүүсийг дунд сургуульд багшлуулж буйдаа Монгол Улс ичих хэрэгтэй. Бүр нүүрээ нуух ёстой” хэмээн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Гавьяат багш Ж.Баянсан ярьсан удаатай.
Түүний үгнээс ёгтолсон өнгө аяс, егөөдөл мэдрэгдэж байгаа биз. Монгол Улс ялих шалихгүй докторуудын орон болсныг тэрбээр ийн шүүмжилсэн хэрэг. Доктор (Ph.D) сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчтэй лут байгууллага манай салбарт ч бишгүй. Докторын зэрэгтэй цэцэрлэгийн багшаар эрдэм ном заалгаж буй азтай хүүхдүүд хүртэл байна, цаана чинь.
Хамгийн хөгтэй нь өдгөө манайд яг хэчнээн доктор (Ph.D) төрөн гараад байгаа тухай тоймтой статистик мэдээлэл өгчих газар алга. Ямартай ч БСШУСЯ-наас авсан мэдээллээр 2017-2018 оны хичээлийн жилд 3616 хүн төрийн өмчийн сургуульд докторын зэрэг горилон суралцаж буй аж. Зөвхөн энэ хавар гэхэд 1637 доктор төгсөн гарч байгаа юм байна, төрийн өмчит сургуулиудаас.
Хувийн сургуулиудад 679 хүн докторантурт суралцаж буйн 144 нь 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгч гэнэ. Үүн дээр улсын сургуульд шинээр элссэн 443 хүнийг нэмбэл дэд эрдэмтэн болохын төлөөх “донтолт” манайд хэр зэрэг газар авсныг харуулна.
Өмнөх жил нь мөн л 680 орчим хүн докторантурт элссэн байгаа юм. Төрийн болон төрийн бус өмчийн их сургуулиуд жил бүрийн хавар 2000 шахам “эрдэмтэн” бэлтгэн гаргаж буй ч үнэндээ Монголын шинжлэх ухаан “ясны” эрдэмтдээр цангах болсныг салбарынхан нь хэлж байна.
Олдохоороо өлдөнө гэдэг үг бий. Уг нь докторын зэрэг хамгаалж буй хүмүүс нь салбараа гүнзгий судалсан, эрдэм шинжилгээний ажил хийх эрх өвөртөлсөн мундгууд байх учиртай. Гэвч манай докторуудын олонх нь нэрэндээ хэтэрхий жулдсан хоосон толгойтой байгаад л асуудлын гол гогцоо оршино.
ДОКТОРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ НЬ ДАВХАР ХОЖООТОЙ
Өнөө цагт эрдмийн зэрэг хамгаалах нь шат бүртээ мөнгө “саадаг” дориун ашигтай бизнес болсныг хэн хүнгүй хэлдэг. 20-30 сая төгрөгөөр (үүнд эрдмийн зэрэг хамгаалсан найрны зардлыг хамгийн багаар тооцож оруулсон болно) дэд эрдэмтний (Ph.D) босго арайхийн давдаг гэх яриа ч бий. Бэлээхэн жишээ ч захаас аваад өчнөөн.
Чухам иймээс л Эрдэм шинжилгээний зэрэглэл олгох журмын дагуу хүрээлэнгийн дадлагажигч ажилтан, дэд ажилтан, ахлах, тэргүүлэх гэх мэт шат дамжлагаар зайлшгүй өгсөх учиртай судлаачид хүртэл цааш үргэлжлүүлэн шинжлэх ухааны доктор болж дэвшиж чаддаггүй гэнэ лээ.
Харин мөнгөтэй, эсвэл танил талтай, бас амбийцтай хүмүүсийн хувьд докторын сэнтийд залрах нь алга урвуулахтай адил хялбархан гэдэг нь ортой. Захын нэг хорооны Засаг даргад өрсөлдөж буй хүний танилцуулгад “...тийм ийм шинжлэх ухааны доктор” гэсэн сүрхий гуншингуудыг та уншиж л байсан байлгүй.
Монголд өдгөө 40 шахам сургууль докторын сургалт явуулж байгаа аж. Үүнээс 18 нь хувийнх. Ахисан түвшний сургалт явуулах нь ихээхэн ашигтай бизнес учраас дээд сургууль, коллежууд эв нь таарвал л их сургуулийн статустай болохыг зорьдог гэнэ. Өнгөрсөн жил гэхэд гурван байгууллага их сургуулийн зөвшөөрөл авсан нь “Идэр”, “Мандах бүртгэл”, Шинэ анагаах ухааны их сургууль юм байна. Өнөө жил “Сан” дээд сургуулийг их сургуулийн статустай болгожээ, яам тамгын газрынхан.
Өөрөөр хэлбэл, эдгээр их сургууль одоо докторантурт элсэгч авах эрхтэй гэсэн үг. Үүнийг дагаад их хэмжээний мөнгө, түүнээс дутахгүй нэр хүнд, байр суурь гээд давхар давхар хожоо ирэх нь дамжиггүй. Тэгээд л “Сургууль маань докторын сургалт явуулдаг болсон. Магистраа сургуульдаа хамгаалсан юм чинь одоо нэг мөсөн доктор болсон нь дээр шүү.
Хүний өмнө нүүр бардам үзүүлэх юмтай бай” хэмээн төгсөгчдөө хөөргөж гарна даа. Гар бариад, бугуй барьдаг ийм жишиг манай их, дээд сургуулиудад түгээмэл байдаг нь нууц биш.
Их сургуулийн босго намхан учраас хүссэн болгон нь энэ байр сууринд хүрч, тэгээд болоогүй аль дуртай хөтөлбөрөөрөө докторын сургалт явуулсаар байх уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Энэ тухай БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрынхнаас лавлахад “Их, дээд сургууль, коллежийн шалгуур ямар байх ёстой, зааг ялгаа нь юу байх вэ гэх мэт асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.
Сүүлийн хоёр жилээс их, дээд сургуулиуд шинэ хөтөлбөр нээхдээ Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн комиссоор оруулж, дүгнэлт гаргуулдаг болсон. Өнгөрсөн жил 44 хөтөлбөрийг л магадлан итгэмжилсэн” гэдэг тайлбар хэлэв.
“БӨӨНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ”-ИЙГ ХЭН ХЯНАДАГ ВЭ
Монголд докторуудын “бөөний үйлдвэрлэл” эрчимтэй хөгжихөд хувь нэмрээ оруулж байгаа бас нэг суваг бий. Их сургуулиудад тэнхимийн туслах ажилтан, дадлагажигч багш гээд ёс юм шиг суудал бөглөсөн хүмүүс байх. Тэд хэн нэгэн докторыг бараадан цай, кофег нь зөөж гүйсээр гурван жилийн дотор “доктор” болтлоо цоордог тохиолдол элбэг.
Нэгдүгээр курсийнхэнтэй намар нь зэрэгцээд их сургуулийн босго алхсан тэнхимийн туслах ажилтан богино хугацаанд дэд эрдэмтэн болчихоод “дөрвийн архагууд”-д хичээл заах гэж гологдоод хөглөсөн жишээг мэдэх юм. Тэдгээр доктор улс оронд хэрэгтэй ямар сэдвээр хэр зэрэг үр бүтээлтэй эрдмийн ажил хийсэн бэ гэдэгт хэн ч хяналт тавьдаггүй. Докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл гээч байгууллага уг нь бий.
ШУА, их сургуулиудын хооронд олон жил “хэрүүлийн алим” тарьсаар ирсэн энэхүү дундын зөвлөлд салбараа арван хуруу шигээ мэддэг эрдэмтэн судлаач гэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн багшийг ээлжлэн томилдог учраас “бүтээгдэхүүний” чанарыг хянах боломж үгүй.
...Шулуухан хэлэхэд, дундын зөвлөлийн эрхмүүд эрдмийн зэрэг хамгаалуулах хуралд очихдоо “Би дэмжиж байна” гэж саналаа өгөөд, мөнгөө халааслаад гарахаа л боддог. Түүнээс биш тухайн хүн эрдмийн ажлаа үнэхээр зорьж, явж хийсэн байна уу, эсвэл хүнээр бичүүлж үү, эс бөгөөс номноос хуулчихаж уу гэдгийг тоож хардаггүй гэлцдэг...
Утга зохиолын салбарт эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүдийг өнгөрсөн өвөл яамнаас томилохдоо нас барсан нэгэн багшийн нэрийг дунд нь оруулчихсан байснаа өнөө хэр өөрчлөөгүй яваагаас харахад эзэнгүйдэл газар авсныг гэрчлэх бус уу.
Наад зах нь, магистр, докторын ажлыг удирдахад багагүй мөнгө халаасалдаг учраас их сургуулиуд зэрэг горилогчдод дотроосоо багш нараа “шахна” уу гэхээс хүрээлэнгүүдийн эрдэмтдийг халгаадаггүй гэх. Ямар сайндаа л магистрын зэрэгтэй багш докторын эрдмийн ажлыг удирддаг завхарсан жишиг манайд тогтжээ.
Шулуухан хэлэхэд, дундын зөвлөлийн эрхмүүд эрдмийн зэрэг хамгаалуулах хуралд очихдоо “Би дэмжиж байна” гэж саналаа өгөөд, мөнгөө халааслаад гарахаа л боддог. Түүнээс биш тухайн хүн эрдмийн ажлаа үнэхээр зорьж, явж хийсэн байна уу, эсвэл хүнээр бичүүлж үү, эс бөгөөс номноос хуулчихаж уу гэдгийг тоож хардаггүй гэлцдэг. Харин дараа нь зэрэг хамгаалсны найранд очихоо мартдаггүй гэнэ лээ.
ДОКТОРУУДЫН “БОРЛУУЛАЛТ” МАНАЙД ХЭР БАЙНА ВЭ
“Чин үнэнийг хэлэхэд, би өнөөдөр монгол туургатны соёл судлалаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, ном хэвлүүллээ гэхэд тэрийг тал талаас нь шүүн хэлэлцээд, алдаа, оноог нь мэтгэлцэх эрдэмтэн манайд алга” хэмээн нэгэн доктор эмэгтэй өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн ярив.
Тэр бол докторын “дээлэндээ” ахадна уу гэхээс багадахгүй чадалтай эрдэмтэн л дээ. Тиймдээ ч улс орны ирээдүйн зүг чигийг тодорхойлох учиртай шинжлэх ухааны салбар нь хөгжихгүй, урагшлахгүй байгаад ямагт сэтгэлээ чилээж явдаг юм.
Доктор гэсэн сэтрийг нэрийнхээ өмнө зүүх гэсэн хийрхлийг хазаарлах, хүмүүсийн энэ их хөөрүү хүсэл зорилго дээр дөрөөлөн бизнес хийж буй сургуулиудын хандыг хага дарах гол арга нь шалгаруулалтын журмаа өөрчилж, дундын зөвлөлийг зориулалтаар нь ажиллуулах гэдгийг тэрбээр хэлсэн.
Адаглаад зэрэг горилж буй хүмүүсээр эрдмийн ажлынх нь хураангуйг заавал гадаад, монгол хэлээр бичүүлдэг байсныг ч болиулсан нь тухайн хүнийг, зөвлөлийнхнийг ч сулдаа ганхах эрх чөлөө олгосон гэнэ. “Гай” болж эрдмийн ажлын хураангуйгаа нэг хүн орос, англи, хятадаар гэхчилэн бичээд ирэхэд өнөөхийг нь тайлж унших гадаад хэлтэй хүмүүс дундын зөвлөлд нь ховордсоныг эмгэнэл гэхээс өөр яалтай. Эцэст нь тэгээд баахан мөнгө төлж доктор болсон хүмүүс эрдэм мэдлэгээ цэцэрлэгийн жаалуудад “гайхуулахаас” хэтрэхгүй дээрээ тулсан нь хайран.
Урьд нь манайхан төр, засгийн бодлогоор “Монголд одоо энэ салбарт ийм асуудал тулгамдаад байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ” гээд эрдэмтдэдээ тодорхой чиглэл өгдөг байж. Гэтэл одоо докторын зэрэг горилж буй хүмүүс агуулгад бус, хэлбэрт анхаарч, хүссэн сэдвээ барьж аваад, юу дуртайгаа эрээчдэг болсон гэдэг нь маргаангүй үнэн.
Тиймээс нэгэнт л эрдмийн зэрэг горилж буй хүмүүст судалгааны чиглэл өгдөг болбол энэ олон докторын хэрэг ядаж гарч эхлэх биз. Тэгвэл эрэлт хэрэгцээ нь байгаа атлаа зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн нь тэрхүү орон зайг нөхөж чадахгүй, хадуурч давхиад буй “докторын үйлдвэрлэл” ч зөв голдирол руугаа орох магадлалтай. Тэгж байж Монголын үе үеийн мундаг эрдэмтдийг төрүүлэн гаргасан “шүүлтүүртэй цорго”-ноос тэдний дайтай хүмүүс мэндлэх учиртай.