Дуулиантай тоглолт гэж энийг л хэлэх биз ээ. Он дамжин яригдах олон асуудал ганц тоглолтод л өрнөлөө шүү дээ. Хамгийн харамсалтай нь, дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд өрсөлдөж байгаа Мохаммед Салах гэмтэл авчихлаа. Хөлбөмбөгийн клубүүдийн хамгийн том тэмцээн Аваргуудын лигийн шигшээ тоглолтод тэрбээр бөмбөгний төлөө тэмцэж байхдаа мөрөө гэмтээсэн. Үүний улмаас Дэлхийн аваргын тэмцээнд өндөр түвшинд тоглож чадах эсэх нь эргэлзээтэй боллоо. Салах болохоор шигшээдээ тоглоно гэж мэдэгдсэн. Гэвч мөрний бэртэл удаан эдгэдэг эд. Лав гурван долоо хоног эмчлүүлэх шаардлагатай. Ийм нөхцөлд ДАШТ хэмээх асар өндөр түвшний өрсөлдөөнд бүрэн хүчээр тоглох боломжгүй болох магадлалтай. Египетийн хөлбөмбөгийн холбооны эх сурвалжийн хэлсэнээр тэмцээний эхний тоглолтод оролцохгүй нь тодорхой байгаа ажээ. Тиймээс ч Салах “Реал”-тай хийсэн тоглолтын 29 минутад уйлсаар талбайг орхисон. 52 тоглолтод 44 гоол оруулсан гайхамшигтай улирлаа Аваргуудын лигийн түрүүтэй өндөрлүүлэх мөрөөдөл нь талаар болсон учир арга ч үгүй биз ээ. Түүнийг ийм байдалд хүргэсэн буруутан “Реал”-ын хамгаалагч Серхио Рамос. Египет тоглогч, “Ливерпүль” багийн дэмжигчдийн хамаг хараалыг хангалттай хүртэж байна. Олонх хөлбөмбөг сонирхогчдын үзэж байгаагаар түүний үйлдэл санаатай. Түүний туулж ирсэн замналаас харахад, угаасаа ийм арга барилаар тоглодог нөхөр л дөө. Дээд түвшний хамгаалагч ч гэлээ айлын лидерийг бохирдуу аргаар тоглолтоос гарах залжин аргатай. Үүнийг нь мэдэх хөлбөмбөг сонирхогчид Рамос руу өргөн фронтоор дайрч байна. “Үргэлж ийм үйлдэл гаргадаг”, “Байнгын заваан тоглодог”, “Лидерүүдийг ангуучилдаг” гэх зэргээр түүнд өгөх нэр хоч, түүн рүү дайрах шалтаг мундахгүй олон гарсаар. Гэлээ ч ноён Рамос энэ бүгдийг үл тоон тэргүүн байрын баяраа тайван гэгч нь тэмдэглэж буй. Бүр өөр лүү нь довтлогчдыг тавлах мэт, Аваргуудын лигийн цом дээр хөлөө тавьсан шиг Twitter-т жиргэн сууна. Хурдан эдгэхийг Салахад ерөөж олны талархлыг хүртэхээ ч мартсангүй. Уг постоороо шууд л 200 мянган жиргээчдийг дагуулсан байгаа юм. Олон дайны утаа үнэрлэсэн хашир бурхи гэж энэ дээ.
Энэ тоглолтын удаахи “Сөрөг баатар”-аар Лорис Кариус хүнд нөхцөлд байна шүү. Ирэх дайралт, зүглэх доромжлол 24-хөн настай залууд хүнд тусч байна. “Ливерпүль” гурван гоол алдсаны хоёр нь түүний 100 хувийн буруугаас. Тэр гоолууд нь хөлбөмбөгийн түүхэн дэх “Хамгийн инээдтэй гоолууд”-ын жагсаалтад зүй ёсоор бичигдэх “өндөр чанартай”. Эхний удаад Бенземагийн хөлд өөрөө тавиад өгсөн, дараах тохиолдолд Бэйлийн цохилтыг алдаад явуулсан. Түүний гаргасан алдааг олон янзаар тайлбарлаж байгаа ч хамгийн нүдээ оносон тайлбар нь дутуу дулимаг туршлага. Германы шигшээ багт нэг ч удаа дуудагдаж байгаагүй, том тоглолтын уур амьсгалыг тоотой удаа мэдэрсэн залууд Аваргуудын лигийн финал гэдэг бол PC тоглож байгаа мэт л санагдсан биз. Мөрөөдлийн бодолдоо автсаар явааг нь хаалгачийнхаа сэтгэл зүйг Юрген Клопп мэдрэх л ёстой байж дээ. Угаасаа мэдрэмж бол дасгалжуулагч хүний хамгийн том давуу тал байдаг. Герман мэргэжилтэн сайн тактикч ч гэлээ энэ тоглолтод хаалгаа Кариуст даатгасан нь яах аргагүй тактикийн алдаа. Угаасаа Миньоле-Кариус, Кариус-Миньоле гэсэн хувилбарын хооронд улирлын турш үсэрч ирсэн нь хаалгачдын сэтгэл зүйд нэмэр бус нэрмээс болсон нь уг тоглолтын дүнгээс харагдав. Энэ бол стратегийн алдаа. Гэтэл “Реал”-ын дасгалжуулагч Зинедин Зидан хаалагч Кэйлор Наваст бүтэн жилийн турш итгэл үзүүлсэн. Ла лигад удаа дараа алдаа гаргахад нь ч итгээд л байсан. Эцсийн дүн юу? Аваргуудын лигийн түрүү.
Кариус одоо “ганцаардсан ковбой” болж хувирлаа. Баг хамт олныг нь эс тооцвол түүний талд зогсч байгаа улс гэж бараг үгүй байна. Доромжилсон, хараасан комментууд түүний сошиал хуудаст битүү чихээстэй. Бүр амь насанд нь халдах заналхийлэл гарах болсон нь Английн цагдаагийн санааг зовоод байна. Сүрдүүлсэн этгээдийг эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн ч олоогүй л байна. Уг сувгаар нь хайх гэхээр Twitter-т алдаа заагаад байгаа гэнэ. Ийм их дарамтыг давахад хүнд байгаагаа Кариус Instagram хуудсаараа илэрхийлж. “Цурам ч хийж чадахгүй байна... Тоглолтын агшингууд толгойд эргэлдээд тэсэхэд бэрх байна. Би бүдүүлэг алдаа гаргаж баг хамт олноо, хөгжөөн дэмжигчдээ хөөдсөнөө ойлгож байна”. Харин хуучин цагийн хашир хөлбөмбөгчид л түүнийг сайн ойлгож байна. Хаалгач Оливер Кан “Ийм нөхцөлөөс аль болох хурдан гарах хэрэгтэй. Үгүй бол хөлбөмбөгчний замнал чинь баларна шүү” хэмээн зөвлөсөн бол хагас хамгаалагч Пол Скоулз “Би түүнийг ойлгож байна. Ийм зүйл хөлбөмбөгчин бүрт л тохиодог” хэмээн ярьжээ.