Түмэн олныхоо саналаар төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон түшээдийн дунд “оны ялгаа” гүнзгийрснийг шинэ гишүүд “илчилж” буй. Жишээ нь, анх удаа сонгогдсон, дөнгөж 40 хүрч буй залуу гишүүн Х.Нямбаатар “УИХ бол оны ялгаа гаргадаг цэргийн байгууллага биш. Бид адилхан, ард түмнээсээ мандат авч сонгогдсон. Зарим хүн УИХ-д арван жил болохдоо нэг ч хууль барьж аваагүй нь миний буруу юу” гэж нэг биш удаа ярьсан.
Юутай ч гишүүдийнх нь талаас илүү нь “шинэков”, энэ удаагийн УИХ-д “оны ялгаа” гээч зүйл газар авсан нь ортой байж мэднэ. Тэгвэл “оны ялгаа”-наас гадна зөвхөн эмэгтэй хүнийхээ хувьд гадуурхал, дарамт мэдэрдэг 11 гишүүн (Дөрвөн удаа сонгогдсон Д.Оюунхорол, хоёр дахь парламентынхаа нүүрийг үзэж буй Д.Сарангэрэл нарыг эс тооцов) бий гэдэгтэй битгий маргаарай. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар ч хүйснээсээ болж “шийтгүүлж” яваа бүсгүй хүн. Үнэндээ манай түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэй энэ удаагийн парламентад сонгогдсон ч тэд, үүнээс өмнө төр түшилцсэн хийгээд ирээдүйд иргэдээсээ итгэл хүлээх бүсгүйчүүд “тогоо”-ныхоо дотор ч, гадна ч тэгш бус байдал, ялгаварлалыг хангалттай мэдэрч ирсэн, магад энэ байдал багагүй хугацаанд үргэлжилж мэднэ.
Хэний ч үгийг хоосон буцаадаггүй, хэлэмгий гишүүн Б.Пүрэвдорж саяхан нэг танхимд тохой нийлүүлэн суудаг гишүүдээ “бөх Бат-Эрдэнэ”, “бохь Амарзаяа”, “бантан Баасанхүү” хэмээн хочлоод амжсан. Түүний тэдэнд хайрласан хоч шинэ биш ч тохой нийлүүлэн суудаг нөхдөө ийн цоллох нь магадгүй Б.Пүрэвдорж гишүүнд л таатай мэдрэмж төрүүлсэн байх. Энд нэгэнт эмэгтэйчүүдийг онцолж буй учраас Н.Амарзаяа гишүүнээр жишээ татъя.
Байнгын хорооны хуралдааны үеэр бохь зажилсныхаа төлөө байнгын “тодотгол”-той болсон түүнийг өмөөрөх гэсэнгүй. Албан ёсны арга хэмжээний үеэр жалир жалир хийх нь яавч зохистой биш. Гэвч өөр нэг эрэгтэй гишүүн хуралдааны үеэр бохь зажилсан бол ингэж шүүмжлүүлж, Б.Пүрэвдорж гишүүн “бохь” хэмээн хочилж зүрхлэх байсан болов уу. Лав л Ц.Нямдорж гишүүн бохь зажилж л харагддаг. Харин түүний бохь зажилж буйг нь Н.Амарзаяа гишүүнийх шиг гаргаж тавьсан нь үгүй.
Боов, боорцог эргүүллээ гэж боорлуулж байгаа гишүүн бол М.Оюунчимэг. Үдийн цайгаа ууж амжсан сан бол тэр лав зурагтаар тэгж гарахгүй байсан биз. Тэр Б.Наранхүү нарын гишүүн шиг хурлаа тасалсангүй. Архи ууж ирээд агсам тавиагүй. Өмнөх парламентын үед гишүүн Н.Батбаяр нэгдсэн хуралдааны танхимд шал согтуу ирчихээд яриулсангүй гэж баахан дөвчигнөсний дараа ч түүнийг ингэтлээ шүүмжилсэн бил үү, ингэхэд.
Харин хуралдааны танхимд согтуу байсан гэж шүүмжлүүлсэн эмэгтэй гишүүн энэ парламентад нэг бус бий. Нэгдсэн хуралдааны танхимд суудлаа олохгүй, “төөрсөн” Б.Ундармаа гишүүн эрүүл, эсэхэд эргэлзэхэд хүргэсэн. Мөн тэр үеэр Д.Дамба-Очир гишүүн байнгын хорооны хуралдаанд үг хэлэхдээ хэлээ ээдрүүлэн ярьсан нь түүнийг согтуу гэж хардахад хүргэсэн. Эмэгтэй гишүүн нь архи, дарс огт хэрэглэдэггүйгээ учирлаж, үгүйсгэсэн тайлбар хийсэн бол эрэгтэй нь цусны даралт ихэссэний улмаас эвгүй ярьснаа өчсөн. Тэдний хийсэн тайлбарын дараа эмэгтэйд нь итгэж ядсан хандлага байсаар л буй.
Нөгөөх нь Д.Оюунхорол гишүүн. Ганц “ Кока Кола” тавьсан ширээний ард гитар барин суугаа түүний зургийг харсан хүмүүс “Албан өрөөндөө архидлаа” хэмээн шүүмжилсэн. Зурагнаас нь архи сэнгэнэж буй аятай, эргэлзэх зүйлгүйгээр түүнийг “балбасан”. Хариу тайлбар хийсэн ч нүдээ аньсан олон зураг “үйлдвэрлэж”, “Унтамхай гүнж” хэмээн цоллуулав. Эрчүүдтэй мөр зэрэгцэн дөрөв дэх парламентынхаа нүүрийг үзэж буй түүний улстөрчийн дүр төрхийг “Муухан эр хүнээс илүү” хэмээн тодорхойлох нь бий. Юутай ч судлаачдын хэлдгээр ийм “жендерийн мэдрэмжгүй” зүйрлэл манай нийгэмд, парламентад байгаа нь хүйсийн тэгш бус байдал амь бөхтэй оршин буйн нэг баталгаа.
Олимпын аварга Н.Түвшинбаяртай нэг тойрогт өрсөлдөн, гишүүн болсон үеэс л М.Билэгтийг хонгор нутгийнхны “ховор” сонголт гэх мэтээр ярьж байна. Н.Түвшинбаяр аварга жүдогийн татамид хэн гэдгээ хэдийнэ баталсан ч улс төрд хэр хол явах нь эргэлзээтэй. Гагцхүү сонгуулиар эмэгтэй хүнд “өвдөг шороодсон” нь өнөөдөр ийм харьцуулалт хийх шалтгаан болж буй. Эмэгтэй бус, эрэгтэй хүнд ялагдсан бол ийм яриа гарахгүй л дээ. Түүнийг бас хэрэггүй зүйл хэт их ярьдаг гэдэг.
Үг хэл нь хийгүй байх нь улстөрч хүнээс хайх ёстой чадвар ч гэлээ “хэлгүй” юм шиг гишүүдэд ч ирээгүй шүүмжлэлийг тэр яагаад хүлээх ёстой гэж. Ээлжит чуулган бүрээр нэгтгэн танилцуулдаг хамгийн олон удаа асуулт тавьж, үг хэлсэн гишүүдийн жагсаалтыг М.Билэгт бус, О.Баасанхүү байнга тэргүүлдэг. МАХН-ын ганц “дайчин”-ыг зарим нь “галзуу, солиотой” хэмээн дээрэлхдэг ч “их ярьдаг” гэж дотроос ч, гаднаас ч шүүмжилж байгаагүй юм.
Энэ мэтчилэн хийсэн үйлдлийнх нь төлөөс эрэгтэй, эмэгтэй улстөрчдөд харилцан адилгүй, ёстой л “хуваарилалт” нь шог гэмээр жишээ бишгүй. Цаашид ч улам баяжих биз. Гэхдээ манай эмэгтэй гишүүд үүнийг ялгаварлал, тэгш бус байдал биш, байх л ёстой зүйл гэж ойлгож байж ч мэднэ. Тухайлбал, тэд охид, эмэгтэйчүүдээ төлөөлөн эрх ашгийг нь хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэж лообий бүлэг байгуулсан.
Өмнөх парламентад ч ийм бүлэг ажилласан. Тэд ёс аятай хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, ажилгүйдэл, ядуурлын талаар ярьж ирсэн. Тэс өөр асуудал хөндсөн хуулийн төсөл хэлэлцэж байсан ч дээрх сэдвүүдээс хавчуулахаа эмэгтэй гишүүд мартахгүй. Манай нийгэмд тулгамдаж буй энэ мэт олон асуудлын шийдлийг олох гэж аль болох олон гишүүн үг, үйлдлээ зориулж, сэтгэлээ чилээх нь сайн хэрэг ч эдгээр сэдвийг хөндөөгүйнх нь төлөө эмэгтэй улстөрчдийг буруутгах учиргүй сэн, уг нь.
Харамсалтай нь, манай нийгэмд дээр дурдсан асуудлуудын талаар дуугараагүйн төлөөх шүүмжлэл, “шийтгэл” эмэгтэйчүүдийг илүүтэй чиглэдэг. Хүчирхийллийн эсрэг жагсагчид Сүхбаатарын талбайгаас эмэгтэй гишүүдийг хайж, нэхсэн нь үүний нэг жишээ. Тиймээс ч зөвхөн бүсгүйчүүдэд зориулагдсан мэт дээрх асуудлуудыг ярьж, шийдвэрлэх арга барилд манай эмэгтэй улстөрчид түвэгшээлгүй суралцаж, “мэргэшсэн” байх нь олонтаа. Угтаа энэ нь нэг талаар манай эмэгтэй гишүүдийн нийгмийн хүлээлтэд нийцүүлэн, хүслээ үл даган захирагдсан, “нүүрээ хамгаалсан” үйлдэл гэлтэй.
Юутай ч өмссөн, зүүснээсээ авахуулаад өөлүүлэх “одонд төрсөн” эмэгтэй гишүүд минь өндөр сонор сэрэмжтэй байж гэмээнэ өрсөлдөөнд тунаж үлдэх нь ээ.
Ц.МӨНХЦЭЦЭГ: ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧИЙН АЛДААГ ХЭД ДАХИН ТОМРУУЛЖ ХАРДАГ
Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгээс энэ сэдэвтэй холбогдуулан байр суурийг нь сонслоо.
-Ижил үр дагавартай үйлдэл хийсэн байхад эрэгтэй, эмэгтэй улстөрчдөд олон нийтийн зүгээс ирэх хандлага харилцан адилгүй байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Манайд патриарх (эцгийн эрхт ёс) хандлага давамгайлдаг. Улстөрчид ч уг хандлага, олон нийтийн үзэл бодол, үнэлэмжид тохирсон дүр бүтээж ирсэн. Хэвлэл мэдээллийнхэн ч улстөрчдийн талаар мэдээлэхдээ хүйсийнх нь хувьд ялгаатай харуулдаг. Жишээ нь, сэтгүүлчид хүртэл эмэгтэй улстөрчөөс ярилцлага авахдаа “Энэ их ажлын хажуугаар ар гэрийн амьдралаа яаж амжуулж байна вэ” гэх мэт жендерийн мэдрэмжгүй асуулт тавих нь нийтлэг. Энэ бол манай нийгэмд эмэгтэй хүн гэр орны ажил, үр хүүхдээ авч явдаг гэх ойлголт хүчтэй байгаагийн илрэл.
Мөн өнгөрсөн УИХ-ын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар багагүй ярьсан. Энэ талаар тухайн үеийн сөрөг хүчин МАН-аас голлон хэвлэлд ярилцлага өгсөн хүн нь Д.Лүндээжанцан гуай байсан бол эрх баригч, АН-аас М.Батчимэг гишүүн нэлээд дуугарсан. Уг нь тэд Үндсэн хуулийн өөрчлөлт, тэр дундаа парламентын засаглалын асуудлыг хөндөж, бодлого ярьсан байдаг. Гэтэл тэдний ярилцлага, байр суурьтай холбогдуулан уншигчдаас ирүүлсэн сэтгэгдлүүд нь маш ялгаатай байх жишээтэй.
Тухайлбал, Д.Лүндээжанцан гуайн ярилцлагатай холбогдох сэтгэгдлүүд үндсэндээ хөндсөн сэдэв, бодлогын асуудал руу нь чиглэсэн бол М.Батчимэг гишүүний ярилцлагад хамаарах сэтгэгдлүүдийн 60-аас дээш хувь нь эмэгтэй хүн гэдэгтэй нь шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, манайд эрэгтэй улстөрчдөд илүүтэй түүний баримталж буй бодлого талаас нь ханддаг бол эмэгтэйг нь хувь хүн талаас нь харж, үнэлж байна. Ялангуяа нийгмийн сүлжээнд ийм дүр зураг хүчтэй ажиглагддаг. Үүнээс гадна саяхан цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачилгатай холбоотойгоор судлаачид, улстөрчдийн дунд нэлээд мэтгэлцээн өрнөлөө шүү дээ.
Энэ үеэр цаазын ялыг дахин хэрэглэх нь буруу, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүйд хүрнэ, ер нь цаазаар авах нь хүчирхийллийг таслан зогсоох арга зам биш гэх мэтээр ярьсан эмэгтэй хүмүүсийг ярилцлага, байр суурьтай нь холбогдуулан цахим орчинд илэрхийлсэн сэтгэгдлийн дунд тухайн хүн рүү шууд чиглэсэн нь маш их байсан. Өөрөөр хэлбэл, цаазын ял байх, эсэхээс үл хамааран эмэгтэй хүнийхээ хувьд шүүмжлүүлж байна гэсэн үг. Ер нь эмэгтэй улстөрчийн алдааг олон түмэн хэд дахин томруулж хардаг. Тиймээс эмэгтэй улстөрчид тодорхой хэмжээгээр эрэгтэй хүнийхэрхүү хэв маяг, дүр төрх бүрдүүлэн улс төрд орж ирж байна.
“Төмөр хатагтай” Маргарет Тетчерээс авахуулаад XX зуунд Баруунд алдаршсан олон эмэгтэй улстөрчийн имиж ийм л байсан. Харин одоо Өрнөдөд эмэгтэй хүнийг эмэгтэй чигээр нь хүлээж авах нийгэм, сэтгэл зүйн орчин бүрдчихсэн гэж хэлж болно. Жишээ нь, Францад зургаан, долоон сартай жирэмсэн эмэгтэйг Батлан хамгаалахын сайдаар томилж байсан. Сэтгүүлд нүцгэн зургаа тавиулж байсан бүсгүй Засгийн газрын гишүүн болоход түүнийг ямар нэг саад, шүүмжлэлгүйгээр хүлээн авч байлаа. Манай улс төрд эмэгтэйчүүд байр сууриа олж чадвал түүнийг хэн нэг дарга, эрэгтэй хүний нөмөр нөөлөг, дэмжлэгээр төдий зэрэгтэй явж байна гэж хардаг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй улстөрчийг хэрхэн харуулж байгааг тандсан тоон болон чанарын судалгаа ч бий. Тэдгээрээс харахад манай нийгэмд эмэгтэй хүн улстөрч байж, бодлого боловсруулна гэдэг нь их хэцүү. Өнгөрсөн парламентад байсан зарим эмэгтэй гишүүн рүү зориуд чиглэсэн удаа дараагийн “довтолгоо” маш хүчтэй байсан.
Жишээ нь, Л.Эрдэнэчимэг гишүүний үйл хөдлөл бүрийг байнга шүүмжилж, сөрөг талаас нь харуулж байсан. Нэрийг нь хэлээд яах вэ, нэгэн эмэгтэй улстөрчийн талаарх мэдээний доорх сэтгэгдэлд анализ хийхэд яг эмэгтэй хүн талаас нь дайрсан нь 53, хувь хүний алдаа талаас нь шүүмжилсэн нь 46 хувийг эзэлж байсан. Харин улстөрчийнх нь хувьд шүүмжилсэн сэтгэгдэл ердөө 1-2 хувьтай байх жишээтэй. Ерөөсөө л эмэгтэй улстөрчдийн үйл хөдлөл бүрийг анаж шүүмжлэх явдал хүчтэй хэвээр. Тиймээс эмэгтэй гишүүд ийм нөхцөлд буйгаа мэдэрч, илүү хянуур байх ёстой.