“ШҮД ДУТУУ” ПАРЛАМЕНТ
Гарч ирэхдээ буйл хавдуулж, өвчлүүлж зовоох хэрнээ ургасан хойноо хоол зажилахад олигтой нэмэргүй, тодорхой үүрэггүй шүд бол агт араа. Тиймээс “Агт арааг авхуулсан нь дээр” гэж зөвлөх шүдний эмч бишгүй. Бас “Агт араа бусад шүдээ завсар гарахаас сэргийлдэг, хамгаалалтын үүрэгтэй” гэх хүн ч таарна.
Гэхдээ л сойзны үсэнд өртөж цэвэрлэгдэхгүй, өнгөр сууж, амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог, байсан, байгаагүй нь онцын ялгаагүй түүнийг авхуулчих нь амар гэж үзэх хүн олон болжээ. Агт араа авхуулахтай адилтгах үйл явдал парламентад тохиолдсон нь ёс зүйгүй үйлдлээрээ УИХ-ыг муухай харагдуулаад буй хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал байв.
Тоогүй хэрэгт нэр холбогдож УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай, эрх зүйн үндэслэл хангалттай гэж үзсэн учраас улсын ерөнхий прокурор ийм хүсэлт хүргүүлсэн хэрэг биз. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэхдээ ч УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.
Харин эцсийн мөчид УИХ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан нь угааж, цэвэрлэж чадахгүй явсаар хорхой идүүлсэн агт араагаа авхуулахаас татгалзаж, амнаасаа өмхий үнэртүүлсээр цааш явахаар шийдсэнтэй агаар нэг алхам байв. Ийн “ширэн нүүр” гаргаж, ангийн нөхдөө өмгөөлж үлдсэнээрээ “УИХ хүчирхийлэл, ёс зүйгүй байдлыг дэмждэг гэдгээ албан ёсоор нотоллоо. Иргэдийг, Монголын төрийг доромжиллоо” гэх мэт үгэн суманд парламент шүүрэн шанага болтлоо шүршүүлсэн билээ.
“УИХ-ын гишүүд ёс зүйн ноцтой алдаа гаргасан байж болзошгүй асуудлыг бүрэн эрхээр хааж, хаацайлаад өнгөрөөж болохгүй. Бүрэн эрхийг нь хуулийн дагуу түдгэлзүүлж байгаад шалгуулах нь зөв” гэсэн олон нийтийн шаардлага нөлөөлсөн үү, хоёр гишүүнийг хамгаалсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж, үүнтэй зэрэгцээд Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр УИХ “хорхойтсон агт араа”-ныхаа нэгнээс аргагүйн эрхэнд салсан юм.
Харин нөгөөгийнх нь асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй л байна. УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр дарааллын эхэнд тавьсан байсан ч өчигдөр танилцуулсан шинэчилсэн жагсаалтаас хасаж орхиж. Холбогдох байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн, өөр хүлээх зүйл байхгүй атал яагаад хэлэлцэх асуудлын дарааллаас гэнэт хойшлуулсан нь эрхгүй анхаарал татаж байна.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэх асуудлаар ил санал хураалт явуулах хуультай, хоёр байнгын хороо дэмжсэн, олон нийтийн хүчтэй шүүмжлэл дахин өрнөхөөс эмээж байгаа зэргийг харгалзвал хоригийг хүлээж авах магадлал өндөр. Гэтэл эгнээнээсээ нэгнээ явуулчихсан гишүүд нөгөөг нь “хэлтрүүлэхээр” шийдээд, арга саам хайж байгаа юм биш биз гэсэн хардлага ч төрж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1-т “Хууль, УИХ-ын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ, түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” хэмээн заасан.
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа ирэх мягмар гарагт дуусна. Тэгэхээр ойрын үед, тодруулбал өнөөдөртөө багтаан шийдвэрлэхээс өөр гарц тэдэнд байхгүй. Харин ямар шийдвэр гаргахыг нь харж л суухаас өөр боломж иргэдэд байх биш.
УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Уг байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг буюу 66.6 хувь дэмжвэл хоригийг хүлээн авна.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан тохиолдолд Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоол хүчингүй болж, улсын ерөнхий прокуророос УИХ-д дахин хүсэлт хүргүүлэх боломж нээгдэх юм.
НУУЦ САНАЛ ХУРААЛТ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮҮ
Ерөнхий прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлбэл дахиад л нууц санал хураалтаар шийднэ. Хуулиараа тэгэх учиртай. Харин тэр үед ямар шийдвэр гарах бол. Түрүүчийн удаад УИХ улсын ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргаж, илт ёс зүйн алдаа гаргасан, хөнгөмсөг үйлдлийнхээ төлөөсөнд өөрийнхөөсөө гадна намын, УИХ-ын, Монголын төрийн нэр хүнд, үнэлэмжийг унагасан хоёр гишүүнээ хамгаалахдаа хууль тогтоох байгууллага, төрт ёс, ёс зүй, хариуцлага нэхсэн иргэдийн хүлээлт рүү өмхий амаараа нулимсан.
Нууц санал хураалтаар шийдсэн нь тэдэнд сонгогчдоо, төрийг ийн доромжлох боломж олгосон билээ. Тэр ч бүү хэл, охид, эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн, ёс зүйгүй гишүүдийн бүрэн эрхийг заавал түдгэлзүүлэх ёстой, ерөнхий прокурорын хүсэлтийг дэмжиж саналаа өгөөрэй хэмээн уриалж, гарын үсэг зурсан эмэгтэй гишүүдийн цөөнгүй нь эсрэг санал өгсөн гэсэн мэдээлэл байгаа.
Иргэдийн саналаар мандат аван ажиллаж байгаа хүн өөрийг нь сонгосон хүмүүсийн хүсэл, бодлыг төрийн бодлого, шийдвэрт тусгадаг дамжуулагч байх ёстой гэдэг. Гэтэл биднийг төлөөлж байгаа хүмүүс бидний эсрэг ажиллаж буйн бодит жишээ дээрх явдал. Танилын нүүр халуун, мөр зэрэгцэж яваа нэгнээ түлхэлтэй биш гэх мэтийн жижиг шалтгаанаас хэтийдсэн, хүн чанарын, хууль ёсны гэхээсээ илүү бүлэглэлийн, ямар нэг эрх ашгийн төлөөх санал тэнд хураагдсаныг улстөрчид өөрсдөө ч хүлээн зөршөөрч байгаа.
Нийгмийн анхаарлыг ингэтэл татаж, олон нийтийг бухимдуулсан асуудлыг ил санал хураалтаар шийдсэн бол арай ч ийм үр дүн гарахгүй байсан болов уу. Ядаж л өөрийг нь төлөөлөн төрд суугаа нөхөр ямар санал өгснийг иргэд, сонгогчид харах байв.
Улстөрчдөд айж эмээх зүйл байдаг бол тэр нь сонгогчид нь байх ёстой. Санаа зовж, эмзэглэх зүйл байдаг бол тэр нь шударга ёс, хариуцлагын төлөө байх учиртай. Харин эрх ашгийн төлөө шударга бус үйлдлийг өмгөөлж, хамгаалж, өөгшүүлдэг хүмүүсийг бид төлөөллөө болгосоор баймааргүй байна.
Уг нь хэн нэгний дарамт, шахалт, нөлөөнд автахгүй, шударгаар санал өгөх боломжийг олгохын тулд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эргүүлэн татах гэх мэтийн эгзэгтэй асуудлуудыг нууц санал хураалтаар шийдэх зохицуулалт хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, шударга ёсны төлөө энэ аргыг ашиглахаар тооцсон гэдэг. Харин одоо эсрэгээрээ болжээ.
Ямар нэг эрх ашигт үйлчилсэн, шударга бус санал өгч буй, эсэхийг нь хянахын тулд энэ мэтийн эгзэгтэй асуудлуудыг ил санал хураалтаар шийдэх хэрэгтэй болсныг хэд хоногийн өмнөх явдал харууллаа. Ямар асуудлыг нууц санал хураалтаар шийдэх, ямар нь ил байх вэ гэдгийг эргэж харах цаг болжээ.
Нууц санал хураалт бэртэгчдийн нуувч байх ёсгүй.