Манай гаригийн хүн ам 2050 он гэхэд 9.8 тэрбумд хүрнэ. Хаа сайгүй л хөдөө аж ахуйн эдэлбэр газар хомсдож, эрчимжсэн газар тариалан байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Нөхөгдөшгүй ийм хохирол учруулахгүйгээр олон тэрбум хүнийг тэжээх боломж бий, эсэхийг ВВС-гийн Ли Чуонг, Клер Пресс нар судалжээ.
Вьетнам даяар газар тариалан эрхлэгчид тэнгисийн булангийн алга дарам газартаа цагаан будааны үрсэлгээгээ суулган, шалбааг дунд борви бохис хийх чөлөөгүй ажиллаж байгаа харагдана. Тус улсын амин чухал энэ салбар эрчимтэй хөгжиж буй нь байгаль орчинд хохирол учруулсаар. Газрын гарцыг дээшлүүлэхийн тулд азотын бордоог хаа сайгүй хэрэглэнэ. Энэ бодис гол, мөрөн рүү орж, ууршин агаар мандалд дэгдэж байна.
Нийслэл Ханой хотоос урагш хоёр цаг явж, Тьен Хайд хүрэв. Хөдөө аж ахуйн эл жижиг хотод олон улсын эрдэмтдийн баг судалгаа хийж, азотод дуртай бактериуд тус бүс нутгийн фермерүүдийн хэрэглэдэг бордооны хэмжээг багасгах боломжтой, эсэхийг туршиж буй гэнэ.
“Бусад үр тарианы адил цагаан будаа нь шаардлагатай тэжээлээ эл бодисоос авдаг. Харин хэрэглэсэн бордооны талаас илүү хувь нь гол, мөрөн рүү орж, агаар мандалд дэгдэж байна. Агаар мандалд үүссэн азотын давхар исэл нь нүүрсхүчлийн хийнээс 300 дахин их нөлөө үзүүлдэг” гэж судлаачдыг тэргүүлж буй, Вьетнамын Үр тарианы аж ахуйн судалгааны хүрээлэнгийн доктор Фам Тхи Тху Хуонг ярилаа.
Тэрбээр лабораторийн болон уламжлалт цагаан будаа хоорондын жин, уртын ялгааг хэмжихийн тулд талбайд анх удаа лабораторийн будааны үрсэлгээ суулгажээ. Энэ үрсэлгээ нь азотод дуртай бактерийн давхаргатай аж.
Ийм бактери чихрийн нишингэд байдаг бөгөөд агаар мандал дахь азотыг шингээж авдаг учир тусгай бордоо шаардлагагүй. Энэ нь будаа шаардлагатай азотоо эл бактериас авчихна гэсэн үг юм.
ҮХМЭЛ БҮС
1960-аад оны ногоон хувьсгал нь дэлхий даяар азотын бордоо болон пестицид (хортон шавьж устгагч) их хэмжээгээр ашигладаг болгосон. Ингэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үсрэлт хийж, олон сая хүнийг өлсгөлөнгөөс аварчээ. Гэвч хэрэглэсэн бордооны тал орчим хувь нь л талбайдаа үлдэж, гол мөрөн, далай тэнгист улам их азот орсоор байна.
Энэ нь замгийг ихэсгэж, тэдгээр нь хүчилтөрөгч их хэмжээгээр “залгиснаар”, тэр хавийн ургамал, амьтан мөхөхөд хүргэдэг аж. Өдгөө дэлхийд ийм үхмэл 500 гаруй бүс далай, тэнгист бий болжээ. Энэ 50 жилийн өмнөхөөс дөрөв дахин их үзүүлэлт юм.
ФЕРМЕРҮҮД
Вьетнамын газар тариалан эрхлэгчид жилд гурван удаа цагаан будаа тарьдаг. Тэдний нэг болох Буи Тхи Суот сарын 110 ам.долларын орлогоороо гэр бүлээ тэжээдэг. “Байгаль орчны бохирдлын тухай бид мэднэ. Гэхдээ манай будаанд бордоо зайлшгүй хэрэгтэй учир фермерүүд бидэнд өөр сонголт байдаггүй” гэж тэрбээр ярьж байна.
ХИЙМЭЛ БОРДОО ТУС БОЛОХ УУ
Өдгөө дэлхийд газар тариалан эрхлэгчдийн тал орчим хувь нь хиймэл бордоонд найдаж буй. Байгальд хор учруулахгүйгээр гариг дэлхийнхээ өсөн нэмэгдсээр байгаа хүн зоныг яаж тэжээх билээ? Олон улсын эрдэмтэд, тэдний дотор Хуонг шинэ технологиор энэ асуудлыг шийдэхэд найдлага тавьж байна.
Тэрбээр “Азот “иддэг” бактери нь хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах хамгийн шилдэг аргуудын нэг” гэжээ.
“Gluconacetobacter diazotrophicus” (Gd) хэмээх супербактерийг Их Британийн биологич Тед Кокинг анх илрүүлсэн аж. Лабораторийн туршилтууд нь амжилттай болсон учир доктор Тед Кокинг тариалангийн талбайд туршихаар шийдсэн байна.
Тэрбээр 2011 онд бизнес эрхлэгч Питер Блезардтай хамтран “Azotic” гэдэг компаниа байгуулжээ. Энэ компани Вьетнамд доктор Хуонгийн туршилтын зарим хэсгийг санхүүжүүлж буй гэнэ. “Сүүлийн 10 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт хийсэн хамгийн чухал нээлтүүдийн нэг нь энэ юм” гэж Питер Блезард тэмдэглэжээ.
“Ирэх жилээс супербактериа шингэн болон нунтаг хэлбэрээр худалдана. Одоо бид АНУ-д эрдэнэ шиш, шар буурцагт, Вьетнам, Тайланд, Филиппинд цагаан будаанд туршиж байна. Вьетнамд бордооны хэрэглээг 50 хувиар бууруулж, ургацаа 15 хувиар нэмэгдүүлж чадсан” гэж тэрбээр хэлэв.
Гэхдээ энэ аргыг шүүмжлэгчид бий. Дэлхий даяар энэ технологийг хэрэглэж болно гэдэгт Их Британийн “Rothamsted research” хүрээлэнгийн микробиологич Тим Моклин эргэлзэж байна. “Уур амьсгал, цаг агаар, үр тариа, хөрс дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй. Бүх асуудлыг шийдчихдэг тусгай шидэт саваа гэж байдаггүй. Гайхалтай хэдий ч боломжгүй” гэж тэрбээр өгүүлжээ.
Лабораторийн тохиромжтой нөхцөлд цагаан будааны янз бүрийн төрөл супербактерийг өөр өөрөөр хүлээн авч байсныг доктор Хуонг нуугаагүй бөгөөд “Эхний туршилт ямар ч амжилтгүй болсон ч бид судалгаагаа үргэлжлүүлсээр эцэст нь зөв нөхцөлийг олсон” гэв. “Миний ажил дэлхийн даяар хүнсний аюулгүй байдлыг хангахад тус болохын сацуу байгалийн нөөц баялгийг хамгаална” хэмээн тэрбээр найдаж буйгаа илэрхийллээ.