“Mommy central” хэмээх нэртэй фэйсбүүк группэд нэгэн сонирхолтой яриа өрнөсөн юм. “Хөл хүнд байх, төрөх, хүүхэд өвдөх, хүүхдээ асрахын аль нь хэцүү вэ” гэсэн асуултад ээжүүд “Хүүхэд өвдөх” хэмээн дуу нэгтэй хариулжээ. “Хүүхдээ өвтгөснөөс өөрөө өвдсөн нь дээр” гэдэгтэй эх болсон хүн бүр санал нийлэх байх. Дөнгөж төрсөн нярай үрийг минь тарихад яс хавталздаг шүү дээ.
Улаанбаатар хотоос 1024 км зайд нэгэн ээж хүнд өвчтэй, гурван сартай хүүгийнхээ оношийг тодруулах, эмчлүүлэхээр нийслэл дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийг зорих зайлшгүй шаардлагатай болжээ. Түүнийг Д.Норжмаа гэдэг. Даралт нь ихсэн, хавагнаж, жирэмсний хожуу үеийн хордлоготой байсан тул эмнэлгийн заалтаар хийсвэр (Кесарево) хагалгаагаар хүүгээ төрүүлжээ.
Төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө хорвоод мэндэлсэн хүү хүн болох гэж тэмцсээр өнөөдөртэй золгосон. Уушгины хөгжил дутуу, нярайн шарлалт ихтэй учраас төрснөөсөө хойш 10-хан хоногт л аав, ах, эгчтэйгээ, бусад үед буюу хоёр сар гаруй хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн байна.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч, сувилагч, асрагч нар хийх ёстойгоо бүгдийг нь хийж, III шатлалын эмнэлэгт онош тодруулах шаардлагатай гэж эмч нарын зөвлөгөөнөөр дүгнэсэн гэнэ. Ингээд ээж, хүү болон хүүхдийн биеийн байдлыг хянаж, шаардлагатай үед тусламж үзүүлэх эмч гурав Улаанбаатарт ирэх унааны эрэлд гарчээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө тэд Говь-Алтайгаас Улаанбаатар руу нисэх онгоцны тийз бичүүлэх гэсэн боловч “Суудал байхгүй. Гэхдээ хүрээд ир, зохицуулах боломж гарч магадгүй” гэжээ. Яваад очтол “Багтах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. Төрсөн цагаасаа л эм, эмнэлгээс салаагүй хүүгээ хурдан эмчлүүлж, оношийг нь тодруулах гэж яарсан ээж фэйсбүүктээ унаа хайж буйгаа бичсэнээр сайн санаат, сайхан сэтгэлт гурван залуу тэднийг зорьсон газарт нь хүргэх болжээ.
Гурван сартай хүү Б.Эрхэмжаргалын амийг хариуцан, андгай тангарагтаа үнэнч зүтгэсэн эмч С.Жаргахсайхантай холбогдон, газрын уртад хүүгийн бие ямархуу байдалтай ирснийг лавлалаа. “Хүү дутуу төрсөн учраас уушгины хөгжил гүйцээгүй, хүнд хэлбэрийн нярайн шарлалттай байсан. Бид аймгийн эмнэлгийн хэмжээнд боломжтой бүх л шинжилгээ, эмчилгээ хийгээд замын ая даахтай болохоор нь гуравдугаар шатлалын эмнэлэг ЭХЭМҮТ рүү шилжүүлэхээр шийдсэн юм.
Онош тодруулах шаардлагатай байсан учраас бүх шинжилгээний хариуг хуулбарлаж, ЭХЭМҮТ-ийн эмч нартай цахимаар хуралдсан. Ингээд тавдугаар сарын 31-нд онгоцонд суух гэсэн боловч суудал байхгүй гэв. Өвчтэй хүүхдийг хол замд машинаар авч явахад аминд нь аюултай учир “Ховд, Завхан, Улаанбаатар” чиглэлийн онгоцоор нисэх л сонголт үлдэв. Говь-Алтайгаас Ховд руу машинаар таван цаг явдаг юм. Дараа нь онгоцоор Улаанбаатар руу нисэх санаатай сураглатал нэг хүний тийзийн үнэ 350 мянган төгрөг гэнэ.
Ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүй учраас Норжмаа өөр унаа хайж, фэйсбүүктээ зар байрлуулсан юм билээ. Зарын дагуу хүмүүстэй холбогдон учир байдлаа хэлэхэд “Адилхан хүүхэдтэй хүмүүс байна. Эмнэлгийн шаардлагаар юм бол аваад явъя” гэжээ. Хүүгийн бие сайнгүй байгааг мэдсэн ч түвэгшээхгүй авч явсанд нь үнэхээр баярлаж байгаа. Алтайгаас Улаанбаатар руу машинаар 20 гаруй цаг явдаг. Харин бид “Ланд-200” маркийн машинаар 10.00 цаг өнгөрөөж гараад 03.00 цагт ЭХЭМҮТ-д ирсэн.
Машины жолооч хамт яваа хоёр залуу нь хоол унд ч гэлгүй, маш шуурхай явсан. Хүүгийн ээж бид хоёр Баянхонгорын цайны газарт шөл уугаад хүүхдээ хуурайлан, бага зэрэг амраасан. Хяналтын монитороо байнга харж, халуурах, ханиалгах бүрт нь сэтгэл зовж явлаа. Хоёр уут хүчилтөрөгч, сэхээн амьдруулахын бүх л багаж хэрэгслээ авч гарсан. Хүүгийн биеийн байдал тогтвортой болсны дараа аймгаас гарсан учир замдаа гайгүй ирсэн” гэв.
Тэрбээр аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр 33 дахь жилдээ ажиллаж буй. “Хүнд өвчтэй хүүхдийг машинаар хот руу авч явж байгаагүй, дандаа онгоцоор ниснэ. Эсвэл Ховд, Завхан руу түргэн тусламжийн машинаар хүрч, онгоцоор хот ордог байлаа. Манай аймагт агаарын тээврийн асуудал үнэхээр хүнд байна. Тавдугаар сарын 31-нд ниссэн онгоцноос хойш дахин манай аймаг руу нислэг үйлдэхгүй юм шиг ярьж байна. Алтай нутагт амьдарч буйн шийтгэл гэмээр санагддаг” гэлээ.
Үнэхээр л тэр нутагт амьдарч буй иргэдийн тулгамдсан асуудал III шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах юм билээ. Тодруулбал, улсын хэмжээнд төрж буй хүүхдүүдийн 4.5 хувь нь дутуу нярай байдаг бол Говь-Алтай аймагт нийт төрж буй хүүхдийн долоон хувь нь ийм эмгэгтэй мэндэлдэг гэнэ. Ийм хүүхдийн бүх эрхтэн систем ялангуяа, уушги нь бүрэн хөгжөөгүй байдаг аж.
Гэтэл тус аймгийн эмнэлэгт уушги тэлэх аппарат огт байхгүй.Б.Эрхэмжаргал хүүг замын турш хянаж явсан пульс оксиметр буюу нярайд зориулсан зөөврийн монитор ердөө гуравхан ширхэг бий гэсэн.
Нисэх онгоцонд “багтаагүй” бяцхан хүүг машиндаа суулган, буян үйлдсэн залуусын нэг Б.Баянбаатартай уулзав. Тэрбээр “Гуравхан сартай, хүнд өвчтэй хүүхэд авч явна гэхээс эхэндээ эмээж байсан.
Манай жолооч Х.Дамдин “Ийм хүмүүс байна, авч явах уу” гэж асуусан. Бид машиндаа гурвуулаа байсан учир цааргалаагүй. 1024 км газарт шороон замаар анх удаа ийм өвчтэй хүүхэд авч явж байна гэж эмч С.Жаргахсайхан ярьсан.
Аймагтаа урдаа барьдаг эмч нь юм билээ. Тиймээс эмчдээ л найдаж явлаа. Бусад залуу эмч нь авч явахаас зүрхшээсэн болов уу. Аймгийн төвөөс гараад Баянхонгороос 280 км газарт шороон замаар явахад жаахан хүндрэлтэй байсан. Хүү том хүн шиг хүчтэй ханиалгах нь өрөвдмөөр. Миний найз О.Гантулга хүүг замын турш өвөр дээрээ суулгаж явсан. Тэрбээр онгоцны нисгэгч хүн. Хэдийгээр хүү нисэх онгоцонд биш ч, нисгэгчийн өвөр дээр сууж ирсэн нь ховор тохиол байх” гэж ярив.
Б.Баянбаатар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат хэдий ч нутагт нь дутуу нярай олон төрдөг, тэдний олонх нь хэрэгтэй багаж төхөөрөмжгүйн улмаас амьдарч чаддаггүйг мэдэлгүй өдий хүрснээ нуугаагүй. Тиймдээ ч найз нөхөд болон өөрийн харьяалдаг “Хан тайшир” дэвжээний бөх, улсын заан Б.Соронзонболд, улсын гарьд Н.Ганбаатар, тус дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нартай хамтран ирэх наймдугаар сард аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт уушги тэлэх аппарат хандивлахаар болжээ. Мөн Баян-Уул сумынхаа эмнэлэгт нярайн шарлагын аппарат тэргүүтэй багаж төхөөрөмжийг нутгийн бизнес эрхлэгч нартай хамтран шийдвэрлэж өгөхөөр зорьж байгаа гэнэ.
Б.Эрхэмжаргал хүү одоо ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний ээж Д.Норжмаагаас хүүгийн талаар асуухад “Бие нь сайжирч байна. Удахгүй эмнэлгээс гарна. Олон шинжилгээ өгсөн. Сүүлийн хариу нь 21 хоногийн дараа гарах юм билээ. Тэр болтол хотод байна. Хүүгийн минь амийг аварч, унаандаа суулган, тэвэрч ирсэн залуус, жолооч нарт чин сэтгэлээсээ баярлаж байна.
Мөн хүүг минь төрсөн цагаас нь өнөөдрийг хүртэл эмчилж, сувилсан Говь-Алтай аймгийнхаа төрөх болон хүүхдийн тасгийн их эмч, эх баригч, сувилагч, асрагч нар, ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрчимт эмчилгээний тасгийн их эмч, сувилагч болон сэтгэл санаагаар дэмжсэн ажлын хамт олон, хамаатан садан, найз нөхөд бүх л хүнд талархаж байна” гэлээ.
Тэрбээр аймгийнхаа Зоонозын өвчин судлалын төвийн дүн бүртгэгч, бага эмчээр ажилладаг юм билээ. Эрхэмжаргалын эгч гурван настай бол ах нь ирэх жил 12 дугаар ангид орох гэнэ. Ижий, аавынхаа 40 хэдэн насанд бэлэг болон ирсэн эрхэм хүү сайн хүн болох биз ээ.