Г.Чулуунцэцэг
ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш, доктор(Ph.D)
Аж ахуй нэгжүүдийн цалин, хөдөлмөрийн хөлсний талаарх зэрэгцүүлсэн судалгааг цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлан (ТТ-12) болон нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалтын тайланг (НД-8) үндэслэн судалгаа хийж, өнөөгийн байдлын тодорхойлон улмаар албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажил олгогчийн ирээдүй хандлагыг шинжлэн тулгамдаж буй асуудлыг тодруулан дүгнэлт санал зөвлөмж өгнө. 2015 оны IV улирлын байдлаар Монгол улсад 126 560 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол 2016 оны эцэст 11.8 %-иар өсч 141 502 болсон бол 2017 оны сүүлийн улиралд 155 065 аж ахуй нэгж, байгуулага үйл ажиллагаа тогтвортой явуулж байна.
Үндэсний статистикийн хорооны бизнесийн регистрийн санд бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын тоо нь Татварын ерөнхий газарт цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлан гаргасан аж ахуй нэгж байгууллагын тооноос 2016 онд 2356, 2017 онд 3623-аар тус тус их байна. Энэ нь зарим аж ахуй нэгж тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, тайлан илгээгүй зэрэг олон шалтгаантай байж болно.
Нийт цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татвар төлөгч аж ахуй нэгж, байгууллагын 80 орчим хувийг хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 10 %-ийг хувьцаат компани, 8 орчим хувийг төрийн болон олон нийтийн байгууллага эзэлж байгаа бөгөөд үлдсэнийг
нь нөхөрлөл хоршоо бүрдүүлж байна. 1995 онд нийгмийн даатгал төлөгч ажил олгогчдын 40 % нь Улаанбаатарт байсан ба 2002 оноос эхлэн энэ хувь 50-иас дээш болж 2017 оны байдлаар ажил олгогчдын 62 % нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, 2002 оноос эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийгмийн даатгал төлөгч ажил олгогчдын тоо хөдөө орон нутгийг давамгайлж эхэлсэн.
Сайн дурын даатгуулагчдын тоо 2006 он хүртэл тогтвортой 20-30 мянгын хооронд байсан бол 2007 онд 51 мянгад хүрч өмнөх оноосоо бараг хоёр дахин өсч, улмаар 2009 оноос 2016 он хүртэл 228 мянга буюу судалж хугацааны оргилдоо хүрсэн байна. Харин 2017 онд өмнөх оноосоо 30 мянгаар буурч 199 мянга гаруй сайн дураар нийгмийн даатгалд хамрагдсаны талаас дээш хувь нь хөдөө орон нутгийн даатгуулагчид байна.
Зураг 1: Нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо, даатгуулах төрлөөр, албан журмын даатгуулагчдын эзлэх % Нийт нийгмийн даатгалд хамрагдагсдад эзлэх албан журмын даатгуулагчдын хувь буурсаар байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын ирээдүйн хандлагыг авч үзье. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын ерөнхий тренд хандлагыг хугацаанаас хамаарсан эконометрик загвараар үнэлж, цаашдын хандлагыг богино хугацаанд таамаглана. Судалгааны хугацаанд дахь нийт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо тэмдэглэе. Үнэлсэн хоёр загварын статистик ач холбогдлыг харьцуулбал квадратлаг трендийн загвар тайлбарлах чадварын хувьд илүү байна.
Хүснэгт 1 Ирээдүйн таамаглал
Хугацаа |
Экспоненциал загварын таамаглал |
Квадратлаг загварын таамаглал |
2018 | 45387 | 54774 |
2019 | 48287 | 59109 |
2020 | 51373 | 63655 |
Экспоненциал загварын таамаглаж буйгаар ирэх 3 жилд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо өсч 2020 онд 51 мянгад хүрэх бол квадратлаг загварын хувьд 63 мянгад хүрэхээр байна.
Дүгнэлт:
1. Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар төлөгч ажил олгогчийн тоо нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчийн өсөлттэй эерэг хамааралтай байна. 1995-2017оны буюу сүүлийн 22 жилийн хугацаанд татвар төлөгч ажил олгогчдын 2/3 орчим нь огт нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байна. Эдгээр аж ахуй нэгжүүд бүтээг дэхүүн, ажил үйлчилгээний өртгөө үнэн бодит байдлаар гаргаж чадахгүй байна. Нөгөө талаар ажиллагчдын нийгмийн даатгалын мэдлэг сул, мэддэг боловч төлөхөөс татгалздаг байдал нь нөлөөлж далд эдийн засгийг дэмжиж байна. Үүнээс үүдэн ажиллагчид цалингийн түүхгүй учир цалингийн зээл авах,орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах шаардлага хангахгүй, гадаад оронд аялах визийн зөвшөөрөл авахад хүндрэл үүсэх улмаар тэтгэмж, тэтгэвэр авах эрх үүсэхгүй, тэтгэвэр хамгийн багаар тооцогдох зэрэг олон сөрөг байдал үүснэ.
2. Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчдын тоо хөдөө орон нутагтай харьцуулахад нийслэлд илүү боловч сайн дураар даатгуулагчдын хувьд хөдөө орон нутагт нийслэлээс илүү байна. Энэ нь хөдөө орон нутаг ажлын байр харьцангуй бага болон зарим ажлын байр улирлын чанартай байдагтай холбоотой. Нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар даатгуулагчдын хоорондын шилжилтэд макро эдийн засгийн нөхцөл байдал нэлээд нөлөөлж байна. Тухайлбал, 2012 он хүртэл албан журмаар даатгуулагчдын өсөлтийн тоо хэмжээ сайн дурынхаас их байсан бол мөн оноос хойш сайн дураар даатгуулагчдын өсөлтийн тоо хэмжээ илүү болж эхэлсэн нь уг шилжилтийн нөлөөг баталж байна
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
3.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын тоонд макро эдийн засгийн олон хүчин зүйлүүд нөлөөтэй. Үүнд: эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, гадаад худалдааны тэнцэл, бизнесийн орчин зэрэг үзүүлэлтүүд таатай байвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо өндөр өсөлттэй байна. Эдийн засаг өсөлттэй байх буюу 2012 он хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын тоонд квадратлаг загвар илүү тохирч, 2013 оноос бууралттай эдийн засгийн үед ажил олгогчдын тоо экспоненциал загварт илүү тохирч байна. Иймээс ирээдүйд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байвал магадгүй квадратлаг загварын таамаглалаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо өсөх, хэрэв сайн биш бол экспоненциал таамаглалаар тодорхойлогдоно.
Санал зөвлөмж:
1.Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ гэж татварын ерөнхий хуульд заасан байдаг бол нийгмийн даатгалын тухай хуульд ийм заалт байдаггүй. Иймд нийгмийн даатгалын хуулинд эрх зүйн энэ заалтыг даруй оруулах.
2.Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл нь 2018 онд 12 % , 2019 онд 13 % мөн даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 2018 онд 11%, 2019 онд 12 % болж тус тус нэмэгдэх улмаар 2019 оноос 6 жилийн, 2020 оноос 7 жилийн дундаж цалингаар тэтгэврийн хэмжээг тооцох зэрэг хуулийн өөрчлөлт орсон тул даатгуулагчийн хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах сургалт явуулах шаардлагатай байна.
ХААИС-ЭЗБС-ийн 60 жилийн ойн баярыг тохиолдуулан эрдэмтэн багш нар, ажилтан, албан хаагчид, үе үеийн төгсөгчид нартаа баярын мэнд дэвшүүлээд, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.