Алаг үрсээ гадаа ч тоглуулахаасаа айдаг ийм л нийгэмд та бид амьдарч байна. Хүүхэд хүчиндүүллээ, зодууллаа, зам тээврийн осолд орлоо, усанд осолдлоо гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээнүүд өдөр алгасахгүй гарах боллоо. Ийм байхад эцэг, эхчүүд хүүхдүүдээсээ алхам ч холдож чадна гэж үү. Биднийг хүүхэд байхад шөнийн 12-1 хүртэл гэрийнхээ гадаа элс, шороотой холилдон тоглоход байхад ч аюул эндэгдэл гэдэг зүйл байдаггүй байв. Байсан ч маш ховор байж. Гэтэл одоо бол хүүхдээсээ ганц л хором хараагаа салгахад л ямар нэгэн аюул бүчин авдаг болжээ. Уг нь хүүхдийг бүрэн дүүрэн амьдрах, сурч боловсрох, сайн иргэн болоход тэднийг халамжлах, хамгаалах, боловсрол олгох үүргийг хуулиар баталгаажуулсан байдаг. Гэвч тэр хуулийн хэрэгжилт нь хаана байна вэ?
Саяхан Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн хаалганд 11-хэн настай хүү даруулж нас барсан хэрэг гарч, нулимс нь ч хатаагүй байтал дахин долоохон настай хүүхэд бусдын буруугаас болж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр буюу 2018 оны зургадугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын ойролцоох эмийн сангийн төмөр хаалганы дээгүүр татсан шалбархай утас цахилгаан дамжуулсны улмаас хаалгыг татсан хүү тогонд цохиулж, газар дээрээ нас баржээ. Энэ мэтчилэн бага насны хүүхдүүд осолд өртөх нь эрс нэмэгдлээ. Энэ оны эхний таван сард нийт 0-19 насны 19.134 хүүхэд гэмтсэн бол гудамж, зам, талбайд 4749 хүүхэд гэмтсэн байна.
Харин өнгөрсөн жил 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан бөгөөд бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон. Үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд гэсэн мэдээлэл бий. Гэтэл энэ жил хүүхэд хохирсон гэмт хэрэг 34 хувиар өссөн байна шүү дээ. Дээр нь хүүхдийн эндэгдэл гээд нэмбэл асар их тоо гарна. Монгол Улсад 0-14 насны 967.896 хүүхэд байдаг. Тэгвэл бид жил бүр хэчнээн хүүхдээ алдаж, хэчнээн хүүхдийг хохироох ёстой юм бэ?
Үе үеийн төр засаг, эрх баригчид эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлнэ гэж амалцгаадаг. Гэтэл хамгийн их эрүүл, аюулгүй байх ёстой хүүхдийн энэхүү орчинг бүрдүүлж чадахгүй байж өөр ямар орчинг бүрдүүлэх гээд байгааг ойлгохгүй юм.
Уг нь хүүхэд нас гэдэг хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, амьдралын бүхий л эхлэл, суурь, хүмүүжил тавигддаг үе. Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд ч “Хүүхэд эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг төдийгүй орон байр, ахуйн хэрэгслээр гачигдуулахгүй байх тухай заалт ч бий. Тэгтэл манайд энэхүү заалт алхам тутамдаа зөрчигдөж байгаа нь нууц биш. Жишээлбэл, өнгөрсөн тавдугаар сарын 13-нд Ховд аймагт гурван сартайгаас есөн настай нэг айлын таван хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан хэрэг гарсан. Энэ бүх хэргүүд нь аль ч шатандаа хариуцлага гэдэг зүйл байхгүй болсны илрэл юм.
Монгол хүн амьд явах эрхтэй. Мөн эрүүл мэндээ хамгаалуулах ч эрхтэй. Энэ эрхийг хангах үндсэн баталгаа нь эрүүл, аюулгүй орчин бөгөөд төр иргэнээ хамгаалах үүрэг хүлээдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг. Хууль нь гууль болсон манай улсад хэрэгжих нь бүү хэл цоорхойтой болдог нь хэзээний танил болсон дүр зураг биз ээ.
Үүнээс гадна дээрхи нь суудлаа олохгүй бол доодхи нь гүйдлээ олохгүй гэгчээр шат шатны байгууллагуудад хариуцлага гэдэг зүйл алдагдаад нэлээдгүй хугацааг үдлээ. Бүр монгол хэлний үгийн сангаас ч хасагдаад удлаа. Хүчирхийлэлд өртсөн, хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон хүүхдүүдийн талаар хэн хүнгүй ярьж, хууль зөрчигдөж байгааг сануулдаг ч хэн ч хариуцлага хүлээдэггүй. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон төрийн болон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж, тухайн салбарыг хариуцсан яам ажиллаж байгаа ч удаа дараа ийм хэргүүд гарч байхад хариуцлага тооцож чадахгүй бол хуультай байхын ч хэрэг алга.
Уг нь улсынхаа ирээдүй болсон хүүхдүүддээ эрүүл, аюулгүй орчинг бий болгох нь тийм ч хэцүү биш шүү дээ. Хамгийн наад зах нь, бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын чиглэлээр үзлэг шалгалтуудыг дотроо явуулж, эвдэрсэн тоног төхөөрөмж, эд зүйлсээ засахад л болоод явчих нь тэр.
Үүнээс гадна цөөн хэдэн жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дарамталдаг, зөвхөн торгууль тавихын төлөө ажилладаг хяналтын байцаагч нар аливаа зүйлд өөриймсгөөр хандаж, гаргасан зөрчлийг арилгуулахын төлөө ажиллаж сурвал зүгээрсэн.
Мөн лообий бүлэгт хообийтой УИХ минь амьдралд хэрэгцээгүй хуулийн төслийг хэлэлцэж, баталж байснаас хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө дуугардаг, зүтгэдэг байвал ирээдүй, үр хойчдоо тустай бус уу.