Аргентиний шигшээ өөр болжээ. Эхний хоёр тоглолтод будаа болж, түүнээсээ том сургамж авсан нь илт. Нигерийн эсрэг тоглолтод дасгалжуулагч Сампаоли бүрэлдэхүүн болоод тактикийн том өөрчлөлт хийлээ. Хаалгачаар Франко Арманиг сонгосон нь зайлшгүй шийдвэр байлаа. Түүнийг үндсэнд гарга гэж хөгжөөн дэмжигчид аль өвлөөс хойш шаардсан. Сампаоли л зөрүүдэлж байж асуудлыг өнөөдрийнх шиг хүндрүүлсэн юм. Банегаг ашгүй нэг гараанаас тоглууллаа. Түүний хувь нэмэр туйлын хэрэгтэй байгаа нь нөхөрсөг тоглолтуудад л харагдсан. Гурван хүний хамгаалалтад орчихоод байгаа Мессиг бүслэлтээс гаргаж чадах хүн нь чухам Банега. Дээр нь тоглолтыг найруулж чаддаг тоглогч. “Севилья” клубийн мотор нь шүү дээ. Ийм чадвартай хүн эхний минутаас тоглолтод гарах, сэлгээгээр орох хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Тэгвэл Сампаоли түүнийг Нигерийн эсрэг тоглолтын гараанд тоглууллаа, нөлөө нь ч шууд харагдсан. Үр дүнд нь Месси хуйхаа зулгаалгасан төвийн байрлалаас холдож дадсан баруун жигүүрийн довтолгоондоо шилжсэн. Яг ийм бүтцийг мэргэжилтнүүд Сампаолигоос хүсээд байлаа, үр дүн гарна гэдэгт ч итгэж байсан. Үнэхээр байдал сайнаар эргэж Аргентиний тоглолт тэс өөр түвшинд өрнөв. Машерано таслах, Банега дамжуулах, Месси цохих гэсэн үндсэн хэлбэрийг тэдний тоглолт агуулж байлаа. Энэ нь Нигерийн хамгаалалтад хүндээр туссан. Учир нь дээрх гурван хөлбөмбөгчин дадсан байрлал, сурсан арга барилаараа тоглосон юм. Ийм нөхцөлд зогсооно гэдэг хэцүү. Хэрэв Мессигийн хаалттай цохилт гоол болсон бол Сампаолигийн удирдсан хамгийн шилдэг тоглолт болох байв. Мартсанаас, Ди Мариаг тодоор тэмдэглэх учиртай. Латин америкчуудын довтолгоонд түүний дэмжлэг чухал нөлөөг үзүүлсэн. Хувийн чадвартаа тулгуурласан хууралт, гарааны хурдаа түшиглэсэн дриблинг нь багийн тактикийг хэлбэржүүлж, тоглолтын ерөнхий зургийг солонгоруулсан юм. Нэг тохиолдолд гоол оруулах тун дөхсөн. Дамжуулсан хүн нь өнөөх Банега. Өмнөх нь Мессид гоолын дамжуулалт өгөөд байлаа. Ямар хэрэгтэй хүнийг Сампаоли сэлгээнд барьж байв аа. Тоглолтыг найруулчих хүн дасгалжуулагчид түүнээс өөр байхгүй. Ламела, Пасторе зэрэг сайн тоглогчдоо тэрбээр гэрт нь үлдээчихсэн. Үндсэндээ бол Сампаолигийн бүрэлдэхүүн Сабельягийн 2014 оны ДАШТ-ий багтай ижил, баахан опорныйтэй. Түүнээс ялгагдах ганц онцлог нь Банега. Найруулдаг хүнийг тоглуулаад ирсэн чинь тоглолт нь овоо гэрэлтээд ирлээ. Аргентин угаасаа аажуу сэрж, явцдаа чангардаг уламжлалтай. Үүх түүх нь ч ийм. 1978 оны ДАШТ-д хэсгээсээ үлгэн салган шалгарсан, тэгээд түрүүлсэн.