Facebook компани 87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг бусдад дамжуулсан талаарх мэдээлэл цацагдсанаас хойш тус компанийн ерөнхийлөгч Марк Цукерберг Америк болоод Европын холбооны асуулгад дуудагдаж тайлбар хийсэн. Ингэхдээ “Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн амлалтыг өгч байв. Facebook хэрэглэгчдийнхээ мэдээллийг Cambridge Analytica компанид шилжүүлсэн тухай мэдээ анх цацагдахад Цукерберг мэдээллийн датаны аюулгүй байдалд хангах үүднээс гуравдагч этгээдийг хэрэглэгчдийнхээ мэдээллийн баазад нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авсан. Ингэхдээ хөндлөнгийн апликэшнүүдийн мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа явуулах боломжийг хаахад чиглэгдсэн ажлуудыг хийжээ. Мэдээллийн аюулгүй байдлаа илүү чангатгаж байна гэх энэхүү мессежээрээ хэрэглэгчдийнхээ итгэлийг эргээд олохыг тэр хичээж байна. Гэвч Цукербергийн булхайг дэлгэсэн баримтууд ар араасаа хөвөрсөөр байна.
Хамгийн сүүлд гэхэд, хэрэглэгчдийн бүх талын мэдээллийг авах боломж технологийн томоохон компаниудад нээлттэй хэвээр байгааг New York Times сонин илрүүллээ. Сонины мэдээлсэнээр Facebook компани Cambridge Analytica хэмээх мэдээллийн задлан шинжлэл хийдэг байгууллагад хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулсны зэрэгцээ техник, электроникийн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг Microsoft, Apple, Samsung, Amazon зэрэг 60 том компаниудтай хуваалцдаг ажээ. Facebook эдгээр компаниудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг гэх бөгөөд хамтрагчид гэсэн нэрийн дор мэдээллийн сангаа ашиглах боломжийг олгож байгааг New York Times баримттай өгүүллээ. Уг нь Facebook энэхүү гэрээг зогсоох ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн ч зарим тохироо нь үйлчилсэн хэвээр байгаа аж. Гэрээний хүрээнд гар утас үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнд тохируулан Facebook тохиргоог өөрчилж болох боломж эдэлдэгийг ч New York Times мөн тогтоожээ. Тухайлбал, BlackBerry утасны хэрэглэгчид аккаунтаа нээлгүйгээр Facebook-ээр дамжуулан бусадтай ярих боломжтой болжээ. Түүнчлэн аккаунт дахь харилцагч руугаа гар утаснаас мессеж илгээх тохироо олон ухаалаг утаснуудад нээгдсэн байна. Хамгийн сонирхолтой нь, Facebook-ийн мэдээлэл нь бусдад дамжуулагдахгүй байх тохиргоог гар аргаар хийсэн иргэдийн мэдээллийг ч авах боломж тэдгээр компаниудад нээлттэй хэвээр байгаа явдал юм. Энэ нь хожим хөврөх асуудлын гол баримт болохоор байгаа аж. “Хаалгандаа цоож хийсэн ч слесарь түлхүүрийг нь хувилаад найзууддаа тараасан гэдэгтэй л агаар нэг” хэмээн АНУ-ын Худалдааны комиссын ажилтан Ашкан Солтани Facebook-ийн энэхүү салаа утгатай үйлдлийг тодорхойлсон байна.
Хачирхалтай нь, Цукерберг хэрэглэгчдийнхээ мэдээллийг бусдад дамжуулахгүй хэмээн ил тод нэг бус удаа мэдэгдсэн авч гэрээтэй ажилладаг гэх дээрх компаниудаа гуравдагч этгээд гэж үзэхгүй байгаа төдийгүй хэрэглэгчдийн мэдээллийн санг ашиглах бололцоог хамтрагчиддаа олгодог оо, олгосоор байгаагаа олон нийтэд зарлаагүй юм. Гэтэл энэ үйлдэл нь мөрдвөл зохих нэг бус дүрэм журамд харшилж байна. Жишээ нь, энэ оны тавдугаар сарын 25-нд Европын холбооноос баталсан GDPR мэдээллийг дамжуулах тухай шинэ журмыг зөрчжээ. “Facebook болон гар утас үйлдвэрлэгчдэд найдаж болно гэж та бодож байна уу? Гэвч хэр их мэдээлэл хадгална тэр хэмжээгээр алдагдах магадлал өсч байдаг” хэмээн Берклийн их сургуулийн мэдээллийн аюулгүй байдлын салбарын эрдэмтэн Серж Эгельман анхааруулж байна.
New York Times сонин тууштай хөөцөлдсөний дүнд Facebook компанийн дэд захирал Айми Арчибонгоос тайлбар авсан байна. Тэрбээр “Гар утас хэрэглэгчдийн тав духад Facebook хэрхэн нийцэж байгааг судлах цорын ганц зорилгоор л бид мэдээллийг цуглуулдаг” хэмээн ярьжээ. Тус компани албаны байр сууриа итгэлтэй илэрхийлж байгаа хэдий ч Марк Цукерберг АНУ-ын Конгрессийн асуулгад дахин дуудагдаж магадгүй болсон хэмээн Америкийн сэтгүүлчид үзэж байна.
Олон сая хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн энэ том асуудлаас үүдэн Facebook-ийн нэр хүнд унаж буй талаарх мэдээлэл ертөнцийн өнцөг булан бүрээс түгэж байна. Хамгийн сүүлд гэхэд BBC энэ талаар мэдээллээ. Тэдний гаргасан судалгаагаар Facebook-ийн хэрэглэгч өсвөр насны америк охид хөвгүүдийн хувь энэ жил 51 болж буурчээ. Гэтэл энэ үзүүлэлт 2015 онд 71% байсан байна. Харин энэ зуур YouTube хэрэглэгч өсвөр настнуудын тоо эрс өсч 85%-д хүрсэн бол Instagram, Snapchat-ийнх 70%-ийн босгыг давжээ. Америкийн судалгааны байгууллагуудын гаргасан прогнозоор Facebook 2018 оны нэгдсэн дүнгээр 25-аас доош насны 2.1 сая хэрэглэгчээ алдахаар байгаа гэнэ.