1978 оны долдугаар сарын 19-нд Монголын түүхэнд нэгэн том үйл явдал болсон нь олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн нээлт байлаа. Энэ нь тухайн үед социалист системийн харьцангуй хөгжил сайтай гэх зарим оронд ч хийж амжаагүй байсан цогц, том бүтээн байгуулалт болсноороо онцлог. Тэр цагийн ханшаар хэдэн арван сая төгрөгөөр ийм хэмжээний бүтээн байгуулалтыг Монголын хойч үеийнхэнд зориулан байгуулах санал санаачилга гарган, итгэл, сэтгэл зүрхээрээ зүтгэсэн Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова хэмээх эрхэм хүмүүнд бид үеийн үед мэхийн ёслох учиртай.
Энэ онд тус байгууллагын 40 жилийн ой тохиож буй. Өнгөрсөн хугацаанд “Найрамдал” зогсолтгүй ажиллахдаа цэцэглэн хөгжиж, өнгө зүс нь гялалзсан ч үе бий. Бас улс орны эдийн засгаас шалтгаалан жаахан “гандуухан” байсан үе ч тохиосон. Гэхдээ л энэ бүхнээс үл шалтгаалан гадаад, дотоодын өч төчнөөн сая хүүхдийн гэгээн дурсамжид “Манай, миний “Найрамдал” хэмээн мөнхрөн үлдсэн юм. Хүүхэд, багачуудад ингэж насан туршийн дурсамж хөглөх түүх бүтээхэд нь оролцож, бие, сэтгэлээ шатааж явсан тус байгууллагын үе үеийн хамт олонд талархан, ёслохын ялдамд 40 жилийн ойн мэндийг “Өнөөдөр” хүргэж байна.
Бид “Нэг өдөр” буландаа олон улсын “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэнг урьж, ажлыг нь сурвалжилсан юм. Сүүлийн хэдэн сарын хугацаанд саналаас минь хэдэнтээ татгалзан, “Энэ албанд ирээд удаагүй учир хүмүүст буруу ойлголт төрүүлчихнэ. Хэсэг хугацааны дараа хийсэн бүтээсэн зүйлтэй уулзана” гэж эвтэйхэн “бултаж” байсан түүнийг энэ удаа зөвшөөрүүлэхийн тулд “Таныг биш, “Найрамдал”-ын тухай сурвалжилна...” хэмээн жаахан “аашилсандаа” хүлцэл өчье.
Бид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс хоёр, тус байгууллагын зуны ээлжийн нээлтээс гурван өдрийн өмнө буюу өнгөрсөн сарын 30-ны өглөө уулзахаар тохирсныхоо дагуу 07.30 цагт Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ХЗХГ)-т “тааралдав”. “Найрамдал” руу явахаасаа өмнө энд ирж, хоёр гэрээнд гарын үсэг зурсан захирал тус газрын дарга О.Алтансүхтэй уулзаад, хэд хэдэн ажлын талаар зөвлөлдөж, бас бидэнд “хөөрхөн” мэдээлэл өгүүлээд амжив.
2019 оноос өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хүүхдийн зуслангуудыг төр санхүүжүүлэх болсон таатай мэдээ байна. Өнөөгийн байдлаар Монголд 42 зуслан (16 нь төрийн өмчит) үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ, тэрнийх нь үйлчилгээ, хоол, хүнсний чанар муу гэхчилэн эцэг эхчүүд санаа зоволтгүйгээр төрөөс татаастай зуслангуудад хүүхдүүдээ сэтгэл амар амраах боломж бүрдэх нь. Өнгөрсөн жил нийт зусланд барагцаалбал 56 000 хүүхэд амарснаас 50 000 гаруйг нь “Найрамдал” хүлээн авсан гэсэн судалгаа байна. Тэгэхээр энэ байгууллага ямар их ачаа үүрдгийг түвэггүй мэдэх буй за.
08.25 цаг. Эртлэн гарч, зорилгоо биелүүлсэн О.Доржсүрэн захирал ажил руугаа хөдөллөө. “Найрамдал”-ын маркетингийн менежер М.Нарангэрэл болон өөр нэгэн ажилтан бүсгүй эндээс даргынхаа унаанд дайгдан, хамтдаа явав. “Найрамдал”-ын амрах эрхийн бичгийг өмнөх жилүүдэд Хуримын ордны урд талд барьсан том гэрт борлуулдаг байсныг болиулж, ХЗХГ-т нэг өрөө гаргаж өгсөнд тэд талархаж буйгаа дуулгав.
Жилээс жилд тус цогцолборт амрах хүүхдийн тоо нэмэгдэхийн хэрээр эрхийн бичгийн эрэлт ч өсдөг. Энэ жил ойн хүрээнд зохион байгуулах олон арга хэмжээ, наадам, тоглолт зэрэгт оролцох гадаад, дотоодын төлөөлөгч, авьяаслаг хүүхдүүдэд эрхийн бичгийн тодорхой хувийг зарцуулах учраас илүү эрэлттэй байгаа гэсэн. Мөн энэ удаа гуравдугаар ээлжийн үеэр Үндэсний хүүхдийн чуулган зохион байгуулах тул арга хэмжээнд оролцогчдоос өөр амрагч авахгүй.
Тодруулбал, энэ ээлжинд эрхийн бичиг гаргаагүй аж. Үүнээс гадна хүүхдийн байгууллагын санаачилгаар энэ жилийн Улсын баяр наадмын үйл ажиллагааг хүүхдийн концертоор нээх болсон бөгөөд эл арга хэмжээний бэлтгэлийг тус цогцолборт базаахаар төлөвлөсөн, мөн таваас хойших ээлжүүдийн “почонк”-ийг цахимаар борлуулаад бараг дууссаныг М.Нарангэрэл хэлээд “Зарим хүн ийм шалтгаанаа учирлаад байхад л ойлгохгүй загнадаг. Тэр ч бүү хэл, нэг шар сайтад манай цогцолборыг гүтгэж, доромжилсон утгатай зүйл бичсэн байна лээ, муухай” гэж “гомдоллов”. Мөн тэрбээр “Хэдийгээр бүгд захиалгатай болсон ч ямар нэгэн шалтгааны улмаас амрах боломжгүй гээд эрхийн бичиг буцаагдах тохиолдол цөөнгүй гардаг. Тэр болгонд дараагийн хүмүүст боломж олгож, зохицуулж ажилладаг” гэлээ.
Өвлийн улиралд нэг сард цахилгааны төлбөрт дунджаар 32 сая төгрөг төлдөг, Монголын хамгийн том зуслан, өдгөө цогц үйл ажиллагаа явуулахаар бүх талын хөтөлбөр, хөгжлийн зорилт, зорилгоо тодорхойлоод явж буй тус газрыг энэ мэтээр хий харддаг нь тун харамсалтай. Хүүхдийн зуслан бол нэг талдаа аж ахуйн нэгж гэдгийг “ойлгохгүй”, амрах эрхийн бичиг борлуулж, ашигтаа “бялуурсан” газар гэж өрөөсгөл ойлгодог “хэвлэл мэдээллийнхэн” байгаа нь бүр ч харамсалтай.
Бид ийнхүү ярилцах хооронд О.Доржсүрэн захирал замын түгжрэлээс “бултаж”, ачаалал арай багатайг нь бодолцон Баянхошууны замаар явлаа. “Би Баянхошууны хүүхэд шүү дээ” хэмээсэн тэрбээр зам зуурт хөтөч хийж, “нутаг нугаа” танилцуулахын зэрэгцээ энэ тэрийг хуучилсаар Баянголын хөндийд байрлах хүүхдийн гүрэнт улсад ирлээ.
Сүүлийн үед залуучууд ажлын ярилцлагад хувийн бэлтгэлээ сайн базааж ирдэг болсныг түр ажиллах багш нар харуулж чадлаа
09.30 цаг. “Найрамдал” цогцолбор руу нэвтэрдэг гол хаалганы гадна талд “хөөрхөн” сүүдрэвч барьчихаж. “Болзоотын бор толгой” юм гэнэ. Хаалган дээр хоёр камер байрлуулахаар хэдэн хүн бэлтгэж байна. Энд ирсэн зочдыг өнгөрсөн намраас харуул хамгаалалтынхнаас гадна замын хоёр хажуугаар тарьсан модод угтдаг болжээ. “Найрамдал” хэдийгээр олон уулын энгэрт байрладаг ч төв хаалганаас дотогш хэсэг газар “нүцгэн” байсан юм. Ингээд ирийтэл мод суулгасан нь өнгө үзэмжийг илүү болгожээ. Мөн гадаах хэдэн баримлуудаа тод улаан, цэнхэр, улбар шар өнгөөр будсан нь цэцэг шиг алаглаад нүд булаах аж.
Хашаан дотор, замын хажууд гурван гэр барьчихаж. Яваандаа морины хотхон болгох тэр хэсэгт хүүхдүүд монгол ахуйтай, адууны соёлтой танилцах юм байна. Адуу зүслэхээс эхлээд, морь унаж, айраг бүлэх уламжлалт арга болон ааруул, цагаан идээ хэрхэн бэлтгэдгийг бодитоор харах боломжтой. Захиргааны байр хүртэл энэ айлыг өнгөц “сонжиход” ийм байна.
Захирал багшийг өрөөнд нь “бөөн цаас” угтав. Нарийн бичгийн дарга бүсгүй мэнд усыг нь мэдэнгүүтээ л баахан баримт бичиг авчирч, ширээн дээр нь тавилаа. Хамгийн түрүүнд гарын үсгээ зурсан “цаасыг” нь сонирхлоо. Тус газарт байрладаг, “Найрамдал”-ын ажилтан, багш нарын хүүхдүүдийн хүмүүждэг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 48 дугаар цэцэрлэгийн захирлын албыг “Найрамдал”-ын үе үеийн удирдлага хавсран гүйцэтгэж иржээ. Энэ тухай болон аж ахуйтай холбоотой бусад бичиг баримтад гарын үсэг зурж байх хооронд захирлын өрөөний үүдэнд “дарга, цэрэг” нийлсэн олон хүн цугласан нь хурал эхлэх болсныг сануулав.
10.00 цаг. Энэ өдөр олон чухал ажил төлөвлөсний нэг нь дөрвөн асуудал хэлэлцэх Захиргааны зөвлөлийн хурал байлаа. Эхлээд зуны ээлжинд түр гэрээгээр ажиллах багш нарын тухай хэлэлцэв. 128 оюутан, залуусаас хоёр шатны шалгаруулалтад тунаж үлдсэн, шижигнэсэн 22 багш 19-24 насныхан. Олонх нь оюутан юм байна. Тэдний тав нь өнгөрсөн зун мөн л түр гэрээгээр багшилж байсан туршлагатай аж.
Энэ өдөр улсын шалгалттай гэсэн шалтгаанаар гурав нь ирээгүй байлаа. Хуралд оролцсон хариуцлагатай албаны хүмүүс залуучуудад хэрхэн ажиллах, юу анхаарахыг нь хэлж, захиад дуу нэгтэйгээр баталснаар 22 багш “Найрамдал” хэмээх том айлд түр харьяалагдах боллоо. Цаашдаа тэд эдний хүн болох боломж ч нээлттэй. Захирал багш тэдэнд хандан “Хоёр шатны шалгаруулалтад ороод, манай сургалтад хамрагдаж, тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид хэзээд баяртай байна.
Хариуцлагатай, сэтгэлтэй, зүтгэлтэй, үлгэр дуурайлтай, хүлээцтэй байгаарай. Өөрөө үлгэр жишээч байж хүүхдүүдэд зааж, сургана. Тамхи татдаг хүн байхгүй гэж найдаж байна. Нэг эрэг суларч, чийдэн шатсаны төлөө заавал мужаан, цахилгаанчин гэж хүлээлгүй өөрсдөө янзалж, хийхийг хичээгээрэй. Бид 40 жилийн бахархалт түүхтэй. Үүн шиг ирэх 40 жилийн бахархалт түүхийг та бүхэн бичилцэж, өнгө төрх нь болох учраас идэвх, санаачилгатай байгаарай” хэмээн захилаа.
Хүүхдийн том байгууллагыг удирдсанаасаа хойш “Багш” хэмээн хүндлүүлэн дуудуулдаг болсон нь хамгийн сайхан мэдрэмж, нэр төрийн хэрэг, олон мянган хүүхдийн “аав” байх амттай ч, бас ярвигтай давхар давхар хариуцлага хэмээсэн Доржсүрэн захирал хамт олондоо хором бүрт талархаж явдгаа сониноор дамжуулан уламжилсныг дуулгая.
“Багш” гэж дуудуулсан хүн өөрийн эрхгүй хичээж, илүү зөв байхын тулд өөрийгөө хөгжүүлж, хянадаг гэдгийг ч тэрбээр залуу багш нарт хэлээд энэ эрхэм нэр алдрыг дээдэлж явахыг хүссэн.
Энэ хурлаар өөр нэгэн чухал асуудал хэлэлцэж, Төлбөрийн буцаан олголтын журам баталлаа. Захирал багш “Манай байгууллага улсын төсвөөс санхүүжихээ больсон. Төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Тиймээс орлогоороо үйл ажиллагаагаа санхүүжүүлж, аж ахуйн тооцоонд орсон. Амрах бичгээ авсан ч хүндэтгэн үзэх тодорхой шалтгааны улмаас захиалгаа цуцлах тохиолдол ээлж болгонд гардаг.
Ийм тохиолдолд төлбөрийг тодорхой нөхцөлтэйгөөр буцаан олгох журам батлах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, “Найрамдал” үйл ажиллагаагаа хамгаалах, илүү шударга, ил тод байлгах үүднээс ийм журам зайлшгүй шаардлагатай” гэж, Захиргааны зөвлөлийнхөн санал солилцсоны эцэст батлав. Дашрамд дуулгахад, ийм журам баталсан анхны зуслан нь “Найрамдал” цогцолбор боллоо.
11.30 цаг. Хурлын дараагийн хэсэг захиргааны байрны өөр жигүүрт, бэлэг гардуулах ажиллагаагаар үргэлжлэв. Өмнөх жилүүдэд “Найрамдал”-ын удирдлага багш, ажилтнуудынхаа хүүхдүүдийг хүлээн авч, бэлэг тарааж, нэг өдрийг баярлан өнгөрүүлдэг уламжлалтай байсныг О.Доржсүрэн захирал энэ удаа жаахан өөрчлөхөөр шийджээ. Хүүхдүүдийнх нь бэлгийг аав, ээж нарт нь өгөөд, арга хэмжээний оронд нэг өдөр илүү амраах болсноо дуулгахад хамт олон нь тун баяртай хүлээн авлаа. Арга ч үгүй биз. Бор хоногтоо гэрийн бараа харж, хэдэн хүүхдээ “хаячихдаг” хүмүүст нэг өдрийн амралт гэдэг юу юунаас илүү том бэлэг, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх “завшаан” шүү дээ.
Хэдийгээр хүүхдүүдийг цуглуулахгүй гэсэн ч уламжлалт арга хэмжээндээ оролцохоор зарим нь өөрсдөө гүйгээд иржээ. Тэд бэлгээ аваад, дээрээс нь аав, ээжтэйгээ хоёр өдөр “тулж ажиллах” болсон талаар сонсоод бөөн баяр болов. Энэ шийдвэр том, жижиг гэлтгүй бүгдийнх нь магнайг “хагалчихлаа”.
“Найрамдал” цогцолборын үндсэн 149 багш, ажилтны 0-18 настай хүүхдийг тоолбол 180 орчим гэсэн. Насанд хүрсэнтэйгээ нийлбэл 200 хол давах аж.
12.10 цаг. Захирал багш “Найрамдал”-ын шинэ бүтээн байгуулалтуудтай танилцуулав. Энэ байгууллага ойрын ирээдүйд үндсэн ажилтны тоогоо нэлээд нэмнэ. Учир нь тус цогцолборын нутаг дэвсгэрт барьж буй, 1000 гаруй га талбай бүхий, бассейны таван зам нь тус бүр 25 метр урт, 1500 суудалтай усан спортын төвийн барилгын эхний ээлжийг ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм. Эл төвийн барилгын цутгалт бүрэн дуусчээ.
Усан спортын төв ашиглалтад орчихвол олон улсын томоохон тэмцээн зохион байгуулахаас эхлээд мэргэжлийн тамирчид маань бэлтгэл сургуулилалтаа базаах зэрэг өчнөөн ашигтай. Мөн үүнийгээ түшиглээд улирал харгалзахгүй ашиглах боломжтой, гэр бүлийн усан парктай болохоор төсөл, зургаа бэлэн болгосон гэнэ. Гэхдээ дан ганц байгууллагын хөрөнгөөр энэ асуудлыг шийдэхэд “чанга” гэдгийг тэрбээр ярив.
Энэ төвийн хажууд олон улсын стандартад нийцсэн 16 хүртэл метр өндөртэй авиралтын хиймэл хана байгуулж байна. Энэ нь Монголдоо анхных. “Найрамдал”-ын Хөгжил, мэдээллийн ордны спорт танхим буюу өмнө нь бүхий л том арга хэмжээгээ зохион байгуулж, нүүр тахалдаг байсан газарт багачуудад зориулан авиралтын хана барихаар төлөвлөжээ.
Унадаг дугуйны “Трек” брэндтэй байгуулсан гэрээнийхээ дагуу энэ сарын 6-нд зориулалтын зам тавих ажлаа эхлүүлэх юм байна. Мөн дулааныхаа цехийг өргөтгөж, шинэ болон хуучин объектуудынхаа дулааныг шийдэх зэргээр өчнөөн ажил төлөвлөөд, зах зухаас нь гараас гаргаад, цогцолбор гэсэн нэрэндээ тохирсон иж бүрэн үйлчилгээтэй байгууллага болохоор зорин ажиллаж буй аж.
Биднийг ийнхүү ярилцаж байхад захирлын утас тасралтгүй шахам хангинах юм. Нэг дуудлагыг яаран авлаа. Аав нь залгажээ. Ярианаас “нууцыг” нь мэдчихэв. “Би цалингийн зээлтэй шүү дээ. Батлан даагчаар болох юм уу” гэж эргэлзэнгүй асуухад “Болно” л гэж байгаа бололтой. Том байгууллагын том биетэй захирал аавдаа бол хэзээд жаахан “цэрэг” нь хэвээр шүү дээ. Энэ мэт байдал болон ирэх замдаа нөхөрсөг яриа дэлгэсэн, ажилтнуудтайгаа дарга, цэрэг шиг биш, найз нөхөд шиг харилцаж байгаа зэргээс нь харахад энэ хүн илэн далангүй, шулуухан зантай, элдэв маяггүй мэт санагдав.
13.00 цаг. Хэдхэн хоногийн дараа эхлэх их “тулаанд” бэлтгэж, амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар засвар, үйлчилгээний ажлаа дуусгах гэж цаг хугацаатай уралдах багш, ажилтнууд хотхонуудаа танилцуулахад бэлэн болжээ. Захиргааны зөвлөлийнхөн ажлын явцыг харахаар “Сэтгэмж” хотхон руу өгслөө. Дараа дараагийн хотхоноор орж, замд таарсан жижиг цаасыг ч түүж, хүүхдүүдийн орны гудас, хөнжил, даавууг сөхөж, гэрлийн бүрхүүл хийсэн, эсэх, ханыг хэр будсан, хаана юу дутуу байна, худгийн таг, шүүр, хутгуурыг ч үлдээлгүй нэгбүрчлэн шалгаж, “бүдүүн бөгстэй” царай муутай өрөөсгөл хүр эрвээхэйн авгалдайг механик аргаар устгаж, цэвэрлэхийг залуу багш нартаа сануулах түүнийг хараад өөрийн эрхгүй инээчихэв.
Бүдүүн хадуун байрын хүн ийм нарийн, чимхлүүр зүйлийг ч орхихгүй байгаа нь нэг талаас сонирхолтой санагдсан хэрэг. Фото сурвалжлагч маань түүнийг цаашлуулаад “Та сурвалжлагынхаа гарчгийг “Өлөн” захирал” гэж нэрлэвэл ямар вэ” гэж хошигносон. Өлөн гэдгийг хашилтад хийгээрэй гээд тэрбээр “Хүн анзаармааргүй зүйлийг ч олоод харчихдаг “өлөн” нүдтэй юм” гэж өөрийгөө зөвтгөв.
Захиргааныхны хэлснээр 1978 онд нээгдэхэд л байсан зарим орыг шинэчлэх төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа зэрэг “зовлон” “Найрамдал”-ын хамт олонд бишгүй аж. Гэхдээ энэ бол яваандаа шийдэж болох асуудал шүү дээ. Харин шийдэж чадахгүй нэг асуудал бол байгалийн араншин. Хэд хоногийн өмнө гэнэт цочир хүйтэрсний улмаас хотхонуудын дундах моддын навч үрчийгээд, үхсэн мэт харагдана. Аж ахуйн дарга Ганболдын хэлснээр удахгүй сэргэж, ургах болтугай.
Ийнхүү явж байхдаа захирал сайхан мэдээ дуулгалаа. Хотхонуудын хооронд долоон хэсэгт тусгай шүүлтүүр бүхий цэвэр усны цэг байгуулах бэлтгэл ажлаа дуусчээ. Хүүхдүүд зуны байрныхаа гаднаас л ундны ус авах боломжтой болох нь. Энэ үнэхээр нүдээ олсон ажил байлаа, баяр хүргэе.
15.00 цаг. “Найрамдал”-ын усан онгоц хэмээгддэг өвлийн байрны жижиг засвар, будгийн ажил дуусаж, бүлгийн багш нар хариуцсан өрөө, тасалгаануудаа цэвэрлэж байна. Зуслан байгуулагдсанаас хойш энэ байрны ариун цэврийн өрөөнүүдийг охид, хөвгүүд дундаа хэрэглэсээр иржээ. Уг нь олон улсын стандартаар бол ийм байж болохгүй. О.Доржсүрэн захирал ч энэ байр сууринаас хандаж, охид, хөвгүүдийнх гэж салгаж, давхар бүрт ариун цэврийн жишиг өрөө байгуулж чаджээ. Яваандаа бүгдийг нь стандартад нийцүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн өрөөнүүдийн ор, тавилгыг зөв байрлуулж, дэлхийн жишгээр тохижуулснаар зай талбайн багтаамжийг сайжруулсан жишиг өрөөтэй болсон нь үнэхээр сайшаалтай байлаа. Хэрэв сэтгэсэн бол олон жилийн өмнө ингэж “засах” боломжтой байсан шүү дээ. Яагаад хийгээгүй юм бол гэсэн бодол толгойд орж ирснийг нуухгүй.
Өвлийн байранд “Найрамдал”-ын гал тогоо, хоолны болон хүлээх танхим, одон орныөргөө бий. Удахгүй тэдгээрийн өнгө төрхийг өөрчилж, заримынх нь зориулалтыг шинэчлэхээр ажлаа эхлүүлсэн байна. Жишээ нь, нэгдүгээр давхарт байрладаг одон орны өргөөг Хөгжил, мэдээллийн ордон руу шилжүүлж, Монгол Улсын баатар, сансрын анхны нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит болгохоор өөрт нь санал, хүсэлтээ бичгээр илгээжээ Мөн хоолны танхимыг “Хараацай” театртай холбох хүзүүвч байгууламжийн төслөө ч эхлүүлэх боломж бүрдэж байгааг захирал дуулгалаа.
Чихэнд үнэхээр чимэгтэй өөр нэгэн мэдээ гэвэл, тус байгууллага сэтгэл зүйн болон өсвөр үеийнхний танхим нээж байгаа аж. Тэнд сэтгэл судлалын тандалт хийж, хүүхдүүдийн эмзэг ертөнцийг бага боловч тольдож, улмаар эцэг, эхчүүдтэй нь хамтран ажиллах боломж бүрдэх юм. Мөн ирээдүйд аав, ээж болох хүмүүс одооноос биеэ хэрхэн зохистой авч явах, гэр бүлээ хүндлэхийн учир утгыг ч тайлбарлан, зөвлөх юм байна. Алга ташиж, дахин дахин баяр хүргэе.
Зөвхөн хүүхэд, багачууд гэлтгүй байгууллагынхаа ажилтнууд, харилцагч хоорондын асуудлыг хуулийн хүрээнд зохицуулахад туслан, зөвлөх үүрэгтэй хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, хуулийн зөвлөхтэй болно гэсэн. Энэ мэтээр тоочоод байвал хэдэн хуудас ч багадах буй за.
2018 онд Монголын “Найрамдал” цогцолбор зусланд Америк, Герман, БНСУ, Орос, Хятад, Туркээс хүүхдүүд ирж амрах юм байна. Тэд буцахдаа сэтгэл дүүрэн байх нь дамжиггүй. Яагаад гэвэл энд сэтгэл, зүтгэлтэй хамт олон сайхан ирээдүйг цогцлоож байна.
17.00 цаг. Бидний ажил энэ хүрээд өндөрлөлөө. Уг нь 19.00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөсөн байсан ч гарцаагүй шалтгааны улмаас О.Доржсүрэн багш хамт олныхоо төлөөлөлтэй хот руу явах боллоо. Хэд хоногийн өмнө “Найрамдал”-ын гүйцэтгэх захирал Б.Отгонбатын том ах мөнх бусыг үзүүлсэн тул ажил явдалд нь тус дэм болох учиртай. Олон жилийн турш “Найрамдал”-ын нэгэн багана, тулгуур, “танк” болсон Отгоо захиралд эмгэнэл илэрхийлье.
Биднийг ирэхэд замын голд цагаан зураасан тэмдэглэгээ хийж байсан хүмүүс ажлаа дуусчээ. Зам дурайгаад улам урт, илүү өргөн, дардан болсон мэт харагдана. Энэ замаар амрагч хүүхдүүдийг тээвэрлэсэн автобусны эхний цуваа зургадугаар сарын 3-нд ирсэн. Цаашид хөл тасрахгүй, ирж, буцах хүүхэд, багачуудын “мөр” үлдэж, тэр хэрээр гэгээн сайхан дурсамжууд хөврөх болно.
“Найрамдал” Азидаа анхны хамгийн том зуслан болсон. Өдгөө ч энэ байр сууриа алдаагүй гэдгийг Олон улсын зуслангуудын холбооны төлөөлөгчид хэлж байсан. Өнөөдөр энэ газарт Монголдоо анхдагч олон бүтээн байгуулалт хийж байна. Тийм ээ, “Найрамдал” бол бүхний анхдагч.