Модод нахиалж амьтай бүхэн өнгөө зассан хүүхдийн баярын өглөө угаасан хувцсаа өмсөөд бүлтийтлээ гоёод гардагсан. Хүүхдийн баярын түгээмэл дүр зураг дурсамж хүүхдийн парк, сүхбаатарын талбайд л өнгөрдөг юм байна.
Хөөсөн чихэр идэж, шаараа хагалаад л, бэлгээ задлахгүй байж байгаад дүү нарынхаа бэлгийг дуусахаар сүүлд гаргаж ирэн гайхуулаад л...
Ай хүүхдийн баяраа гэж. Уртын урт очертой байсан ч огт бухимдалгүй дугаарлан зогсдог цорын ганц газар паркын тоглоомын газар байх. Томчууд харин жоохон л түгжрэх юм бол бөөн стресс. Хүүхэд нас тэгэхээр яарах зүйлгүй амьдрал юм уу даа. Бэлэгний тооноос хасагдаж эхлэхэд нээх том санаа алдмаар ч юм шиг санагдаж байж билээ.
Энэ жил 6 дугаар сарын 1-нд парк орвол цаг агаар халуун байхын дээр багталцахгүй юм шиг санагдаад хүнгүй үе гэж тооцон зориуд хэд хоногийн өмнө очлоо. Гэртээ тайван тогтож суухын аргагүй сайхан цаг агаартай зуны үдэш паркыг зориход энэ баяр хэдийнэ эхэлчихээ юу даа гэмээр. Зохион байгуулагчид шамбааралдсан юм болгохгүйн тулд долоо хоног баярлах гэж буй гэнэ. Энд хаа сайгүй хүүхдээ баярлуулаад явж буй баатарлаг аав ээжүүд. Бяцхан үрсээ баярлаж байгааг харвал тэдний бүх зүйл нь бүтэж буй мэт эцэг эхийн сэтгэл хангалуун төрх тодорч байгааг харах таатай байлаа. Энэ өдөр аав ээжүүд завгүй байсан өдрүүдээ нөхөж, хүүхдийн хүсэл хууль болно. Бага байхад үгэнд орохгүй бол зан засварт явуулна шүү гэж айлгадаг байсан аав ээж маань хүүхдийн баяраар жинхэнэ өөрсдөө зан нь засагдсан байдаг сан.
Хүүхэд бүрийн мөрөөдөл өдөр болгон хүүхдийн баяр шиг сайхан байгаасай гэж боддог байх. Өдөр бүр бэлэг авч, тоглоом тоглохдоо биш өдөр бүр аав ээж нь ийм сайхан ааштай байгаасай гэж мөрөөддөг байх. Өнгөрсөн онд хүүхэд хүчирхийлсэн сэтгэл сэртхийлгэм бичлэгүүд сошиал ертөнцөд тавигдсан. Төрсөн хойд гэлтгүй цэцэрлэгт ч гэсэн хүүхдэд ямар хэрцгий ханддаг байгаа вэ? Үүнийг харсан үзсэн бүхэн хэрэндээ л жигшин зэвүүцсэн ч үр дүнтэй арга мөн үү. Оронд нь хүүхдүүдийг ирээдүйд хүүхэд хүчирхийлэгч болгож төлөвшүүлэхгүйн тулд хайрлах хэрэгтэй. Хайрлуулаагүй зүрх хүүхэд хүчирхийлэгч болж төлөвшдөг. Бяцхан үрсийн цагаахан ертөнцийг хиргүй тунгалаг хэвээр нь үлдээхийн төлөө тэдний хувьд өдөр бүр ХҮҮХДИЙН БАЯР байгаасай.