Улсын тусгай хамгаалалтад авсан газраас эрх мэдэлтнүүд хууль зөрчин эзэмших, өмчлөх зөвшөөрөл олгосон нь хэл ам дагуулж буй билээ. Үүний бодит жишээ бол Зайсангийн аманд олгосон газар. Газар эзэмших, ашиглах гэрчилгээ авсан нэг нь барилга барьж, нөгөө хэсэг нь буулгах гэж хэд хоног л зодоон цохиондоо хүрэх шахсан.
Нийслэлд ийм явдал сүр дуулиантай болж байхад улаанбаатарчууд агаар салхинд гарч, амарч зугаалахаар очдог Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт ийм тэмцэл чимээ аниргүйхэн болж байна гэвэл уншигч та итгэх үү.
ГОРХИ, ТЭРЭЛЖИЙН ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ГАРГУУЛНА ГЭВ ҮҮ
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийг дамнан оршдог. Тэрэлжийн голын хойд тал нь Эрдэнийх, өмнөд хэсэг нь Налайхын нутаг гэсэн үг.
УИХ-аас 1994 онд баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан байдаг.
Харин УИХ-ын баталсан хуулийн энэ заалтыг Төв аймгийн Эрдэнэ сумын удирдлага зөрчсөнийг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэжээ. 2017 оны арваннэгдүгээр сарын 29-нд 19-04-029/498 дугаарт улсын байцаагчийн дүгнэлтэд “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Б.Жамбалдорж нь 2006-2012 оны хооронд нийт 149 захирамжаар 2804 иргэнд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар Баянтуул, Дуганцагаан, Ар, Өвөр Жанчивлан, Баянхангай гэх зэрэг газруудад өмчлүүлсэн байна. Газар нутгийн 72.5 хувийг улсын тусгай хамгаалалттай Хан Хэнтийн дархан цаазат болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар эзэлдэг. Сумын ИТХ-ын тогтоолоор Дуганцагаан гэх газарт Баянтуул нэртэй суурин байгуулах шийдвэр гарган, шинэ баг байгуулжээ. Улмаар тус сууринд 1400 гаруй иргэнд газар өмчлүүлсэн байна. Сумын Засаг дарга 2015 онд 1979.1 га газрыг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байна. Мөн Төв аймгийн ИТХ-аас 2017 оны тавдугаар сард Баянтуул суурингийн газрыг 1956 га-гаар тогтоож дээрх цогцолбор газраас гаргаж өгөх хүсэлт гаргажээ. Дээрх байдлыг үндэслэн дүгнэх нь “Эрдэнэ сумын Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1, Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн...” гэжээ.
Зайсанд газар эзэмшүүлэх нэрээр эрх мэдэлтнүүд газар олгож, нөгөөдүүл нь авсан зориулалтаасаа өөрөөр, орон сууц барьсантай адил үйл явдал Тэрэлжид өрнөж байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Тэрэлжийн голын хойд талд гадаад, дотоодын иргэд газар авчихаад аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, гэр буудал ажиллуулах болжээ.
Уг нь БОАЖЯ-наас Төв аймгийн Засаг даргад Хууль бус шийдвэр цуцлуулах тухай 10/4390 дугаартай албан тоот хүргүүлсэн юм билээ. Уг албан тоотод “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Дуганцагаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар 2110 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгожээ.
Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1-ийн “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35.1-ийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэх зэрэг заалтыг зөрчиж байгааг удаа дараа мэдэгдэж, хүчингүй болгуулахаар Төв аймгийн болон Эрдэнэ сумын Засаг даргад хандсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т “Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан тул Эрдэнэ сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, газар чөлөөлүүлэх арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг хүсье” гэсэн байв. Өмнө нь БОНХ-ийн сайдаар С.Оюун ажиллаж байхдаа ч дээрхтэй адил албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлж байжээ.
Харин Төв аймгийн удирдлага салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхныг үл ойшоож, “Баянтуул сууринг тусгай хамгаалалтаас гаргахаар сумын болон аймгийн ИТХ-ын тогтоол гарч, саналаа БОАЖЯ, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт уламжилсан” хэмээн хариу илгээж буй юм билээ. Үүнээс үзэхэд Төв аймгийн удирдлагад Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим үгүй мэт.
СУУРИН БИЙ БОЛООГҮЙ БАЙХАД ХОГ, ЯЛГАДСААР ДҮҮРЧЭЭ
Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын хууль зөрчин олгосон захирамжийн дагуу газар эзэмших, өмчлөх болсон иргэд тухайн газартаа хашаа хатгаж, зарим нь амьдрах болж. Хашаа барьсан нэлээд олон хүний хатгасан шон, суулгасан дугуйг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрынхан хууль зөрчсөн хэмээн буулган хөөсөн гэнэ.
Зарим нь дээрх сумын Засаг даргын гарын үсэгтэй гэрчилгээ хүртэл үзүүлнэ. Нэг хэсэг нь 3-30 сая төгрөгөөр худалдан авсан, залилуулчихлаа хэмээн гомдоллож буй аж. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэгчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын удирдлага холбогдох яам, тамгын газартай анхнаасаа зөвшилцөж газар өмчлөх, эзэмшүүлэх арга хэмжээ аваагүйгээс болж 2100 гаруй иргэн хохирч байна гэхэд хилсдэхгүй. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна.
Дуганцагаан гэх газарт байгуулах болсон Баянтуул суурингийн орчим өдгөө ямар байгааг сурвалжиллаа. “Тэрэлж хирота” гэх амралтын газрын хойд талд үүссэн суурингаас зүүн зүгт явахад голын голдирол дунд барьсан гэр буудлууд, байшингууд олон тааралдана. Бүгд л нүх ухаж, жорлонгоо барьжээ. Эргэн тойронд нь хог хаягдал, ус, ундааны хуванцар сав, гялгар уут гээд зүсэн зүйлийн хог энд тэндгүй овоолоод орхисон байв.
Тэрэлж голын усны түвшин нэмэгдэж, үерлэвэл ялгадастай ус голд нийлж, доошоо 20-иодхон км газар урсан Туул голд нийлнэ. Үерийн усаар тэр овоолж орхисон хог мөн л их голд нийлэх нь гарцаагүй. Тэрэлж болон Туул голын нийлсэн бэлчрээс 3-4 км зайтай нийслэлчүүдийн ундны усны дээд эх үүсвэр байгаа юм. Хэрэв тухайн газрыг хамгаалалтаас гаргаж, иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлбэл тэнд 2100 гаруй нүхэн жорлон бий болно гэсэн үг.
Зундаа аадар орж, үер буух магадлал өндөр болсон өнөө цагт нэгэн ширүүн борооны дараа л тэр 2100 гаруй айлын ялгадсаар “баяжсан” их хэмжээний ус Тэрэлж, Туул голыг бохирдуулж, улмаар хатахдаа хөрсөнд шингэж, улаанбаатарчуудын ундны усны дээд эх үүсвэрийг бохирдуулах магадлал өндөр. Ингэснээр нийслэлчүүд бид гэдэсний элдэв халдварт өвчин тусах эрсдэлтэй нүүр тулна.
Хэдэн жилийн өмнө Дуганцагаан гэх газарт нутгийн иргэд болсон Эрдэнэ сумын харьяат цөөхөн айл нутагладаг байсан бөгөөд тус сумын удирдлагаас тэнд газар олгох болсноос хойш оршин суугчдын тоо нэмэгдэж, унаган иргэд нь хотоос болон гадаадаас ирсэн хүмүүст шахагдаж эхэлснийг биднийг тэнд очиход оршин суугчид нь өгүүлж байв. Түүгээр ч зогсохгүй монгол хүний нэрээр газар эзэмшиж, гэр буудал ажиллуулж буй солонгосчуудын авирыг унаган иргэд тэвчихэд бэрх байгаагаа хэлнэ лээ.
Амрагчид хогоо замбараагүй хаядаг, хаа дуртай газартаа “морь харж”, “бяруугаа аргамждагаас” болж тэр хавь зундаа нийслэлээс дутахгүй өмхий болж буйд нутгийн иргэд ихээхэн бухимдах болсноо бидэнд ярьсан. Хүнээс дутахгүй өмхий хангинуулж буй газарт чарганд хөллөдөг ноход байв.
Иргэн Х.Түвшинжаргалын 100 гаруй нохой голын голдирол дотор, ойн нэгэн чөлөөнд уяатай байх бөгөөд орчных нь үнэр таагүй. Ноход нь ч модноос бэхэлсэн ган татлагаар ургаа моддыг гэмтээж, хөрөөдсөн юм шиг болгосон байх нь хэвийн үзэгдэл.
Түүнээс холгүй орших өөр нэг газарт чарганы нохдоо зориулалтын байранд хосоор нь байлгаж, ялгадсыг нь тусгай уутанд аван, хог хаях цэгт хүргэдэг юм байна. Тэрүүхэн хооронд ийм ялгаа байж, хүний ухамсрыг илэрхийлэх мэт. Эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй, байгалийн аялал жуулчлалаар амьдралаа залгуулж буйгаа ухамсарласан нэг нь олон улсын стандартын дагуу нохойндоо байр барьж, ялгадсыг нь зөөж, төвлөрсөн хогийн цэгт хүргэж байхад нөгөөх нь байгаль орчин сүйтгэж байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын баталсан газар өмчлөх захирамжийн дагуу гэрчилгээ авсан, бусдаас худалдан авч эзэн суусан 2100 гаруй иргэн тэнд бүгд ирээгүй, суурин бий болоогүй байхад ийнхүү маш их бохирдол үүссэн байв. Хэрэв тусгай хамгаалалтаас тэр газрыг гаргачихвал хөрс, ус бүр ч их бохирдох нь гарцаагүй.