Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч орон хэсгээсээ шалгарч чадаагүй ганцхан тохиолдол түүхэнд тэмдэглэгдсэн нь 2010 оны Өмнөд Африк үзүүлэлт юм. Бусад бүх тэмцээнд зохион байгуулагч орон хэсгээсээ шалгарсан байх төдийгүй медальд хүрсэн түүхтэй. Үүний тулд л улс орнууд хэдэн тэрбумын зардлыг гаргаж ДАШТ-ийг эх орондоо зохиодог билээ. Энэ утгаар бол 2018 оны тэмцээний эзэн орон ОХУ өндөр амжилт гаргах учиртай. Үүний ч төлөө олон жилийн турш зүтгэж олон арван супер бүтээн байгуулалтыг хийсэн. Гэвч тэр бүх хүчин чармайлт, хүч хөдөлмбөрийг нь нэгэн зөрүүд эр үгүй хийчих төлөв гараад ирлээ шүү.
ОХУ-ын шигшээ багийн ирээдүй ихэд бүрхэг байна. оёр жилийн турш нүдээд нүдээд царай гялтгануулж барсангүй, харин гундуулаад хаячихлаа. Эзэн орон утгаараа тэд ДАШТ-д шууд оролцох эрхтэй. Тиймээс сүүлийн хэдэн жилд нөхөрсөг тоглолтуудыг хийх замаар бэлтгэлээ базааж буй. Гэвч тэр тоглолтуудаас тодрох өнгө нэгээхэн ч гарсангүй. Сүүлийн хоёр тоглолтод хожигдоод байсан муу үзүүлэлтээ өчигдөр үргэлжүүлчихэж байх юм. Тэд Австрийн багт 1:0-ээр ялагдсан. Юу ч хийж чадалгүй, ямар ч довтолгоог зохиож дийлэлгүй байсаар хожигдсон нь Оросын 150 сая иргэн “Энэ урт хугацаанд дасгалжуулагч Черчесов ямар хөгжил авчрав аа” хэмээн эргэлзэхэд хүргэлээ.
Черчесов шигшээг хоёр жилийн турш удирдахдаа дэвшил, хөгжил авчраагүй нь үзүүлсэн амжилт, дэлхийн чансаа, хамгийн гол нь тоглолтын чанар харуулж байна. Энэ хугацаанд Оросын шигшээ уруудсаар ФИФА-гийн чансаанд түүхэндээ байгаагүй доод түвшинд очлоо, 60-р байр. Нийт 19 тоглолтод 5 хожил, 5 тэнцээ, 9 хожигдсон амжилт нь Хойд хөршийн бүх үеийн дасгалжуулагчдын хамгийн муу үзүүлэлтээр нэгэнт тодорсон. Гэтэл түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох гэж буй чухал босгон дээр энэхүү тааруу амжилт тохиосонд оросууд халаглан сууна. Амжилтаас гадна халагдах өөр том шалтгаан байгаа нь тоглолтын чанар чансаа. Станислав Черчесов багаа ямар аргаар яаж тоглуулах гээд байгааг нь Мостовой, Ловчев, Уткинаас авахуулаад хөлбөмбөгийн бүх мэргэжилтэн нь ухаад ухаад ойлгохгүй байна. Зохион байгуулалт нь эмх цэгцгүй, хамгаалалт нь зохион байгуулалтгүй байгаа нь Аргентин, Франц, Испани, Бразилийн хийсэн өрсөлдөөнд илт харагдсан бол довтолгоонд хэрхэн шилжих шийдэл үгүй, бүсийн дайралтыг яаж хийх тактикгүй байгаа нь Өмнөд Солонгос, Ирантай хийсэн тоглолтуудаас үзэгдсэн. ДАШТ-ий хэсэгт тэд Уругвай, Саудын Араб, Египеттэй өрсөлдөнө. Уругвайд нухуулдаг юмаа гэхэд үлгэн саалган явсаар Саудыгаа хожчих биз. Харин тэд Египетээс ихэд эмээж байгаа, өнөөх Салах бусниулах болов уу гэж. Хэдий өөрийн гэсэн тогтсон тоглолтгүй ч гэлээ хөлбөмбөгчдийн нь ерөнхий чадвар өндөр тул хэсгээсээ шалгарчих нигуур Оросын багт 50% байгаа юм. Шалгарлаа гэхэд дараа нь яах вэ. Дор хаяж шөвгийн наймд шалгарах ёстой гэсэн даалгаврыг ард түмэн нь өгч, албаны улс нь ч аман байдлаар Черчесовт үүрэгдсэн байгаа. Гэвч ийм том хүлээлттэй байгаа буурай багийг 14 хоногийн хугацаанд яаж өөрчлөх гэж байгаа юм бол, эрхэм дасгалжуулагч. Нэг өөрчлөлтийг аргагүй эрхэнд хийсэн л дээ, сая. Шигшээгээс зодог тайлсан гэсэн битүү тайлбартайгаар бүтэн хоёр жил дуудаагүй Игнашевичийг гуйж авахаас өөр аргагүй байдалд орсон, Черчесов. Жикия, Васин нарын үндсэн хамгаалагчид нь гэмтлийн улмаас ДАШТ-д оролцохгүй гэдэг нь аль өнгөрсөн өвөл илт байхад тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө л ийм том өөрчлөлтийг хийлээ. Сонин нөхөр шүү. Довтлогч Дзюбаг мөн учир бүтүүлгээр бүтэн жил цөлсөн. Үндсэн довтлогч нь Смолов. Туслах довтлогч Кокорин өвөл гэмтчихсэн. Сэлгэх довтлогч нь Заболотный. Гэтэл бай ч үгүй банзанд ч үгүй Заболотныйг жилийн турш шигшээд дуудсаныхаа дараа л Черчесов түүний чадварггүйг нь мэдэж. Ингээд аргагүйн эрхэнд Дзюбаг дуудлаа. Одоо тэр бүх зүйлийг шинээр эхэлж байна, ДАШТ-ий өмнө.
Олныг алмайруулсан Черчесовын шийдвэр үүгээр дуусахгүй л дээ. Габулов хэмээх нас ахисан, тоглолтын ямар ч практик байхгүй хаалгачийг хоёр жилийн турш чирч явна. Оросын хөлбөмбөгийн түүхэнд хаалгачдын өрсөлдөөн хамгийн өндөр түвшинд хүрээд буй энэ өдрүүдэд шүү дээ. Осет удмынхаа залууд ДАШТ-ийг үзүүлье гэсэндээ л ингэж буй аж. Улсын багт хувийн асуудал хамаатай байх нь. Мөн Оросын өнгөрсөн улирлын шилдэг хагас хамгаалагч Денисовыг шигшээд дуудахгүй тас гүрийж яваа. Ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн нь шахалт үзүүлээд байхад шүү. Урдаас нь Денисов маргаж байсан урьдын гомдлоо тээсэндээ л ингэж дөргүй бух адил зөрүүдэлдэг гэнэ. Гэтэл тэр тоглогч нь Оросын №1 опорный.
Улсын бус хувийн чанартай, гадаад биш дотоодын олон асуудалтайгаар Оросын хөлбөмбөгийн шигшээ ДАШТ-ийг эхлүүлэх гэж байна. Яадаг л бол доо. Өмнөд Африкийн 2010 оны амжилтыг арай ч давтчихгүй байлгүй дээ.