ЗАСГИЙН ГАЗРЫГ БАРЬЦ АЛДУУЛАХЫН ТУЛД ГАРТ БАРЬДАГ МОД НЬ ЭМЧ, БАГШ НАР БАЙСААР
Хэд хоногийн өмнө салбарын яамныхаа үүдэнд жагссан эмч, эмнэлгийн ажилчид төв талбайд суулт зарлаж, зарим нь өчигдөр үсээ хусууллаа. Тэд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, шинээр ажилтан авахгүй гэсэн төр, засгийн бодлого, шийдвэрийг эсэргүүцэж буй юм.
Тодорхой хэлбэл, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын тав, зургадугаар заалтыг хүчингүй болгох, сувилагчийн орон тоог 9000-аар нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар өсгөх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэхийг шаардаж, уг шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн. Харин Ерөнхийлөгч өөрөө ирж шаардах бичгийг нь авсан билээ.
Эдийн засаг хүнд байгаа тул энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй хэмээн эрс мэдэгдэж байсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг уг суулт ямар ч байсан хэлэлцээрт оруулж дөнгөлөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хоёр хоногийн өмнө хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээний ширээний ард суусан.
Уг хэлэлцээ амжилтгүй болсон тул Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо суултаа үргэлжлүүлж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжсэн нь үс хусах байв. Тэдэнтэй боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг салбарынхан нэгдсэн гэнэ. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол эмч, багш нар ажил хаяхаа мэдэгдлээ.
Бусад улсынхтай харьцуулахад монголчуудын дундаж цалин бага. Үүнийг бид бүгд мэднэ. Ямар сайндаа л монголчууд БНСУ-д цагийн ажил хийхийн тулд гурван сарын аяллын визэнд дугаарлаж, тэнд очоод солонгос хүний голоод хийдэггүй хар бор ажлыг хийнгээ “Бид энд биш Монголд л боолын хөдөлмөр эрхэлдэг юм байна. Даанч бага хөлсөөр ажиллуулж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр гомдоллож суух вэ.
Монголд хөдөлмөр эрхэлж буй бүх хүн цалингаа нэмүүлэхийг хүсдэг гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Цалингаа нэмүүлэхийг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулах эрх нь ч хэн бүхэнд нээлттэй. Гэхдээ л энэ удаагийн эмч, эмнэлгийн ажилчдын жагсаал, шаардлагыг нэг л дэмжимгүй санагдана.
Төрийн албаныхны цалин нэмэгдэхэд хувийн хэвшлийнхний авдаг хэд байрандаа үлддэгт, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тэдний цалинг дагаж өсөөд, бид хөлд нь чирэгдэж хоцордогт дургүйцэж буй юм биш. Иймэрхүү жагсаал, цуглаан, эсэргүүцлийн ард улс төрийн зорилго нуугдаж байдагт, мөрөөрөө ажлаа хийж яваа мянга мянган хүний нэрийг барьсан цөөн хэдэн нөхөр зохион байгуулалттайгаар үүнийг хийдэгт эгдүү хүрсэн хэрэг. Олон жил ингэж л явж ирлээ.
Хамгийн сүүлчийн жишээ нь өнгөрсөн намар багш нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаяж, энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроход гол шалтгаан болоогүй юм гэхэд багагүй дэм үзүүлсэн. Үүнийхээ “шанд” багш нар цалингаа 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргуулсан ч уг нэмэгдэл өдгөө хүртэл амьдрал дээр хэрэгжээгүй байна.
Тодорхой зорилготой хүмүүс Засгийн газрыг шахаанд оруулж, барьц алдуулах гэхдээ хамгийн түрүүнд гартаа барьдаг мод нь эмч, багш нар байсаар ирсэн. Харин тэд ийн ашиглуулсныхаа төлөө заримдаа цалингийн багахан нэмэгдэл “олж долоож”, заримдаа хоосон үлдсээр олон жилийг үдлээ.
ЗАРИМ САЙДЫГ, ЗАСГИЙН ГАЗРЫГ Ч ГАНХУУЛЖ МЭДЭХ ЖАГСААЛЫН АРД ХЭН БАЙНА ВЭ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өнгөрсөн оны тайланд “Нийт ажиллагчдын найман хувь буюу 48.4 мянга нь 240 мянган төгрөг хүртэлх, 5.7 хувь буюу 34.9 мянга нь 240-300 мянга, 17.8 хувь буюу 107.7 мянга нь 300-500 мянга, 36 хувь буюу 218.6 мянга нь 500-900 мянга, 16.6 хувь буюу 100.3 мянга нь 900-1 300 мянга, 4.2 хувь буюу 25.4 мянга нь 1.3-1.5 сая, 11.7 хувь буюу 70.8 мянга нь 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай” хэмээжээ.
Хөдөлмөрийн талбарт байгаа иргэдийн олонх нь (67.5 хувь) 900 мянгаас доош цалинтай нь эндээс харагдаж буй. Үүнийг нь ам.долларт шилжүүлбэл ажил эрхэлж буй иргэдийн 67.5 хувь нь 100-360 ам.доллар авдаг гэсэн үг. Ажил эрхэлж, амьдралаа авч явахаар чадан ядан зүтгэж буй монголчуудын олонх нь ийм л хөлстэй.
Эмч, багш нарын цалин хангалттай бус ч олонхын жишгээс тэгтлээ доогуур биш. Бас хувийн хэвшлийнхнийг бодвол элдэв хөнгөлөлт, урамшуулалд хамрагдчихдаг, ядаж л тэтгэвэрт гарахдаа багагүй хэмжээний тэтгэмж авчихдаг. Хангамж, нөхцөл, авдаг цалин нь эмч, багш нараас хамаагүй доогуур байсан ч хувийн хэвшлийнхэн бослого хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан хийж, Засгийн газрыг огцруулж явсангүй. Яагаад гэвэл тэднийг ганц дохиогоор нэгтгэж, босгоод ирэх үйлдвэрчний эвлэл байхгүй.
Үйлдвэрчний эвлэл гэдэг бол асар их хүч. Энэ байгууллагад хөдөлмөрийн насныхныг босгож, жагсаах, хамгийн өргөн хүрээтэй, олныг хамарсан хөдөлгөөн өрнүүлж дөнгөх хүч бий. Ажилчин ангиар халхавч хийн улс төрийн үйл ажиллагаа явуулах, улс төрд тодорч харагдах, хөрөнгө мөнгө шийдүүлэх боломж энэ байгууллагад их болохоор үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үеийн үед улстөрчид, улс төрийн намууд онилж ирсэн харагддаг. Эмч, багш нар байн байн жагсаж, Засгийн газрыг сандаргаад байдгийн цаад учир ч энэ байж мэднэ.
Уг нь амьдралд хүрэлцдэг цалинтай болохыг ажил олгогчдоос шаардах нь зүйн хэрэг. Гэхдээ төрийн албан хаагчид маань улс төрд ашиг хонжоо хайгчдын гар хөл болж, тэдэнд дахин дахин ашиглуулаад баймааргүй санагдана. Энэ удаагийн эмч, эмнэлгийн ажилчдын жагсаалаар эхлээд бусад салбарынхныг нэмэн өргөжиж буй тэмцлийн ард ч тодорхой улс төрийн зорилготой этгээдүүд байгаа гэсэн яриа тархаж байна.
Өчигдөр төв талбайд болсон үс хусах ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний танхимын гишүүд, УИХ-ын дарга М.Энхболд нарын зургийг баг болгож зүүсэн хүмүүс гүйцэтгэсэн нь дээрх яриаг батлах шиг болов. Бас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар Ерөнхий сайдад “Эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг бэлтгэх, хүн ардынхаа амар тайван аюулгүй байдлыг хамгаалахад нэгэн насны амьдралаа зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй багш, эмч, цагдаа нараа дэмжих нь монгол төрийн үүрэг.
2014 оноос хойш эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй, багш, эмч, цагдаа нарын цалин хөлс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд гүйцэгдэж, тэдний худалдан авах чадвар жилээс жилд муудаж, үүнээс улбаалан сүүлийн үед мэргэжлийн өндөр ур чадвартай олон боловсон хүчин гадаадад гарч хүний нутагт хүнд хөдөлмөр эрхлэх явдал нэмэгдэж байна.
Иймээс монгол хүний эрдэм боловсролын хөтөч, эрүүл жаргалтай, амар амгалан амьдралын манаач болсон багш, эмч, цагдаа нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, ур чадвар, ачаалалд нь тохирсон урамшууллын шударга тогтолцоо бий болгох шаардлагатай” хэмээсэн “поп” үгтэй асуулга хүргүүллээ.
С.Бямбацогт өнгөрсөн намар багш нарыг ажил хаяхад “Цалинг нэг төгрөгөөр ч нэмэх боломжгүй” хэмээн хариулсан Засгийн газрын танхимд ажиллаж байсан хүн. Улсын эдийн засаг ямар байгаа, яагаад цалин нэмэх боломжгүй гээд буйг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Гэтэл ийм бичиг шидээд зогсож буй нь эмч, багш нарын шаардлага улс төрийн тоглоом болох тал руугаа хэлбийсний илэрхийлэл болов уу. Энэ жагсаал зарим сайдыг, Засгийн газрыг ч ганхуулж мэдэх нь дэг ээ.