Цавчаал боомтын хаалга, 1885 он Зургийг Ролан Бонапарт
Э.Эрдэнэцэцэг
Бээжин хотын төвөөс чанх хойд зүгийг чиглэн нийтийн тээврийн автобусны хамгийн арын суудалд цонхоор ширтэн суулаа. Чихэнд чийртэй, бүхий л биеийг доргион байж тоормослох автобусны чимээ хааяа нэг бодол тасалдуулахаас өөр анир үгүй мэт. Зорчигчдын олонх нь нас дээр гарсан хүмүүс аж.
Яг л манай настайчууд цэвэр агаарт, ажин түжин амьдрахыг хүсдэг шиг, тэд ч бас үүнийг эрмэлздэг биз. Замд таарах ханз үсэг, хаа нэг Хятадыг санагдуулам барилга, хүмүүсийн яриаг эс тооцвол Монголын аль нэгэн сумын дэргэдүүр дайран өнгөрч буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Энэ бол хотын төвөөс нэлээд холдсоныг илтгэж буй хэрэг. Өсөж, төрсөн Ховдын маань төвийг санагдуулам модод замын хажуугаар сагсайж, тоосгон хашаа жирэлзэн өнгөрөх нь юу юугүй харьчихмаар хүсэлд автуулна.
Хоёр ч автобус дамжин, халтуурчин жолооч нарт хулхидуулах нь холгүй юм болж байж суусан унаа маань дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн, түмэн газрын Цагаан хэрэм, Цавчаал боомт, долоон зууны тэртээ Тогоонтөмөр хааны байгуулсан хаалга, тэнд бичсэн дөрвөлжин бичгийн хамгийн том дурсгалыг зорин хурдална.
Гэвч өдөр бүр тус замаар явдаг автобусны жолооч, зорчигчдод энэ бол нэг нь нөгөөгөөс ялгарах зүйлгүй эгэл жирийн зам. Харин надад ер бусын санагдана. Энэ л замаар Монголын цэрэг дэлхийд хөл тавьж, түүхийн хуудсанд үлдсэн их байлдан дагуулалт хийж, хэдэн мянган эрэлхэг эр энд амиа алдаж, бас тэдний үр хойч эл хотыг үүрд орхин одсон ч юм бил үү. Эцсийн буудалд ирэхэд манай аяллын 12 хүнээс гадна гурван хятад хүн л үлджээ.
Хятадын Төвийн үндэстний их сургуулийн оюутнууд “Би явж байна, Бээжин сууж байна” нэртэй аяллыг тус хотод суралцаж буй оюутан, залууст хэл, түүх, соёл, уламжлалаа сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байгаа билээ. Аяллын үеэр Цагаан хэрэм, Цавчаал боомтын, монголчуудтай холбогдох түүхийг Төвийн үндэстний их сургуулийн докторант Н.Саруул, Цавчаал боомтын хаалга, түүн дээрх дөрвөлжин бичгийн талаар докторант М.Жавхлан нар танилцуулав.
Үүдээр нь орохын төдийд л монгол хүмүүстэй таарав. Харин тэд бидний хэрэг зоригийг асуусангүй, хамт явсан багийнхнаасаа төөрч будлисан тул яаран одсон юм. Монголчуудын маань хэд нь тус газрыг зөвхөн дэлхийн долоон гайхамшгийн нэг гэдгээр нь зорьдог бол гэхээр харуусал төрнө. Хэрэв Төвийн үндэстний их сургуулийн оюутнууд эл аяллыг санаачлаагүй бол бид ч мөн мэдэхгүй өнгөрөх байлаа.
ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ БАЙГУУЛАМЖ
МЭӨ 200-гаад оны үед Чин гүрэн Хүннү гүрэнтэй найрамдлын гэрээ байгуулсан боловч нүүдэлчид байн байн довтлох болжээ. Ийн тэднээс хамгаалах гэж барьсан байгууламж нь одоогийн Цагаан хэрэм. Анх хүннүчүүд нэвтэрч орох боломжтой газруудад л хэсэгчлэн барьжээ. Хожим монголчууд хүчирхэгжсэн Алтан улсын үед болон Юань гүрэн мөхөх үед хэрмийг холбох томоохон залгалтууд хийсэн байна.
Дүүлэн нисэх аварга луу мэт харагддаг Цагаан хэрмийн нийт урт 21 мянган км бөгөөд саран дээрээс харагддаг, дэлхийн хамгийн урт байгууламж гэгддэг. Бидний очсон Цавчаал боомтын хаалгатай Цагаан хэрмийн Жюй Юун Гуань гарц нь өөр хоёр хаалганы дунд, мушгирсан Цагаан хэрэм давхацдаг хэсэгт байрладаг. Энэ нь Монгол, Хятадын хил, соёлын томоохон гарц байсан төдийгүй худалдаа наймаа, дайн тулаан зэрэг олон үйл явдал энд болдог байжээ.
ХЯТАДЫН ХААНЫГ ОЛЗОЛСОН БООМТ
Цавчаал боомт нь Хан улсын үеэс нэвтрэн өнгөрүүлэх хилийн боомтын үүрэг гүйцэтгэж иржээ. “Монголын нууц товчоо”-нд тус боомтын талаар хэдэнтээ дурдсан байдаг бөгөөд томоохон хоёрыг нь онцолбол 247 дугаар зүйлд Чингис хаан өрлөг жанждаа дагуулан эл боомтоор нэвтэрсэн тухай өгүүлдэг. Ингэхдээ Зэв жанжин эхэлж давшиж, арга ухаан сийлэн цэргүүдийг гаргаж, урхи тавин тэднийг ялсан аж.
Ийн тус боомтын өмнөд хэсэгт буюу Шар дэгдэр хэмээх газарт Чингис хаан буудалласан гэж тэмдэглэжээ. Харин 272 дугаар зүйлд өгүүлснээр Өгэдэй хаан боомтын ирмэгт тулж иртэл бие нь муудаж, төрийн бөө нь “Лус савдаг хилэгнэсэнтэй холбоотой учраас төрөл саднаасаа тахил өргөх хэрэгтэй” гэснээр дүү Тулуй нь энэ үүргийг сайн дураар гүйцэтгэн, хортой архи уун насан эцэслэжээ. Үүний дараа Өгэдэй хаан Цавчаал боомтыг нэвтрэн, Алтан улсыг эзэлсэн тухай өгүүлдэг байна.
Түүхэнд тэмдэглэсэн томоохон хоёр үйл явдал тус боомтод болсны нэг нь дээр өгүүлсэн Зэв жанжны түүх. Энэ талаар “Юань улсын судар”-т Зэв жанжин тус боомтоор 1213 онд нэвтрэх оролдлого хийсэн ч анхных нь амжилтгүй болж, хоёр дахиараа ялалт байгуулсан хэмээн бичсэн байдаг бол Монголын түүхчид “Зэв эхэлж ороод ялагдаагүй. Цөөн цэрэгтэй орж, зугтаж байгаа мэт дүр эсгээд хөөх үед нь отож, ялсан”
хэмээдэг. Харин дараагийнх нь 1449 онд өрнөсөн үйл явдал юм. Юань гүрэн буусны дараа 1368 онд Хятадад Мин гүрэн байгуулагдсан. Энэ бол хятад үндэстэн өөрсдийнхөө төрийг байгуулсан үе буюу Монголын бага хаадын үе. Монголын хаад нас балчир төдийгүй байнга солигддог, дэргэдээ тайштай байжээ. Хаан нь төв Монголоо, тайш нь зөвлөхийн үүрэг гүйцэтгэхийн чацуу баруун Монголоо захирдаг байсан аж.
Тогтобух хааны үед Эсэн тайш “Хаанд зөвлөж байгаа хүн яагаад төр улсыг захирч болохгүй” хэмээн үзэж түүний сүр хүчийг бууруулж, нэр төрөө өсгөхийг эрмэлзэх болж. Хаан, тайш хамтран Мин улс руу цэрэг хөдөлгөснөөс тайшийн цэрэг 1449 онд цөөн хоногт цайзыг эзэлж, Цавчаал боомтод тулжээ. Мин гүрний хаан Ин Зун энэ мэдээг сонсоод хоёр хоногт тус боомтод олон мянган цэрэгтэй ирэхэд цөөн цэрэгтэй Эсэн тайш Зэв жанжны аргыг хэрэглэн хааныг нь олзолсон байна.
Тэрбээр Ин Зун хааныг барьцаа болгон, Мин улсаар байр сууриа бататгах сонирхолтой байсан ч хятадууд дараагийн хаанаа тодруулснаар энэ нь бүтэлгүйтжээ. Зарим түүхч монголчууд Ин Зун хаанаар хонь хариулуулсан гэдэг ч Эсэн тайш түүнтэй хаан ёсоор харилцаж байсан гэж үзэх нь ч бий.
Мин гүрнийг хүртэл тус боомтын барилга байгууламж хэвээр хадгалагдаж, Күнзийн сургууль, сүм дуган үйл ажиллагаа явуулж байсан боловч Манж Чин улсын үед дайн байлдааны хөлд ихэд эвдэж, сүйтгэгджээ. Харин 1990 онд дахин сэргээн засварласнаар өнөөгийн дүр төрхөө олсон байна.
XIV ЗУУНЫ МОНГОЛ ХЭЛНИЙ ХАМГИЙН ТОМ ДУРСГАЛ
Юань гүрний нийслэл одоогийн (тухайн үеийн Дайду) Бээжин хотноо байсан үед Тогоонтөмөр хаан зарлиг буулгаж, 1342 онд Цавчаал боомтын Үүлэн тавцан хэмээх газарт сүрлэг том хаалга, гурван суварга байгуулжээ. Суваргууд нь дайн байлдааны хөлд нэрвэгдэн, ор мөргүй устсан байна.
Харин хаалгыг адрын (дээврийн) чулуугаар хийсэн бөгөөд дотор талд нь хээ угалз, бурхад, хувилгаад, элдэв амьтан сийлснээс гадна хоёр талын хананд 1345 онд монгол (дөрвөлжин), хятад, манж, төвд, тангад, уйгар үсгээр шүлэг сийлсэн байна. Шүлгийг анх хятадаар бичиж, бусад хэл рүү орчуулсан гэж үзэх хүмүүс байдаг ч харийн нутагт өөрсдийн байгуулсан гүрнээ захиран суусан монголчууд улсын бичиг дөрвөлжин үсгээр эхлэн бичиж, бусад хэл рүү орчуулсан нь судлаачдын баримтаар нотлогддог аж.
Тиймээс ч энэ нь тухайн үеийн монголчууд хүний нутагт 100 гаруй жил ноёлохдоо өөрийнхөө төрөлх хэлээр хэчнээн сайхан ярьж бичдэг байсны нотолгоо, XIV зууны монгол хэлний хамгийн том дурсгал болдог. Шүлэгт Хубилай хааныг бурхан шашныг түгээн дэлгэрүүлэгч хэмээж, Энэтхэгийн Ашока хаантай зүйрлэсэн байна.
Ашока хаан нь бурхны шарилыг оршуулах суварга босгосон түүхтэй. Харин шүлгийн төгсгөлд боомтын хаалга, суварга барих ажилд оролцсон хүмүүсийн нэрийг дурджээ. Мөн хаалганы дээд талд хангарди шувуу сийлсэн байх аж. Үүнийг бурхны шашны нөлөөгөөр хаадын сэнтийн толгойд сийлдэг байж. Харин 1995 оноос Улаанбаатар хотын сүлд тэмдэг болжээ.
Хубилай хаан 1261 онд зарлиг гаргаж, Юань гүрний иргэд нэг бичиг үсэгтэй байх ёстой гэж үзэн, улсын багш Пагва ламаар дөрвөлжин бичгийг зохиолгожээ. Зарлигийн дагуу Пагва лам нутагтаа буцан, найман жилийн турш дөрвөлжин бичиг, хоёр төрлийн үсэгтэй зохиосон аж. Нэг нь монгол хэл аялгууг тэмдэглэх, нөгөө нь харь үгийг бичихэд зориулагджээ. Монгол бичигт о, у үсэг болон ө, ү ялгагддаггүй. Тэгвэл дөрвөлжин бичигт долоон эгшиг долуулаа ялгаатай бичигддэг байна.
Анх 1855 онд Цавчаал боомтын хаалга, тус бичээсний зургийг Францын эрдэмтэн Ролан Бонапарт авч, Парис хотноо энэ талаар мэдээ бэлтгэж, уг зургийг нийтэлжээ. Энэ үеэс дэлхий нийтийн анхаарлыг татаж, Польш, Оросын эрдэмтэд хамтарч, хамгийн анхны эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэнийг дараа нь Унгарын эрдэмтэн Лайош Лигети дахин хянаж нийтлүүлсэн аж.
Хожим 1959 онд Ц.Дамдинсүрэн гуай “Монголын эртний уран зохиолын түүх” номдоо тус хаалганы талаар дурдан, шүлгийг дөрвөлжин үсгээс монгол бичиг рүү хөрвүүлжээ. Дөрвөлжин үсэг нь өдгөө мөнгөн тэмдэгт, томилгооны бичиг, хэргэм зэргийн пайзад хадгалагдан үлдсэн ч томоохон ийм хэмжээний дурсгал цөөн байдаг аж.
Монголын төр, засаг нэгэн цагт бидний хэл аялгууг тэмдэглэж байсан дөрвөлжин бичгийн дурсгал болон гадаад улсад хадгалагдан үлдсэн соёлын өвүүдээ эх нутагтаа хуулбарлан авчрахад анхаарал хандуулж, залуу хойч үедээ сурталчлан таниулах нь чухал санагдсаныг энд дурдъя.
Бүх зүйл устан үгүй болж байна. Бидний хүсэл мөрөөдөл, дурсамж, дурдатгал, тэр ч байтугай бид өөрсдөө нэг өдөр хорвоог орхино. Гэвч бүтээсэн бүхэн бүгд биш юм аа гэхэд ямар нэг байдлаар үлдэнэ. Үүний жишээ бол Цагаан хэрэм, Цавчаал боомтын хаалга, түүнд үлдсэн долоон зууны тэртээх монгол хэл аялгууг тэмдэглэн үлдээсэн дөрвөлжин үсгийн бичээс юм. Үүх түүх дурсгалаараа хадгалагддаг.