Төрөөд 25 хонож байсан ихэр нярайгаа эх нь угаалтуурын усанд живүүлж, хөнөөхөөр завдсан аймшигтай хэрэг гурван жилийн өмнө гарч олныг цочирдуулж байв. Хүүхдийн төв сувиллын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа ийм хэрэг хийх гэж байхад нь сувилагч орж ирснээр нярай хүүхдүүд аврагдсан юм. Тухайн үед уг эмэгтэй 27 настай, нөхөртэйгөө хамт тус төвд сувилуулж байжээ.
Нөхрөө гэртээ очиж хувцсаа солих хооронд хүүхдүүдээ хөнөөхийг завдсан тэрбээр цагдаа нарт “Энэ хүүхдүүдийг өсгөх надад маш хэцүү санагдсан” хэмээж байв. Эрүүл саруул хүн бүрийн голыг гогдохоор үйлдэл хийсэн түүнийг тухайн үед бүгд л төрсний дараах сэтгэл гутралд орсон болов уу хэмээсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржсан 26 настай бүсгүй Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр тус эмнэлгийн III давхрын цонхоор үсэрч амиа егүүтгэсэн.
Дээрх хоёр эмэгтэйд ар гэрийн дарамт, хүчирхийлэл байгаагүй, үр хүүхэд нь эрүүл саруул мэндэлсэн, бас сэтгэцийн хувьд ч хэвийн байсан талаар ойр дотныхон нь эмч, цагдаа нарт хэлж байв. Харин жирэмсний болоод төрсний дараах сэтгэл гутралд нэрвэгдсэний улмаас ийнхүү гэнэтийн үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж буй. Түүнчлэн сүүлийн таван жилд СЭМҮТ-д 21 эмэгтэй төрсний дараах солиорол гэх эмгэгтэй эмчлүүлжээ.
Энэ он гарсаар нярай хүүхдээ хөнөөсөн зургаа, дөнгөж төрснийхөө дараа хаясан гурван хэрэг бүртгэгджээ. Үүнээс олонх нь төрсөн даруйдаа, эсвэл нэг, хоёр хоногтой байхад нь хаясны улмаас нярай энджээ. Мөн зарим ээж нөхөртэйгөө муудалцаж, хүчирхийлэлд өртсөнийхөө дараа хүүхдээсээ болоод нөхрөөсөө салж чадахгүй байгаа гэх шалтгаанаар хүүхдээ зодож, хаяж, “өс хонзонгоо” авдаг тохиолдол ч гарсан талаар хуулийн байгуулагын ажилтнууд ярьж байна.
Ээжүүд сэтгэл санааны хямрал, гутралд орсноос үүдэн эдгээр гэмт хэрэг гарсан байх магадлал өндөр байдаг аж. Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Оюун “Эх нь хаяж, төөрүүлсэн хүүхдүүдийг Баянгол дүүрэгт байрлах Хүүхдийн төв сувилалд хүргэдэг. Хүүхдээ хаясан эхчүүд гэр бүлийн таагүй харилцаа, эдийн засгийн байдал зэрэг шалтгааны улмаас сэтгэл гутралд орсноос тийм хэрэг хийх нь их. Хэсэг хугацааны дараа буруу зүйл хийснээ ухамсарлан “Хүүхдээ авмаар байна” гээд ирдэг” гэж ярьсан юм.
....Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар АНУ-ын судалгааны багийнхантай хамтран өнгөрсөн өвөл эмэгтэйчүүдийг жирэмсэн болон төрсний дараах үед нь сэтгэл зүйн судалгаанд хамруулжээ. Уг судалгаагаар 72 хувь буюу арван эмэгтэй тутмын долоо нь сэтгэл гутралтай хэмээн тогтоогдсон байна. Мөн тус багийнхны үзэж буйгаар өвлийн улиралд манай улсын иргэд цаг агаар, утаа, түгжрэл зэрэг нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалан сэтгэл зүйн тогтворгүй байдалд ордог...
Эхчүүдийг сэтгэл заслын эмчилгээ, зөвлөгөөнд хамруулах тал дээр манайх нэлээд хойрго ханддаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрүүл мэндийн сайдын А/338 тоот тушаалд “Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тусламж үйлчилгээнд сэтгэл зүйн зөвлөгөө өгнө” гэсэн ганц өгүүлбэр л бий. Хамт ажилладаг хүн маань уг зөвлөгөөний талаар “Бие давхар байхад өрхийн эмнэлгээс яриад “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тул нөхөртэйгөө хамт ирээрэй” гэхээр нь очсон. Гэтэл үр хөврөл, ураг болон төрөх явцын талаар бүтэн цаг ярьсан. Түүнийг мэдэхгүй нөхөн үржихүйн насны хүн бараг л байхгүй дээ” гэж билээ. Бүх төрлийн мэдээлэл нээлттэй энэ үед тийм зүйл ярих гэж хүмүүсийн цаг завыг үрэх шаардлагагүй юм шүү дээ, уг нь.
Эхнэр, нөхрийн хэн хэнд нь тулгамдсан асуудал болоод байгаа сэтгэл санааны хямралыг даван туулахад нь туслах мэргэжлийн сэтгэлзүйчийн үг тэдэнд хэрэгтэй. Жирэмслэлтийн үед бие махбодын өөрчлөлтөөс үүдэн сэтгэл санаанд гарах өөрчлөлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн таагүй харилцаа, нийгмийн асуудал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж үүсэх сэтгэл гутрал, хямрал нь архагшихаараа сэтгэцийн эмгэг болтлоо хүндрэх аюултайг сэтгэцийн эмгэг судлаач болон сэтгэлзүйчид хэлдэг.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар АНУ-ын судалгааны багийнхантай хамтран өнгөрсөн өвөл эмэгтэйчүүдийг жирэмсэн болон төрсний дараах үед нь сэтгэл зүйн судалгаанд хамруулжээ. Уг судалгаагаар 72 хувь буюу арван эмэгтэй тутмын долоо нь сэтгэл гутралтай хэмээн тогтоогдсон байна. Мөн тус багийнхны үзэж буйгаар өвлийн улиралд манай иргэд цаг агаар, утаа, түгжрэл зэрэг нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалан сэтгэл зүй нь тогтворгүйтдэг.
Харин зун дээрх хүчин зүйлсийн нөлөө багасдаг тул хямралд өртөх нь бага гэж үзэн өмнөх судалгаагаа дахин явуулжээ. Гэхдээ сүүлд авсан уг судалгааных нь дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Манай байгууллагын зүгээс жирэмсэн болон төрсөн эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг болох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн, судалгаа явуулж буй. Сэтгэл гутрал нь хоёр шалтгаантай.
Эхнийх нь дотоод шалтгааны улмаас сэтгэл гутралд ордог. Энэ нь тухайн хүн өмнө нь толгойдоо гэмтэл авч байсан болон төрөлхийн сэтгэцийн өөрчлөлттэй байх явдал юм. Ийм шалтгаантай хүмүүс жирэмсэн болохоор өвчин нь сэдэрч, хүндрэх тал бий. Харин гадаад шалтгаантай сэтгэл гутрал нь гэр бүл болон хүмүүсийн харилцаа, хандлагаас үүддэг. Тухайлбал, нөхөр нь үл ойшоох, гэр бүлийнхэн нь ойлгож хүлээж авахгүй байх зэрэг нь үүнд нөлөөлнө. Ер нь жирэмсэн болон төрсний дараах үеийн сэтгэл гутрал нь гэр бүл, ялангуяа нөхрөөс нь үүдэлтэй нь 80-90 хувь байдаг.
Иймээс бид судалгаагаа нөхрүүдээс нь ч авдаг. Ингэж байж бодит үр дүн гарна. Гадаад шалтгаантай сэтгэл гутрал харьцангуй хөнгөн, эмчлэгдэх бүрэн боломжтой. Дахиж болох хэдий ч хоруу чанар бага. Харин дотоод шалтгаантай сэтгэл гутралд өртсөн хүнд мэргэжлийн эмчийн тусламж, эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Сэтгэцийн эмгэг ч гэж хэлж болно. Өөрийгөө эмгэгтэй гэдгээ мэдэхгүй, бие давхар болсныхоо дараа ойлгох тохиолдол ч бий. Жирэмсэн эмэгтэйн бие, мэдрэл шингэний зохицуулалтад өөрчлөлт ордгоос амархан уйлдаг, гомдомтгой, хэт их сэтгэл хөдлөлтэй болно.
Гэхдээ байгалийн жамаар үүнтэй дасан зохицох чадвартай байдаг. Мөн ийм өөрчлөлт орж байгаа хүмүүст ар гэрийнхэн нь хүлээцтэй хандан, ойлгож, дэмжиж байвал дотоод шалтгаантай сэтгэл гутрал ч аяндаа илааршдаг. Сэтгэл санаа нь байнга тайван бус байж, тэр нь эргэн тойрнынхонд нь хэт их нөлөөлдөг, аргадаж тайтгаруулсан ч тайвшрахгүй байх, ингэж хямрах нь удаан хугацаагаар үргэлжилж байгаа тохиолдолд эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөе” гэв.
Жирэмсэн болон төрсний дараа сэтгэл гутрах шалтгаануудын нэг нь гэр бүл төлөвлөлтгүй байх явдал аж. Төлөвлөж байж бие давхар болсон эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх нь харьцангуй бага, хүүхэд нь ч бүрэлдэж эхлэх үеэсээ тайван байснаар төрөөд ч тийм чигээрээ байдаг гэнэ.
СЭМҮТ-өөс 2013 онд улсын хэмжээнд явуулсан сэтгэл гутралын талаарх судалгаанд 12 мянга орчим хүнийг хамруулжээ. Судалгаагаар хүмүүс хүйс хамаарахгүйгээр сэтгэл гутралд ордог бөгөөд 35-45 буюу ид хөдөлмөрийн насныхан үүнд нэрвэгддэг нь тогтоогдсон гэсэн. Түүнчлэн сэтгэл гутралын тархалт үндэсний хэмжээнд 6.6 хувьтай байгаа аж.
ЭХЭМҮТ-д эхчүүдийн сэтгэл санааг өөдрөг болгох, тайвшруулах зорилгоор Хөгжимт эмчилгээний тасаг нээжээ. Уг тасагт сэргээн засах эмчилгээ хийдэг. Одоо нэмээд сэтгэлзүйч ажиллуулдаг болчихвол эхчүүд, хүүхдүүдэд тун ч хэрэгтэй байх сан. Улсын эмнэлэгт нь сэтгэлзүйчид тогтмол ажиллаж, сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг болж хэвшвэл манайхан ч бас сэтгэл гутрал, хямралаа сэтгэцийн эмгэг болтол нь хүндрүүлэхгүй, санаа зовоосон олон асуудлаа мэргэжлийн хүмүүстэй хуваалцаж сурах биз.
Үнэндээ амьдралынхаа асуудлыг сэтгэлзүйчид яриад, асуудлаа шийдэж байгааг бид гадаадын киноноос л хардагаас биш өөрсдөд маань тийм соёл хараахан тогтоогүй байна. Энэ талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Ц.Шүрэнцэцэг “Эмэгтэй хүн бие давхар болсон цагаас эхлэн зан үйлд нь олон өөрчлөлт орж эхэлдэг. Элдэв хорт зуршлаасаа татгалзаж, хоол хүнсэндээ илүү анхаардаг болох зэрэг нь эерэг өөрчлөлт.
Харин нийгмээс өөрийгөө тусгаарлах, өөрөөр хэлбэл, хамт олноосоо хөндийрөх, бие давхар гэдгээ бусдаас нуух, өмнө нь хийдэг байсан үйлдлүүдээсээ татгалзах нь сэтгэл зүйн хямралд өртөх шалтгаан болдог. Мөн гэр бүлээ төлөвлөж, хүсэж байж жирэмслэсэн эмэгтэй сэтгэл гутралд өртөх нь харьцангуй цөөн. Түүнчлэн багадаа сэтгэл зүйн гэмтэл авч байсан хүмүүс сэтгэл гутралд амархан өртөх, энэ нь сэтгэцийн эмгэг болтлоо хүндрэх магадлал их байдаг.
Тухайлбал, багад нь аав нь ээжийг нь хайрладаггүй, гомдоодог, хэрүүл маргаантай гэр бүлд өссөн эмэгтэй бие давхар болтлоо хэвийн байснаа жирэмслэхээрээ хүүхэд ахуй насных нь айдас сэдрэх тохиолдол бий. Манай байгууллага сэтгэл судлалын чиглэлээр ОХУ-тай хамтран ажилладаг. Тус улсын энэ чиглэлийн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж буй. Оросууд хүүхдээ хүйсийн ялгааг мэддэг болох үеэс нь эхлэн насны бүлэгт нь тохируулан гэр бүл болоход бэлтгэдэг.
Эрэгтэй хүүхдүүдийг ч гэсэн аав болоход нь бэлддэг гэсэн үг. Үнэндээ эрчүүд ч гэсэн эхнэрээ бие давхар байх үед нь яг адилхан хямардаг. “Эхнэрээ гомдоох вий, хүүхэд минь эрүүл саруул байгаа даа, яаж гэр бүлээ тэжээж, авч явна даа” гэх зэрэг олон бодол тэднийг чилээж байдаг. Бас байнга уцаарладаг, амархан гомдож, уйлдаг хүний дэргэд амьдарна гэдэг нь хэдийгээр түр зуурынх ч гэсэн хүн л юм чинь хэцүү байгаа. Тэгэхээр бие давхар болохоосоо өмнө хамтдаа сэтгэлзүйчид хандан, зөвлөгөө авч, эцэг, эх болохдоо өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй” гэж ярив.
Манай улсын эмч нар бие, эрхтний баргийн эмгэгийг анагааж чаддаг. Одоо бид сэтгэл зүйгээ анагаадаг, сэтгэлзүйчид ханддаг соёл тогтоох хэрэгтэй байна. Бид жирэмслэлт, төрөлтийн үеийн мэдээллийг найз нөхдөөсөө, эгч, ээжээсээ авдаг тогтсон хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй нь. Залууст эцэг, эх болох сэтгэл зүйн боловсрол олгож эхлэх хэрэгтэй байна. Сэтгэл санааны өөрчлөлтөд зөвхөн даавар нөлөөлдөггүй гэдэгтэй одоо эвлэрье.