Хүн төрөлхтөнийг цэнүүлэгч хоёр том наадам оршин тогтносоор ирсэн нь олимпын наадам, хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Уг наадмуудыг зохион байгуулахын төлөө хөрөнгө зоорьтой улс орон, нэр цуутай хот суурин ширүүн өрсөлдөөнийг өрнүүлсээр ирсэн билээ. Ялагч нь их нэр хүндийг олж, томоохон хөгжил дэвшлийн сууриа тавьдаг учир ийн ширүүн өрсөлдөж, хатуу тэмцэлддэг түүхтэй. 2008 оны зуны олимпод гадна, дотны 6,5 сая жуулчин Бээжинд зочилсон байхад 2012 оныход хоёр сая гадаадын иргэн Лондонд буудалласан баримтаас л олимпийг зохион байгуулсны ашиг шим, үр өгөөж харагдах буй за. Хятадад айлчилж, Англид саатсан жуулчдын дунд монголчууд бид ч байлаа.
Бээжинд урьд хожид байгаагүй олуулаа зорчсон. Үүнд нэжгээд хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Хамгийн том нь газар нутгийн байршил. Удаахи нь алтан медалийн хүлээлт. Энэхүү хүчин зүйлс нэгэн цэгт уулзахын цагт бид хэд бол хэдүүлээ, хэдийд бол хэдийд багаа нэгдсэн хүчээр дэмжиж, тамирчдаа нэгэн түрлэгээр уухайлж чаддагаа чухам тэрхүү он жилүүдэд харуулсан билээ.
Тэгвэл хөлбөмбөгийн Дэлхийн аварга өөр. Нэгд, тэнд Монголын шигшээ үгүй. Хоёрт, олимп шиг нэг хотод бус Оросын 11 хотын 12 цэнгэлдэхэд таран зохиогдоно. Ингэж талаар нэг тарж, хээрээр нил бутарсан тэмцээнд монголчууд очно гэдэг юу л бол. Логикоороо бол уг нь тийм. Гэтэл үгүй юм байна аа. Иргэдийн хүсэл зориг, хүмүүсийн яриа хөөрөөнөөс харахад олон монгол хойд хөршийг зорих нь. Хамт бөмбөг өшиглөдөг 30 гаруй хүн 30-лаа ингэж хэлвэл яах уу.
Хамгийн эхний статистик л үүнийг өгүүлж байхаар чинь цаадах үзүүлэлтүүд нь талийж өгөх нь мэдээж биз ээ. Эргэн тойрныхон маань хоосон хөөрцөглөж байна гэж тооцоод хөндлөнгийн хүмүүсийн үгийг сонсохоор би хэдэн тийшээ мордлоо. “Барселона”, “МЮ”, “Ювентус” зэрэг багуудын дэмжигчдийн клубүүдийн гишүүдээс лавлахад бүгдээрээ шахуу “явнаа” л гэж байна. Нэг байгууллагын арваад залуустай уулзлаа. “Төлөвлөсөн байгаа” л гэлээ. Том тоглолтыг үзэж чаддаггүй юмаа гэхэд Монголтой хамгийн ойр орших Екатеринбург хотод Франц, Уругвайн тоглолтыг болтугай үзнэ гэх ч хүн байна.
Тиймээс ч олдсон боломжийг алдахгүйн тулд хөгжөөн дэмжигчид эхний үйлдлээ хэдийнэ хийж, дараачийн алхамаа төлөвлөжээ. Ямар ч байсан ДАШТ-ийг очиж үзэхэд дундаж өртөг нь 1.5-4 сая төгрөг байна. Зарим хүн сугалаанд оролцож азаа үзэх гэж байна. Бүр нэг бус нэлээд олон сугалаанд оролцож буй хүнтэй ч таарлаа. Байрны лизинг, машины зээлийг нь марттал толгойг нь эргүүлнэ гэдэг энэ спортын эрэмбийг илтгэх нэг үзүүлэлт биз ээ. №1 спорт гэж ийм л элдэвтэй эд.
Юутай ч нохойн дуу хаяанд дуулдаж, утааны үнэр хажуухнаас үнэртэж эхэллээ. Дэлхийн аварга эхлэхэд уже бэлэн болчихоод шүглийн дуугаа л хүлээн байнам. Шигшээ багийн дасгалжуулагчид ч бүрэлдэхүүнээ зарлаж дуусаад хэнийг хаана тоглуулах, алийг нөөцөнд суулгахаа бясалган суух. Энэ зуур, хөлбөмбөг сонирхогчид багуудын тактик, тоглочдын байрлалын талаар мэтгэлцээд нэгэнт эхэлж. Үүнээс ч гүнзгий анализыг хийцгээж байна. Ингэж өргөн хүрээнд сонирхон тэчяадах нь арга ч үгүй биз ээ. Тэгэх том шалтгаанууд байна шүү дээ. Нэгд, дэлхийн аварга хамар дор маань зохиогдох байгаа нь урьд урьдынхаас илүү сонирхох гол шалтгаан болж байна (Солонгос-Японы ДАШТ-аар яалаа даа). Хоёрт, хөлбөмбөгийг анхлан таниулсан Орос орныг дэмжигчид, Оросын багийг шүтэгчид туйлын олуулаа. Гуравт, энэ цагийн супер оддын гялалзах нас, цаг нь яг өдийд тохиож байна. Месси, Роналду, Азар, Агуэро, Ди Мария,Рамос, Давид Силва, Марсело, Гризманн, Мюллер, Коутиньо нар Монголын хилд дахин ойртож цуглахгүй. Тэдний торгон ир ид жагсаж, тод алдар нь яг мандан буй мөчид Дэлхийн аваргын тэмцээн хойд хөршид зохиогдож таарсан нь бидний хувьд алдаж болохгүй том завшаан юм.
Тиймээс л монголчууд бид ДАШТ өөд соронз мэт татаж байна. Боломжтой зарим нь газар дээрээс нь үзэх гэж байна, бололцоогүй хэсэг нь зурагтаараа харан баясгах гэж байна. Хөлбөмбөг сонирхдоггүй хүмүүс ч амралтаа аваад эхэлж, суудалдаа тухлаад амжиж.
Тэгэхээр хамтдаа суугаад хөлбөмбөгөө үзэцгээе, бултаараа цуглаад оддоо шүтэцгээе. Харин тойм анализ, тактик үзүүлэлт, мэдээ мэдээллээр нь Өнөөдөр.мн бид хангая. Оле, Оле.