Ашгүй дээ, бүтэн дөрвөн жилийн турш дуулианы төв цэг байсан хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энх тунх эхлэх нь. Асуудлын гол нь ДАШТ-д биш зохиогч орон ОХУ-даа байлаа. Эхний бэрхшээл нь Оросыг тойрсон улстөр, эдийн засгийн хориг арга хэмжээ. Дараа нь Оросын тамирчдын хавтгайдаа сэргээш хэрэглэсэн хэл ам. Удаад нь тангуулч Скрипалийг хордуулсан хэрэг. Эцэст нь, ДАШТ-ийг зохиох эрхийг хахуулиар авсан асуудал дэгдсэн билээ. Энэ бүхнээс үүсэх хор уршиг нь шигшээ багууд ДАШТ-ийг бойкот хийх явдал байлаа. Дээрх асуудлууд сөхөгдөх бүрт бойкотлох санал хүчтэй яригдсан. Англи, Австрали тэргүүтэй цөөнгүй орны төрийн түшээд үүнийг дэмжсэнээр барахгүй бусдыг уриалж байлаа. Хэрэв газар авсан бол 2018 оны ДАШТ спорт сонирхогчдын хувьд эмгэнэл болон хувирах байв. Харин Олон улсын хөлбөмбөгийн холбоо “Спортод улстөр үгүй” гэсэн үзэл санаандаа үнэнч байсаар ирсний үр дүнд хүн төрөлхтөнд хүссэн ДАШТ-ийг нь үзүүлж байна, мөрөөдсөн ододтой нь уулзууллаа.
Ингээд “Russia-2018” өнөөдөр 23.00 цагт Москва хотод эхэлнэ. Нээлтийн тоглолт ОХУ-Саудын Араб. Оросын ард түмэн том мөрөөдөлтэй байгаа ч шигшээ нь жижиг үйлдэлтэй байна. Дасгалжуулагч С.Черчесов нь багаа хоёр жилийн турш бүрдлүүлсэн авч бай ч үгүй банзанд ч үгүй суух. Тоглолтын арга барил, агуулга утгын хувьд авах юм үгүй. ДАШТ-ийг зохиогоод хэсгээсээ шалгарч чадаагүй хоёр дахь улсаар (ӨАБНУ-ын дараагаар) тодрохгүй байгаасай л гэж хойд хөршүүд залбиран байгаа.
Асуудалтайгаар тэмцээнийг эхлүүлж буй өөр нэг шигшээ бол Герман. 2014 оны дэлхийн аварга цол, туршлагатай одод, чадвартай залуус гээд юу л бол юу, ямар бол ямар давуу чанар тэдэнд бий. Гэтэл сүүлийн гурван тоглолтод дараалан ялагдсан гашуун үзүүлэлтийг сая үзүүлэв. Үүнээс үүдэн германчууд шигшээ маань яах бол хэмээн санаа зовниж байна. Харин Йохим Лёв л тайван байх. Хашир үнэг яахаа мэдэж байна л даа. Хэдийд багаа формдуулахаа ч тооцчихож. Тэгээд ч тэмцээний эхний тоглолтоо хийгээгүй байна шүү дээ. Тэндээс бүх тохиргоогоо чиглүүлж таараа. Угаасаа 2014 оны ДАШТ-ээс олсон туршлагаа тэр гол мөрдөлгөө болгож байгаа бололтой. Тэгэхэд дэлхийн аварга болсон ч гэлээ шийдвэрлэх тоглолтод багаа золтой л нухуулчихаагүй юм. Багаа эрт формдуулсанаас тэр. Тиймээс МИХАЭЛЬД бодол байна аа байна.
Гэтэл утаагүй байсан газар нэгэн дажин дэгдээд эхэллээ. Германы шигшээтэй алтан медаль булаалдаж мэдэхээр байсан Испанийн баг дасгалжуулагчаа өчигдөр халж орхилоо. Үйлдэл нь түргэддэгээрээ хэвлэлээр гөвшүүлдэг хөлбөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес нь Хулен Лопетегиг халж хаяснаа ФИФА-гийн конгрессийн хурлын үеэр зарласан. Тэгвэл Фернандо Иеррог томилж буйгаа өнөөдөр мэдэгдэв. Мань Иеррод дарга хийх туршлага бий. 2017 оноос Испанийн хөлбөмбөгийн холбооны спортын захирлаар ажиллаж буй. Харин дасгалжуулагчийн практик үгүй. “Овьедо” клубийг удирдах аз 2016 онд тохиосон ч доод лигээс нь сугалж чадаагүй. Халагддагийн даваан дээр нь Рубиалес холбоондоо дэвшүүлэн татсан юм. Хэрэв Испани шившгээ тарих аваас Рубиалес, Иерро хоёр хөтлөлцөж байгаад балбуулж таарна. Үүнээс үүдэн бооцооны харьцаанд эрс өөрчлөлт орж байгааг бооцооны олон улсын конторууд мэдээлж эхэллээ. Ла Рожад итгэгсэд цөөрлөө гэж. Гэхдээ байдал тэгтлээ дор биш л байх шиг. Иерро спортын захирал утгаараа шигшээгийн дэргэд байсаар ирсэн. Лопетеги багаа хэрхэн гайхалтай тоглуулж байгаа нууцыг нэвт биш юмаа гэхэд шувт мэдэж байгаа. Хамгийн гол нь хуучны танил гэдгээр нь шигшээгийн тоглогчид сайхнаар хүлээж авлаа. Ахлагч Серхио Рамосоос өгсүүлээд лидер хөлбөмбөгчид нь бүгдээрээ түүнийг илээр дэмжиж байна. Хэдийд ч хэнбугайн ч өмнө үгээ хэлдэг Рамос дэмжээд байна гэдэг нэгийг бус ихийг өгүүлж байгаа хэрэг шүү. Тиймээс Испанийг тооцооноос хасах гэж яарах хэрэггүй. МИГЕЛЬД бодол бий.
Бусад том багуудын хувьд яриа алга, одоохондоо. Тодруулбал, Бразил, Францын тоглогчид бүгдээрээ эв эрүүл, сав саруул. Үнэхээр тансаг бүрэлдэхүүнтэй багууд л даа. Тоглогчдоо шилж байгаад л авч байна шүү дээ. Хичнээн ч сод авьяастнуудыг дэлхийн аваргын гадна үлдээв. Тансаг ч тоглолтыг тансаг амжилттай нь хамт үзүүлж ирлээ. Сонгон шалгаруулах тэмцээнийг тэдэн шиг солгой хөлөөрөө хөнгөхөөн туулж гарсан баг ховор шүү. Бразилийн одоогийн бүрэлдэхүүн 2004 оноос хойш хамгийн хүчтэй нь. Арга ч үгүй биз. Хаалгач, хамгаалагч, хагас, довтлогчийн байрлал нь төгс гэмээр тэнцвэржсэн. Угтаа, өөлөх өөгүй гэсэн үг. Энэ балансыг дасгалжуулагч Тите урьдчилсан тэмцээнд маш сайн барьснаар ялалтын цувралаа олон тоглолтод үргэлжүүлсээн. Ийм багийн дотор 2014 оны 1:7-г 2018 онд 7:1-т хувиргах бодол багтаж буй нь лавтай. МИГЕЛД бодол бий.
Францын гол давуу тал бол дасгалжуулагч Дидье Дешамын шигшээд ажилласан олон жилийн хөдөлмөр. Түүнээс илүү гарах цор ганц хүн нь Йохим Лёв, 2004 оноос. Дидье 2012 оноос хойш шигшээг удирдсан учир түүний үзэл санаа, арга барил тоглогчдын нь мах бодь, эд эст нэвт шингээстэй байгаа. Тиймээс багаа хүссэн хувилбараараа тоглуулна, баг нь дурын барилдаа шилжинэ. Дээр нь 2016 оны Европын дэд аваргын туршлагыг нь мартаж болохгүй. МИШЕЛЬД бодол бий.
Томчууд ийнхүү мэдээллийн толгойд бичигдэж, бүгдийн тэргүүнд яригдаж байх хойгуур Англи, Аргентины шигшээ бэлтгэлээ чимээгүйхэн базааж байна. Ийм орчинг л тэд хүсээд байгаа. Жилийн жилд томоор үнэлэгдэж тэр хэрээр шатдаг уламжлалтай багууд намуухан нөхцөлд ингэж чимээгүйхэн урагшлахаар төлөвлөсөн. Нэг ёсондоо, байшинг нэг, нэг тоосгоор нь өрөхөөр зэхэж байна. “Барбарос” төлөвлөгөөгөө илчлэхгүйн тулд тоглогчид нь ч хэвлэлд цухуйхаа байсан. Месси ам нээхгүй байгаа, Кейн ярилцлаганаас зугтаж яваа. Нөөцийн хувьд Англи, Аргентины шигшээ дээрх багуудаас сүйдтэй дутаад байхгүй. Сайн яривал 2014 оны ДАШТ-ээс илүү хүчтэй бүрэлдэхүүнтэй ирлээ. Дасгалжуулагчид нь ч ухаалаг байна. Сампаолиг бүгд л мэднэ, эрсдлийг хэрхэн тооцох чадвартай, тоглогчдынхоо давуу чанарыг яаж ашиглаж чаддагийг нь. 2014 оны тэмцээнд Чилигийн шигшээг яаж тоглуулсанаас харж болно. Саутгэйтийн хувьд дасгалжуулагч статус нь доогуур үнэлгээтэй. Гэхдээ зөөлөн зантай. Энэ нь түүний давуу чанар болж байна. Зөөлөн хатуугаа иддгийн бодит жишээг тэрбээр харуулахдаа “би”-гээ өмнөө тавьдаг англи хөлбөмбөгчдийн дотоод уур амьсгалыг тогтоож, тоглолтын нь гадаад хэлбэрийг тун чиг хөгжүүлж өглөө. Тиймээс англичуудын амжилтын нь нууц Гарет байх болно. МАЙКЛД бодол бий гэж.
За, за. Надад ч бодол байна. Харьж хөлбөмбөгөө үзье.