Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болно. Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ. Өрсөлдөөн дундаас үнэхээр авьяас чадвар, хүч чадалтай нь л тодорч гарна.
Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг, Өлзийсайханы Пүрэвсүрэн нараар дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямар байгааг харуулахаар “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгаа эхлүүлээд байгаа билээ. М.Пүрэвтунгалаг, Ө.Пүрэвсүрэн нар Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин юм.
ТАШКЕНТЫН ТЭНГЭР МОНГОЛ ОХИНЫГ ИВЭЭГ
Олимп, дэлхийн дэвжээнд монголчуудын хамгийн их найдлага тавьдаг спортын төрөл бол чөлөөт бөх. Чөлөөтийн тамирчид ч спортын хорхойтнуудын хүсэн хүлээсэн бахархам амжилтууд гаргаж, итгэлийг хөсөрдүүлэлгүй явж ирсэн. Монгол Улс олимпизмын туган дор нэгдсэнээс хойших 54 жилийн хугацаанд чөлөөт бөхөөр хамгийн олон олимпын медаль аваад буй.
Энэ бол чөлөөт бөх тив, дэлхий, олимпын дэмжээнд Монголын нүүрийг тахалж, нэрийг гаргаж ирсэн топ төрөл гэдгийг илэрхийлэх нэгээхэн үзүүлэлт. Манай тамирчид 1964 оноос олимпод оролцож, 1968 онд Мехикогоос чөлөөтийнхөн нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээс хойш 1976 он хүртэл монголчууд зөвхөн энэ төрлөөр л олимпын медаль авч байж. Их спортын төрлүүдээс чөлөөт бөхөд илүү элгэмсдэг спорт сонирхогч олон.
Ийм ч учраас чөлөөт бөхийн тамирчин болохоор сэтгэл шулуудсан, тив, дэлхийн дэвжээнд нэрээ дуудуулан, Төрийн дууллаа эгшиглүүлэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн бэлтгэлийн танхимд өнждөг охид, хөвгүүдийн цуваа үеийн үед тасардаггүй. Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Х.Баянмөнх, Т.Артаг, З.Ойдов тэргүүтэй домог болсон тамирчдын залгамж халаа болон “ургаж” буй өсвөр үеийнхэн энэ өдрүүдэд ч Узбекистаны нийслэл Ташкент хотод Ази тивийн шилдгүүдтэй хүч үзэж байгаа. Тэдэн дунд манай реалити сурвалжилгын баатар М.Пүрэвтунгалаг яваа.
Тэр энэ тэмцээнд оролцохыг үнэхээр их хүссэн, бас зорьсон. Ирэх жил өсвөр насны ангиллаас мултрах түүний хувьд энэ ангилалд барилдах сүүлчийн тэмцээнүүдийнх нь нэг. Чулуун хотод (Ташкент гэдэг нь монголчилбол Чулуун хот гэсэн утгатай аж) очих, Ташкентын дэвжээнд зодоглох зам түүний хувьд дардан байсангүй. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд алтын төлөө төлөө хүч үзээд, ганцхан оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртэхдээ өөрийгөө буруутган уйлж зогссон охины нулимс тив, дэлхийн дэвжээнд зодоглох эрхээ авч чадсангүй гэсэн харамслынх байв.
Түүний мөрөөдөл, зорилго дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин болох. Гэтэл тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцох эрх авахын тулд жиндээ нэг номер байх бичигдээгүй хууль, хатуу боловч шударга шалгуур спортод бий. Хоёр, гуравдугаарт бичигддэг тамирчдад боломж олдох тохиолдол байдаг ч тэр нь ховор бөгөөд өрсөлдөөн ихтэй.
Үүнийг мэдэж буй учраас ганцхан оноогоор ялагдсандаа шаралхаж, шатан, уйлж байсан охиныг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар Монголын чөлөөт бөхийн холбооноос шийдвэрлэсэн нь түүний хувьд энэ жилийн хамгийн том баяр байв. М.Пүрэвтунгалагийн сүүлийн тэмцээнүүдийн амжилт, барилдааны чанарыг харгалзан үзээд багш, дасгалжуулагчид нь ийм санал гаргасан аж.
Өмнө нь аймгаа төлөөлөн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан охин энэ удаа улсаа төлөөлөн тивийн аваргын тэмцээнд оролцохоор болсон түүх энэ.
МӨНГӨНИЙ ЭРЭЛД
Спортоор хичээллэж, тамирчин болохоор тэмүүлж яваа хүүхдүүдийг хамгийн их зовоодог, замын дундаас шантрахад хүргэдэг зүйл бол замын зардал. Амжилт гаргаж, тив дэлхийд нэрээ дуурсгаад ирэх үед л энэ зовлон жаахан нимгэрдэг байх. Харин тэр болтол хүүхэд, залуус хэчнээн тэмцээнд оролцож, ялж, ялагддагийг анзаарч тоолсон хүн үгүй биз.
Амжилт гаргаж, олонд танигдаагүй, бор зүрхээрээ зүтгэж яваа энэ үе л жинхэнээсээ тамирчдын сэтгэл, зүтгэл, тэвчээрийг шалгадаг болов уу. М.Пүрэвтунгалаг ч энэ үеийг давж явна. Охин Азийн аварга шалгаруулах тэмцээндээ явж чадахгүй үлдчихээ шахсан. Шалтгаан нь өнөөх гайхал мөнгө.
Гуравдугаар сарын 25. Өдгөөгөөс сар гаруйн өмнө, охиныг нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахаар болсныг мэдсэн даруйдаа М.Пүрэвтунгалагийн ээж С.Наранчимэг сайхан мэдээ дуулгахаар бидэнтэй холбогдсон юм. Тэрбээр мөрөөдөж, зорьж байсан тэмцээндээ оролцож, орон орны шилдгүүдтэй хүч үзэх эрхтэй болсон охиныхоо өмнөөс хөл нь газар хүрэхгүй баярлаж, догдолж буйгаа хэлээд, замын зардалд нь санаа зовж буйгаа хуваалцсан юм. Энэ тухай нь бид уншигчдадаа дуулгаж, дэмжлэг хүсэх талаар санал солилцсон ч Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах “Аймгийн Засаг дарга зардал мөнгөний асуудал гарахад тусалдаг юм. Түүнийг харзнасан нь дээр байх” гэснээр энэ тухай түр “мартаад” байлаа.
Тавдугаар сарын 7. М.Пүрэвтунгалагийн ээжээс гар утсанд маань дуудлага ирэв. Тэрбээр “Хэд хоног мөнгө хайж, энд тэндхийн хаалга татлаа. Таньж, мэдэх бүх хүн рүүгээ утсаар ярьж, мессеж бичлээ. Танихгүй хүмүүстэй ч уулзлаа. Учраа яриад ороход хайрч хажиглахгүй, уриалгахан угтах боловч “Май” гээд мөнгө гаргаад өгөх хүн өдрийн од шиг цөөн юм. Охин маргааш нисэх гээд байдаг. Гэтэл замын зардалд нь сая гаруй төгрөг сох дутчихлаа. Одоо онгоцны тасалбараа захиалах ёстой гэнэ. Яадаг билээ” хэмээн хоолой зангируулав.
Энэ жил Баянхонгорын таван хүүхэд улсаа төлөөлөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ. Тэдний болон багшийнх нь замын зардал, очоод байрлах зочид буудал, хоол хүнс, бусад зүйлийг нийлүүлээд тооцохоор багагүй дүн гарах нь ойлгомжтой. Аймгийн Засаг даргын Тамгын газар тамирчдаа боломжийнхоо хэрээр дэмждэг бөгөөд энэ удаа ч зардлын ихэнхийг шийдэж өгсөн байна. Үлдсэн хэсгийг нь олох үүрэг хүүхдүүдэд ногдож, гэр бүлийнхэн нь хэдэн тийшээ мөнгөний эрэлд гарсан ч бүтэл муутай байсан хэрэг. Өмнө нь учраа хэлээд ороход боломжийнхоо хэрээр тусалдаг байсан өгөөмөр, нинжин сэтгэлтнүүд энэ удаа өөдөөс нь зовлон тоочоод суух нь олон байж. Хахир өвлийн дараах тарчиг хавар, эдийн засгийн хямрал хөдөөгийн иргэдийн хэтэвчинд багагүй нөлөөлсний илрэл нь энэ биз. Дээрээс нь хугацаа давчуу байсан нь ч нөлөөлөө биз.
Маргааш охин нь явна гэж байхад тэд хэрэгтэй мөнгөнийхөө талыг л олсон байв. Охиныхоо төлөө хөлөө эцтэл явсан ээжийн сүүлчийн найвар нь “Өнөөдөр” сонин болжээ. “Миний муу охин “Ээж ээ, хүүтэй зээлээд ч хамаагүй мөнгө олоод өгөөч. Би ирээд шагналын сан өндөртэй тэмцээнд түрүүлээд, буцаагаад төлчихье” гэнэ ээ. Зээлье гэсэн ч надад мөнгө олдохгүй байна” гэсэн ээжийн итгэл, найдвар, тусламж эрсэн хүсэлтээс хаашаа ч бултах аргагүй мэт санагдаж, тодорхой төлөвлөсөн зүйлгүй хэдий ч “Би ганц нэг хүнтэй холбогдоод үзье. Та ч бас хайж л байгаарай. Ямар ч байсан охиноо явуулна аа, хоёулаа” гээд хэлчихэв.
Ингээд Баянхонгороор овоглож явдаг улстөрчид, утасны дугаарыг нь мэдэх ганц нэг бизнесмэн рүү утас цохилоо. Яарч сандарсан үед хясаж байгаа юм шиг заримынх нь утас холбогдохгүй, зарим нь гадаадад яваагаа мэдэгдсэн дуут дохиотой байж таарав. Холбогдсон хүмүүсийн олонх нь “Арай л тулгамдуу байна. Дараагийн удаа...” хэмээн боловсон бөгөөд аятайхнаар татгалзаж буйгаа илэрхийлсэн.
Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нутгийнхаа охиныг өсөх ирээдүйтэй тамирчин хэмээн итгэж, сэтгэлийн хандив өгсөн нь сандарсан үед том тус, замын зардлыг гүйцээхэд багагүй нэмэр болсон юм. Төр түшилцэж, Засгийн газрын гал тогоог зангидах хариуцлагатай албанд зүтгэж яваа Хонгор нутгийн унаган хүү, эрхэм сайдад тамирчин охин М.Пүрэвтунгалаг, түүний аав С.Мөнхбат, ээж С.Нарангэрэл нар туйлаас талархаж буйгаа илэрхийлэн, ажлын амжилт хүсэж, мэлмий тунгалаг, өлмий бат оршихын ерөөл өргөснийг уламжилъя.
Төрийн сайд, төрөл садан, найз нөхдийн сэтгэлийн хандиваар олох ёстой мөнгөний ихэнх цуглаж, 300 мянган төгрөг л дутлаа. Уг нь энэ их мөнгө биш. Зарим нэгний хувьд инээдэмтэй, нэг удаа хооллоход ч хүрэлцэхгүй бага мөнгө. Гэвч цагт баригдаж, хэрэг нь болоход олддоггүй их мөнгө. Энэ мөнгийг олчих санаатай хэд хэдэн хүн рүү мессеж, чат бичсэн ч амжилт олоогүй. Охины явах, эсэхийг шийдэх эцсийн мөчид 300 мянган төгрөг дутсан хэвээр байлаа.
Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үг бий. Дансны үлдэгдлээ хамж, гэр бүлийн хүнээсээ цөөхөн хэдэн төгрөг асуух нь надад бусдаас мөнгө гуйхаас амар санагдсан. Ингээд охин өнөөдөр Ташкентын дэвжээнд зодоглож байна. Үүнээс сайхан зүйл юу байх вэ. Энэ тэмцээнд тэр ялна уу, ялагдана уу, хамаагүй. Яагаад гэвэл тэр унаж яваа борог биш, ургаж яваа ногоо. Өнөөдөр хяруунд цохиулан дагживч маргаашийн наранд улам илүү тод, хүчтэйгээр дээш тэмүүлнэ. Маргааш түүний цаг ирнэ. Түүнд минийхээс ч хүчтэй мөрөөдөл, минийхээс том амбийц, асаж дүрэлзсэн их тэмүүлэл бий гэдэгт би итгэж байгаа.