МАХН-ын XVII их хуралд хүндэт төлөөлөгчөөр оролцсон Ж.Пирес шагай харваж буй нь
1967 онд тэд гэр бүлээ батлуулахаар Москва хот дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд очсон нь хэрэг мандуулав. Дотоод явдлын яамны нэр дээр Гадаад хэлний дээд сургуульд сурдаг бүсгүй европ залуутай гэрлэлтээ батлуулахаар ирсэнд Элчин сайдын яамныхан В.Маяковскийн “Зөвлөлтийн паспорт” шүлгэнд өгүүлдэгчлэн “зарлал үзсэн ямаа” гэдэг шиг мэл гайхаж, цэл хөхөрчээ. Зөвлөлтийн иргэнтэй гэр бүл болсон монгол хүн Төрийн тэргүүнээсээ эхлээд олон тул гайхаад байх юм биш.
Харин гуравдагч улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхээр ирсэн монгол бүсгүй тэднийг алмайруулсан нь лавтай. Элчин сайдын яамны ажилтан “За ойлголоо, энэ асуудлыг төв рүү уламжилна” гээд тэднийг гаргажээ. Бие давхар болсон бүсгүй хайрт залуутайгаа гэрлэлтээ батлуулахаар Элчин сайдын яамаар хэд хэдэн удаа очсон ч нааштай хариу авсангүй. “Хүлээж бай, төвөөс хариу ирээгүй байна” гэсээр багагүй хугацаа өнгөрөв.
Хэрэг явдал нэг л биш болоод байгааг залуу хос мэдэрч, сэтгэл түгшин хүлээсээр. Гэтэл нэг өдөр Монголоос эгч Цэрэндулам нь цахилгаан ирүүлж, “Ээжийн бие муу байгаа тул яаралтай ир” гэжээ. Энэ тухай Жорждоо хэлж, онгоцны тийз авав. Тэднийг салгахаар төвөөс шийдсэнийг залуу хосын хэн нь ч мэдсэнгүй. Буянт-Ухаад бууж, гэртээ ирвэл, бие нь муу байгаа гэсэн ээж нь хогоо асгаад явж байсан гэдэг. Ингэж л хэрэг бишдэж, үзэл суртлын үл үзэгдэх ханаар тусгаарлагдсанаа ойлгов.
ШОКОЛАДАНД НУУСАН, Ю.ЦЭДЭНБАЛД БИЧСЭН ЗАХИДАЛ
Монголд ирснээсээ хойш хайртай залуугаасаа холбоо тасрав. Захидал бичсэн ч хариу алга, авсан, эсэх нь тодорхойгүй. Утсаар ярьж болохгүй, ийм л байдалтай өдөр хоногийг өнгөрүүлсээр. “Намайг буруу ойлгосон байна, би сургуулиа төгсөөд Монголдоо ирнэ, нутагтаа амьдарна” гэж хэлэхээр Дотоод явдлын яаманд очсон ч түүнийг сонсох хүн олдсонгүй.
“Хэвлий дэх хүүхэд өдөр өдрөөр томорч, Жоржтой ингээд уулзаж чадахгүй болчихож байгаа юм биш биз дээ гэж бодох тусам аймшигтай санагдаж байлаа”
гэж ярих Ж.Хоролсүрэн гуай нэг л гунигтай болж, тэртээх хүнд өдрүүддээ очсон мэт харагдав.
Жоржоос ямар ч сураг, холбоо, захидал байдаггүй. Өдөр хоногууд түүнд улам хүнд болсоор. Утсаар ярих гэж олон удаа оролдсон ч бүтсэнгүй. Энэ бүхнийг төвөөс зохион байгуулаад байгааг бүсгүй яахан мэдэх билээ. Түүнд хэцүү байгааг ойлгосон нэгэн “Чиний бичсэн захидлуудыг хянаж байгаа, тиймээс холбоо тогтоох өөр арга бодсон дээр” хэмээн аминчлан хэлжээ. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа нэг найз бүсгүй нь ЗХУ руу явах гэж байгааг мэдэв. Тэгээд Жорждоо бичсэн захиагаа хайрцагтай шоколаданд нууж, найздаа дайлаа.
Анхны үрийг нь тээж буй хайрт бүсгүй нь нутаг руугаа яваад хэл сураггүй болсонд Жорж галзуурахаас наагуур байжээ. Шоколанданд нууж явуулсан захидал Жоржид хүрч, тэрбээр юу болоод байгааг мэдсэн байна. Монголд очсон хайрт бүсгүйгээсээ арайхийж хэл аван, ямархуу байгааг нь дуулсан тэрбээр энэ тухайгаа хамт сурч байсан Зөвлөлтийн оюутан нэг найздаа ярьжээ. Хэд хоногийн дараа найз нь түүнд “Чи Цэдэнбал гэдэг даргад нь захиа бич, тусалж юуны магад” гэсэн төдийгүй түүний өмнөөс захидал бичиж өгсөн аж. Энэ хооронд Ж.Хоролсүрэн ч зүгээр суусангүй. Төв хороогоор дамжуулан Ю.Цэдэнбал даргад бас захидал бичжээ.
“Ю.Цэдэнбал дарга өөрт нь хандсан л бол заавал хариу өгдөг, шаардлагатай бол хэнийг ч хүлээн авч уулздаг байлаа”
хэмээн Ж.Хоролсүрэн гуайн өгүүлэхийг сонсоод ардчилал хэмээн амаа цууртал ярьдаг хүмүүст адлагдсан тэр удирдагчийг өнөөгийндарга нартай харьцуулаад амжив, би.
Ю.Цэдэнбал даргын туслах гэж өөрийгөө танилцуулсан хүн нэг өдөр ирлээ. Тэгээд “Чиний захидалтай дарга танилцсан. Ний нуугүй хэлэхэд би юу ч ойлгоогүй. За тэр яах вэ, дарга ерөнхийд нь ойлгосон. Чи сургуульдаа явж болно. Яам, тамгын газраас чамайг дахиж дуудахгүй” гэх нь тэр. Үүнийг сонссон бүсгүй хөл газар хүрэхгүй шахам баярлажээ. Тэгээд 1968 оны хоёрдугаар сарын дундуур хайрт залуу руугаа, сургуульдаа үргэлжлүүлэн сурахаар явсан юм.
Москвад очоод удалгүй охиноо төрүүлэв. Жорж эхнэр, охиноо юугаар ч дутаасангүй, тэдэнд хэрэгтэй бүхнийг урьдчилан бэлтгэсэн байжээ. Тэрбээр маш халамжтай аав болов. Эхнэрээ амаржихаас өмнө нялх хүүхдийг хэрхэн асрах, төрсөн эмэгтэйг яаж халамжлах талаар бүхнийг судалж мэдсэн байлаа. Энэ бүхнийг хичээл сургуулийнхаа хажуугаар огт түүртэлгүй хийж байсан юм. Залуу хос нялх үрээ өсгөж, өдөр хоногийг аз жаргал дүүрэн өнгөрүүлж байсан ч энэ бүхэн удахгүй дуусна гэдгийг тэдний хэн ч мэдэхгүй.
Анголын армийн дэслэгч генерал Ж.Пирес
ХАГАЦАЛ, ДАХИАД Л ХАГАЦАЛ
Ж.Хоролсүрэн бүсгүй 1969 онд сургуулиа төгсөв. Тэрбээр хэлж байснаараа Монголдоо ажиллаж, амьдрахаар охиноо аван эх орондоо буулаа. К.А.Темирязовын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн төлөвлөлтийн ангийг төгссөн Жорж Салазарын харгис дэглэмийг нуртал Монголд амьдрах бодолтой эхнэр, охиныхоо араас иржээ. Гэсэн ч манай Элчин сайдын яамнаас түүнд нэг сарын хугацаатай виз олгосон аж.
Ж.Пиресийг Монголд буухад эхнэр, охиноос нь гадна НАХЯ-ны арав гаруй ажилтан тоссон нь Ж.Хоролсүрэнд ажиллагджээ. Тэд түүнийг Монголоос явах хүртэл дагаж, гэрийнх нь гадна манадаг байсан гэсэн. Визнийх нь хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө Цагдан сэргийлэхийн ажилтан ирж, Монголоос 24 цагийн дотор гарахыг шаардав. Ингээд арга буюу эхнэр, охиноо үлдээгээд явлаа. Хоёулаа эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монголд ажиллаж, амьдрах зорилготой байсан залуу хос ийнхүү дахин хагацаж, хэн хэн нь хүнд бэрх жилүүдийг туулсан юм. Жорж Москвагаас Алжирт очлоо.
Португалд нь түүнийг баривчлах аюул хүлээж байсан тул тийнхүү дахиад л харь орныг сонгожээ. Аав, ээж, дүү нар нь түүнтэй аль нэг гуравдагч орныг сонгон уулздаг байсан аж. Алжир дахь Монголын Элчин сайдын яамаар тэрбээр үе үе очдог болов. Элчин сайдын яамны нэг ажилтны хүү Москвад түүнтэй оюутны байранд хамт амьдарч байж. Түүний хүү охин Тинатай нь нас чацуу. Охиноо санахдаа Элчин сайдын яамаар орж, монгол хүүхэд харж, бэтгэрсэн сэтгэлээ түр ч атугай дэвтээдэг байсан тухайгаа хожим эхнэртээ ярьжээ.
Жоржийг Монголоос явсны дараа түүний ээж монгол бэртэйгээ захидлаар харилцаж, Европ, Африкийн аль нэг оронд уулзах урилга байнга илгээх болов. Монгол бол хаалттай улс, иргэд нь гадаадад чөлөөтэй зорчих эрхгүй гэдгийг тэрбээр яахан мэдэх билээ. Жоржийн ээж Влантина Монголд үлдсэн бэр, ач охин хоёртоо долоо хоног бүр захидал бичиж, байсхийгээд л илгээмж ирүүлнэ. Түүнд нь хүүхдийн хувцаснаас эхлээд чамин эд зүйл байх. Энэ бүхнийг хүлээн авах бүртээ Ж.Хоролсүрэн санаа зовдог болсон нь тэрбээр аргагүйн эрхэнд монгол хүнтэй гэр бүл болоод байсантай нь холбоотой.
“Захидал, урилга авах бүртээ би түгшдэг байлаа. Гадаадын иргэнтэй гэр бүл болох гэлээ хэмээн дуудаж авчирсан улс чинь намайг юу гэж дахин явуулах билээ”
гэж тэрбээр надтай ярилцаж суухдаа санаа алдан өгүүлсэн юм.
Ж.Хоролсүрэнг гэр бүлтэй болсон талаар Жорж ямар ч байсан мэджээ. Алжир дахь манай Элчин сайдын яамаар ирж очдог түүнд ийм юм болсон шүү гэдгийг зориуд хэлсэн байх ч магадлалтай.
“Монголд ардчилсан хувьсгал ялна, иргэд бид хүссэн улс орон руугаа чөлөөтэй зорчдог болно гэж тэр үед зүүдлээ ч үгүй явсан шүү дээ. Миний байдал ямар байгаа билээ. Цаашдаа амьдрах хэрэгтэй, хүүхдээ өсгөх, сургуульд оруулах хэрэгтэй. Ингээд арга буюу хүнтэй суусан. Харин энэ тухайгаа Жорждоо хэлнэ гэхээс зүрхшээж байлаа. Охиноо гэсэн түүний голыг харлуулахаас үнэндээ эмээсэн юм”
гэж хэлээд Ж.Хоролсүрэн эгч уртаар санаа алдав.
-Таныг гадаад хүнтэй гэр бүл болж байсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс тань мэддэг байв уу. Тэдний хандлага ямар байсан бэ? хэмээн түүнээс асуухад:
-Хамт ажиллагсад, хүмүүс надтай яаж харилцаж, охин руу минь яаж харж байсныг одоо хүртэл би тод санадаг. Тэглээ гээд яах вэ дээ, энэ тухай яримааргүй байна.
Ингэж хэлээд түүний нүд жигтэйхэн гунигтай болсныг би ажиглаад цааш нь өөр зүйл асууж зүрхэлсэнгүй. Буржгар үстэй, том алаг нүдтэй, хүрэн бор царайтай хүүхдүүдийг эмээ, өвөө нь бололтой хүмүүс хааяа нэг гудамжаар дагуулж явах. Монголчууд бид тэдэн рүү яаж хардаг, дагаж явах нь холгүй юм болдог байсныг мэдэх юм хойно тэр хаалттай цаг үеийн тухай ярьж, түүний сэтгэлийн шархыг хөндөөд яах гэж бодов.
Гадаад явдлын яамны ажилтан болсон Ж.Хоролсүрэн байсхийгээд томилолтоор явдаг ажилтай болов. Ийм нэгэн томилолтынх нь үеэр Жорж Монголд ирсэн гэдгийг тэрбээр сүүлд мэджээ. Нэг удаа зурагтаа асааж, тухайн үед Монголд гардаг гадаадын телевизийн ганц суваг Зөвлөлтийн “Орбит”-ын нэвтрүүлгийг үзэж байтал ТАСС агентлагийн сэтгүүлч Жоржоос ярилцлага авч байхтай таарчээ. Дуу хоолой, царай зүс нь хэвээрээ. Кубын цэргийнхний өмсдөг шиг дүрэмт хувцастай байх юм гэнэ. Тэрбээр оросоор ярилцлага өгч байж. Ж.Хоролсүрэн хогийнхоо шүүрийг барьсан чигээрээ, зурагтынхаа өмнө нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, хөшсөн мэт зогссоноо ч мэдсэнгүй. Ингэж хайрт хүнээ зурагтаар харж, уулзсан мэт болсон аж.
Үргэлжлэл бий.