- Цусны хавдрын эм гааль дээр гацжээ –
Хүн амын нас баралтын гол шалтгаануудын нэг болсон, хорт хавдар хэмээх “мангас”-ын савраас иргэдээ хамгаалахын тулд БНХАУ-ын Засгийн газар химийн эмийг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Хүн амынх нь дунд зонхилон тохиолддог хавдрын химийн эмчилгээний 28 төрлийн эм үүнд багтсан аж.
Ингэснээр иргэд төдийгүй эрүүл мэндийн байгууллагуудын нуруун дээрх ачаа хөнгөрч, үнийн дарамтаас ангижирна гэж үзсэн байна. Үүнийг дагаад эмийн хүртээмж сайжирч, эмчилгээ ч үр дүнтэй болох нь дамжиггүй. Өмнөд хөршийнхөн дэлхийн бусад оронд үлгэр жишээ болохуйц, цагаа олсон, маш оновчтой шийдвэр гаргалаа хэмээн манай эрүүл мэндийн салбарынхан ярьж байна билээ. Харин хорт хавдартай холбоотой асуудлыг төрийнхөө бодлогын гадна “гээж” орхисон манай улсын өнөөгийн байдал иргэдээ бухимдахаас аргагүйд хүргэж байна.
Манай улсад зөвхөн 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилснөөс 4112 нь бурхан болжээ. Өдөр бүр 16 хүн хавдар тусаж, 11 нь нас барсан гэсэн үг. Хүн амын нас баралтын шалтгаанд энэ өвчин хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгааг “Монгол Улсын хавдрын өвчлөл, нас баралтын тайлан”-д дурджээ. Хавдартай гэдгээ хожуу үедээ оношлогдсон хүний тоо Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг анх баталсан 1997 оныхоос ер буураагүйг салбарынхан нь хэлж байна.
Бид энэ өвчинтэй төрийн бодлогын хэмжээнд тэмцэж, оношилгоо, эмчилгээнд онцгой анхаарах цаг болсныг илтгэх баримт энэ мэтээр өчнөөнийг дурдаж болохоор. Гэтэл манай улс хавдрын химийн эмчилгээний эмээ ч авч хүчрэхгүй буйг эмч, мэргэжилтнүүд хэлэв. Хавдрын эсийн өсөлт, үржлийг дарангуйлж, үхүүлэх, үсэрхийлэхээс сэргийлдэг, эмчилгээ үр дүнтэй болох, эсэхийг шийддэг ийм эм Монголд ямар ч сонголтгүй, хүртээмжгүй учраас иргэд хамгийн хямдыг нь авахаас аргагүй.
...Хэрэв манайх энэ төрлийн эмээ гаалийн татвараас чөлөөлчихвөл Япон, БНСУ-ын чанартай эмийн өртөг 30 хувиар багасна. Хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед чанартай эм юу юунаас чухал. Тиймээс үүнийг улсаас бодлогоор дэмжиж, чөлөөт сонголт бий болгох хэрэгтэй...
Химийн эмчилгээний эм үйлдвэрлэлээр АНУ, БНСУ, Япон, Энэтхэг дэлхийд тэргүүлдэг гэнэ. Харин манайх эм үйлдвэрлэлийн хамгийн том зах зээлтэй Энэтхэгээс энэ төрлийн эмийн хэрэгцээгээ 100 хувь хангадаг гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн Клиникийн эм зүйн албаныхан хэллээ. Чанартай, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлдэг, том, жижиг хэдэн мянган компани тус улсад бий. Харин манайх тэднээс хамгийн хямд өртөгтэй бүтээгдэхүүн санал болгосонтой нь л “нөхөрлөдөг” гэнэ.
Энэ нь хавдрын эмчилгээ үнэгүйдэх, өвчлөл ихсэх гол шалтгаан болдог аж. Тус албаныхан “Жижиг компаниуд л Монголд бүтээгдэхүүн нийлүүлдэг. “Natko”, “Cipla” зэрэг томоохон корпорац манай зах зээлийг тоодоггүй, сонирхдоггүй. Бид өөрсдөө аль хямд, жижиг компаниудыг нь сонгож, хэрэглээгээ хангаад хэвшчихсэн. Эмнэлгүүд химийн эмчилгээний эм авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулж, сонгодог ч үнийг нь л илүүд үздэг.
Аль компани хямд, боломжийн үнэ санал болгож вэ л гэдгийг илүүд үздэг. Чанарыг хэр барагтайд тоодоггүй. Үнэ, чанарын үзүүлэлтийг хувиар тооцвол 70:30-ын харьцаатай. Япон, БНСУ зэрэг өөр орноос хэчнээн чанартай эм оруулж ирлээ ч үнэтэй гээд сонгодоггүй байх жишээтэй. Хямд руу нь л хошуурдаг. Бодит байдал ийм л байна. Ийм байхад хавдартай яаж тэмцэх билээ” хэмээн толгой сэгсэрсэн.
Бид чанаргүй, хямд эм сонгоход хүргэдэг гол шалтгаан нь санхүүтэй холбоотой. Энэ төрлийн эм харьцангуй өндөр өртөгтэй. Тиймээс эмнэлгүүд төсөвтөө баригдаж, аль хямдыг нь сонгодог аж. Үүнээс гадна хил, гаалийн татвар гэж бас нэрмээс бий. Зарим орон ийм төрлийн эмийг импортын татвараас бүрмөсөн чөлөөлчихөөд байхад манайд тусламжаар өгч буй эмнүүдийг ч татвараас болоод хил дээр гацаачихдаг гэнэ.
Ийм явдал байнга тохиолддогийг ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан хэлсэн. Тэрбээр “Үнэгүй олгодог химийн эмнээс хүртэл татвар нэхэж, хил дээр гацаадаг. Тэр бүрт хөөцөлдөж, бөөн ажил болж байж чөлөөлүүлдэг. Үнэхээр хүндрэлтэй. Химийн эмчилгээний хамгийн хямд эм нийлүүлэхээс аргагүй нөхцөл бүрдсэн. Энэ байдлыг өөрчилж, эмчлүүлэгчдийг чанартай, хүртээмжтэй эмээр хангах нөхцөл бүрдүүлэх нь юу юунаас чухал. Иргэд шаардах хэрэгтэй.
Гэр бүлийнх нь хэн нэгэн химийн эмчилгээнд орж үзээгүй айл бараг үгүй боллоо” гэсэн. Одоо л гэхэд цусны хавдрын эм дээрх асуудлаас болоод хил дээр наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихжээ. Хормоор хэмжигдэж буй эрдэнэт амь үүнийг хүлээж тэсэх үү.
Хавдрын химийн эмчилгээний эмийг хүртээмжтэй болгохын тулд импортын татвараас бүрэн чөлөөлдөггүй юм гэхэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог болгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд санал дэвшүүлэв. Өдгөө манайд даатгалаар хөнгөлөлттэй, үнэгүй олгож буй эмнүүдэд эмч, мэргэжилтнүүд нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм билээ.
“Хэрэгтэй, хэрэггүй баахан амин дэм олгохоо болих хэрэгтэй. Үүний оронд өндөр үнэтэй, хавдрын зарим эмийг хамруулбал...” гэсэн саналыг холбогдох албаныханд өчнөөн олон удаа хүргүүлсэн гэсэн. Нээрэн л ампициллин, амоксициллин, тетрациклин, сальбутамол, парацетамол зэрэг хямд, түгээмэл эм эл жагсаалтад багтсан байдаг. Даатгалын хөнгөлөлтийг бид парацетамолд бус, жилд мянга мянган хүний амь авч одож буй хавдрын эмийг хөнгөлөхөд зориулбал илүү өгөөжтэй баймаар уг нь.
БНСУ-ын ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн аж үйлдвэрийг дэмжих хүрээлэнгээс гаргасан мэдээллээр тус улс зонхилон тохиолдох хавдрын химийн эмчилгээний 40 гаруй төрлийн эм, тариаг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгодог гэнэ. Энэ төрлийн эмийн хамгийн өргөн сонголттой орнуудын нэг нь эднийх. Энэ мэт сайн жишээ өчнөөн байна. Харин бид хэчнээн хүний амь золиосолж байж энэ байдлыг өөрчлөх юм бол.
Ж.ЖАВХЛАН: ЯДАЖ ЗОНХИЛОН ТОХИОЛДДОГ ХАВДРЫН ЭМИЙГ ИМПОРТЫН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ
ХСҮТ-ийн Клиникийн эм зүйн албаны дарга Ж.Жавхлангаас дараах зүйлийг тодрууллаа.
-Химийн эмчилгээний эмийн нэр, төрөл манайд ямар ч сонголтгүй юм байна. Иргэд өөрсдөө л гадаадаас чанартайг нь авч болох нь ээ?
-Болно л доо. Гэхдээ тийм боломж, нөхцөл хэр билээ. Иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг бодох хэрэгтэй. Химийн эмчилгээний зардал хэдэн зуун мянгаас эхлээд сая саяар үнэлэгддэг. Өнөөгийн нөхцөлд иргэдэд нэлээд дарамт болдог. Мөнгөтэй, боломжтой нь гадаад руу явдаг. Гэхдээ маш цөөн.
Эм үйлдвэрлэлийн том зах зээлтэй БНХАУ хүртэл иргэдийнхээ төлөө чухал шийдвэр гаргачихлаа. Эмийн үнийн дарамтаас иргэдээ чөлөөлөв. Эмчлүүлэгчдэд ирэх эдийн засгийн ачаалал, дарамт буурлаа. Тэд маш нарийн судалж байж, ийм шийдвэр гаргаж буй нь ойлгомжтой.
Судалгаа, шинжилгээгүй шийдвэр гаргах, хөдлөх улс тэд биш. Манайд хавдар, тэр дундаа химийн эмчилгээг ЭМЯ ч юм уу, аль нэг агентлагаас тухайлан судалж, бодлого явуулж байна уу гэвэл үгүй. Үнэхээр учир дутагдалтай, өрөвдөлтэй нөхцөлд байна.
-Дэлхийн жишигтэй харьцуулахад хамгийн хямд эмийг бид хэрэглэж байгааг салбарынхан нь хэлдэг. Хямд гэсэн эмийг нь ч иргэд хүчирч авч чаддаггүй гэх. Ямар өртөгтэй юм бэ?
-Гаалийн татвар, НӨАТ-ын бүрдүүлэлт гээд зөвхөн гааль л гэхэд 25.5 хувийн татвар авдаг. Үүн дээр байгууллагын үйл ажиллагааны зардал гээд бас тодорхой хувь нэмэгдэнэ. Хил дээр бараг 30 хувийн татаас өлхөн төлж байна. 100 ам.долларын эм оруулж ирлээ гэхэд зах зээлийн үнэ нь автоматаар 130 болох жишээтэй.
Дээр нь нийлүүлэгч буюу оруулж ирж буй компани нь ашгаа нэмж таарна. Ингээд 100 ам.долларын эм багадаа 150-иар монголчуудад хүрнэ. Хэрэв манайх энэ төрлийн эмээ гаалийн татвараас чөлөөлчихвөл Япон, БНСУ-ын чанартай эмийн өртөг 30 хувиар багасна. Хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед чанартай эм юу юунаас чухал. Тиймээс үүнийг улсаас бодлогоор дэмжиж, чөлөөт сонголт бий болгох хэрэгтэй.
-Бүгдийг нь биш юм гэхэд хавдрын эмийг элдэв татвар, чирэгдэлгүй нийлүүлдэг болгочихвол байдал арай дээрдэх байх, тийм үү?
-Монголд зонхилдог хавдар бол элэгнийх. Дараа нь ходоод, хөх, эмэгтэйчүүдийн хавдар орж байна. Ядаж эдгээр өвчний эмийг гаалийн татвараас чөлөөлөх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог үүнтэй уялдуулах нь чухал. Өвчтөнд ч, эмчид ч амар болно. Эм ханган нийлүүлэх дурын газраас хүссэн эмээ авах сонголттой болгомоор байна.
Эмнэлгүүд жилд төдөн төгрөгийн эм авна гэсэн тодорхой төсөвтэй. Энэ нь ямар ч хүрэлцээгүй. Хамгийн түгээмэл тохиолддог, мэс засал хийдэг өвчнийхөө эмүүдэд энэ мөнгөө хуваарилдаг. Эмийн тоо ширхгийг ч тооцно. Энэ хангамждаа тааруулж өвчтөнүүддээ үйлчилнэ, тусламж үзүүлнэ. Мэдээж хүлээлт үүснэ. Дарааллаа хүлээсэн хүмүүс энэ хооронд лам, бөөд үзүүлж, элдэв зан үйл үйлдэх, эсвэл амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж, биеэ улам дордуулах нь түгээмэл.