Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдын статистик мэдээллээс үзэхэд хүйсийн харьцаа ойролцоо байдаг ч их, дээд сургуульд ороход хөвгүүд хоёр дахин цөөрдөг
Бэлтгэсэн: Г.Баярцэцэг, Л.Ганчимэг
“Дээд боловсрол эзэмшсэн, дипломтой ажилгүйчүүдийг хөдөлмөрийн зах зээлийн хаана нь яаж шингээх вэ гэж манайхан толгойгоо гашилгадаг. Зүйрлэж хэлбэл, сэлж сураагүй хэрнээ нэгэнт усанд цүл пал гээд орчихсон, живж буй хүмүүсийг л бид аврах гээд байна. Уг нь усанд орохоос нь өмнө буюу ерөнхий боловсролын сургууль төгсөөд их, дээд сургуульд элсэх үед нь анхаарч, жендерийн мэдрэмжтэй бодлого баримтлах хэрэгтэй юм.
Жендерийн мэдрэмжтэй мэргэжил сонголт буюу зорилтот салбарууд руугаа элсэгчдийг хүйсээр нь квот тогтоож оруулахгүй бол асуудал улам томорсоор, бид дараа дараагийн хүмүүсийг уснаас аварч чадахгүйд хүрнэ” хэмээн МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор, доктор Н.Болдмаа ярилаа.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр мэргэшсэн тэрбээр хөдөлмөрийн зах зээлийн эл гажуудлыг засахын тулд бүх талыг оролцуулж, тогтолцоогоор нь шинэчлэх шаардлагатайг сануулсан юм.
Наандаж хөдөлмөрийн зах зээл хэмээх гүн нуурын усанд хөлөө дүрэхээс нь өмнө мэдлэг хэмээх “аврах хантааз”-ыг хүүхэд, залуустаа хүрэлцэхгүйц байдлаар тараах, цаашлаад 50 метр газарт ажралгүй сэлдэг болгож сургахад олон талын оролцоо чухал. Гэвч ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудалд манайхан төдийгөөс өдий хүртэл хэвшмэл сэтгэхүйгээр хандаж ирснийг худалдаа, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд голдуу ажиллаж буйгаас харж болно.
Их, дээд сургууль төгсөгчдийн олонх нь хэдийгээр эмэгтэйчүүд байдаг хэрнээ тэргүүлэх чиглэл буюу байгалийн ухаан, инженер, техник технологийн салбарын өндөр цалинтай ажлын байранд гол төлөв эрчүүд очдог. Энэ нь мөн л жендерийн мэдрэмжтэй мэргэжил сонголт үгүйлэгдэж буйн илрэл.
Үнэнийг хэлэхэд, сэтгүүлч миний бие ч жендерийн хэвшмэл ойлголтын нөлөөгөөр энэ мэргэжлийг эзэмшсэн. Сурагч ахуйдаа Солонгосын нэгэн киноноос барилгын салбарт эмэгтэй хүн ажиллаж болдгийг хараад архитектор болох зорилго тээсэн юм. Ингээд ШУТИС-ийн Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын ангид элссэн боловч аав, ээж минь эрс эсэргүүцэх нь тэр. Тухайн ангид надаас өөр эмэгтэй байгаагүй нь “Бүсгүй хүн барилгын салбарт ажиллах хэцүү” гэсэн аав, ээжийн минь зөвлөгөө ортой болохыг бататгаж, арга буюу сэтгүүлч мэргэжлийг сонгож билээ.
...Ингэвэл эцэг, эх, багш нар нь хүртэл “Энэ бол эрэгтэй хүүхдэд тохирох мэргэжил, энэ нь эмэгтэйчүүдийнх” гээд сонголтод нь нөлөөлдөг хэвшмэл ойлголтыг халахад ч тустай биз. Гэвч ХЗДХЯ-ныхан дээрх журмыг хянаад, 1.14 дэх заалтыг “Энэ бол хүний эрхийг зөрчсөн заалт” гээд хасах нь зүйтэй гэж үзсэн байх юм. Хүн бүр хүссэн ажлаа хийж, таашаал авч, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх нөхцөл боломжоор хангахад хаана хаанаа анхаарах нь чухал байлтай...
Надаас гадна олон эмэгтэй ийм шалтгаанаар барилгын салбарт ажиллах мөрөөдөл, зорилгоо таягдсан гэдгийг цөөнгүй сонсож байв. Улаанбаатар хотын түүхэнд ерөнхий архитекторын албыг эмэгтэй хүн хашиж байгаагүй нь ч үүнтэй холбоотой биз. Хамт нэг ангид элсэж орсон дунд сургуулийн найз хөвгүүн минь өдгөө сард дунджаар 2.5-3.5 сая төгрөгийн цалинтай ажил эрхэлж буй.
Адилхан хүсэл, мөрөөдөлтэй байсан миний хувьд түүнээс хэд дахин бага орлоготой. Монголд эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авдаг нэг том шалтгаан нь мэргэжил сонголтоос үүдэлтэй гээд хэлчихэд тэгтлээ буруудахгүй болов уу.
Гэхдээ удирдах алба хашиж буй цөөн тооны эрчүүдийн дүр зургийг бүгдэд нь хамааруулж ойлговол өрөөсгөл. Бүрэн дунд болон түүнээс доогуур боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн олонх нь эрчүүд байдаг тул тэдэн рүү чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэж буйг хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарынхан хүлээн зөвшөөрдөг.
ХӨВГҮҮД ХААНА “ГЭЭГДЭЭД” БАЙНА ВЭ
Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд МУИС, ШУТИС, ХААИС, “Отгонтэнгэр”, “Идэр” гэсэн таван сургуулийн багш нар хамтран өнгөрсөн жил их, дээд сургуульд элсэгчдийн жендерийн байдалд анх удаа дүн шинжилгээ хийжээ. Их, дээд сургуульд элсэх эрэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх (2009 онд 40 хувь байсныг 45 хувь болгох), тэргүүлэх чиглэлээр эмэгтэй элсэгчийн тоог 45 хувьд хүргэх, зорилтот бүлгийн буюу амьжиргааны 1-6 түвшний өрхийн хүүхдүүдийн эзлэх хувийг өсгөх гэсэн гурван гол зорилготой судалгааны багийнхан зөвлөмжөө БСШУСЯ, Жендерийн ажлын хэсгийнхэнд хүргүүлсэн аж.
Сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээллээс харахад нийт их, дээд сургуульд элсэгчдийн 57.5-58.8 хувь нь охид байгаа бөгөөд 10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад энэ нь нэлээд буурсан үзүүлэлт гэнэ. Гэвч Монголын боловсролын салбарт жендерийн тэнцвэрт байдал урвуу харьцаатай байгааг олон улсын байгууллагынхан ч сануулдаг.
Улаанбаатар хотын таван сургууль болон таван аймгийн элсэгчдэд түшиглэн 2365 хүүхдийг сонгоод, 2017 оны хавар суурь судалгаа хийхэд жендерийн хэвшмэл ойлголт, хуучинсаг хандлага аль ч түвшинд байгааг ажлын хэсгийнхэн онцлов. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд, мэргэжил сонгоход бэлэн байсан 1450 хүүхдийн хүйсийн харьцаа нь ойролцоо байж. Гэтэл намар оюутан болоод их, дээд сургуульд орсон 915 элсэгчийн хүйсийн харьцаа 2х1 буюу охид нь хоёр дахин их болчихож. Өөрөөр хэлбэл, “хөдөө хөхөрч” үлдсэн 535 нь бараг бүгдээрээ эрэгтэй хүүхэд байсан гэнэ.
Энэ нь “Эрэгтэй хүүхэд яах вэ, охиноо л эхний ээлжинд дээд боловсролтой болгоё” гэдэг эцэг, эхчүүдийн хэвшмэл хандлага дээр “Эднийх охиноо их сургуульд сургаад байхад манайх ч бас тэгэх ёстой” гэсэн монголчуудын барьцамтгай, жөтөөч зан нэмэгдэхээрээ юу болдгийн илрэл гэдгийг судалгааны багийнхан нуугаагүй.
Нөгөө талаас эрэгтэй хүүхдүүд байгалийн төрөлх зөнгөөрөө “Гэр бүлийн минь нөхцөл байдал хэцүү байхад би нэрмээс бололгүй энэ жилдээ өнжөөд, ажил хийж дэм болъё. Дараа жил сургуульд оръё” хэмээн сурахаас татгалздаг тохиодол ч бишгүй байдаг аж.
“ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ МЭРГЭЖИЛ” ГЭЖ БИЙ ЮҮ
Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын 1.14-д “Жендерийн тэнцвэр алдагдаж буй мэргэжлийн хөтөлбөрүүдийн элсэгчдийн хүйсийн харьцааг дээд боловсролын байгууллага өөрийн онцлогт тохируулан тогтоож болно” гэж тусгуулсан нь дээрх судалгааны нэг чухал үр дүн гэдгийг багийн ахлагч Н.Болдмаа доктор онцлов. Ингэснээр “Энэ бол эрэгтэй хүний л хийх ажил” гэх зэргээр “эрэгтэй, эмэгтэй мэргэжил” гэж зориуд ангилан ялгахгүй, ажил олгогчдыг өөрсдийг нь жендерийн мэдрэмжтэй байх нийгмийн шаардлага руу татан оруулах боломж нээгдэх гэнэ.
Наад зах нь, хөдөө орон нутагт зам, барилга, уул уурхайн салбарт эмэгтэй хүн инженерээр ажиллах боломж нөхцөлөөр хангахад ажил олгогч анхаардаг болох аж. Ингэвэл эцэг, эх, багш нар нь хүртэл “Энэ бол эрэгтэй хүүхдэд тохирох мэргэжил, энэ нь эмэгтэйчүүдийнх” гээд сонголтод нь нөлөөлдөг хэвшмэл ойлголтыг халахад ч тустай биз. Гэвч ХЗДХЯ-ныхан дээрх журмыг хянаад, 1.14 дэх заалтыг “Энэ бол хүний эрхийг зөрчсөн заалт” гээд хасах нь зүйтэй гэж үзсэн байх юм.
Хүн бүр хүссэн ажлаа хийж, таашаал авч, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх нөхцөл боломжоор хангахад хаана хаанаа анхаарах нь чухал байлтай.
Японд судлаач-оюутнаар сураад ирсэн монгол эмэгтэй гагнуур хийдэг, тэр ажилдаа жигтэйхэн дуртай байсан тухайгаа хуучилсан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг ягштал баримталдаг оронд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр дуртай ажлаа хийж болдгийн тод жишээ энэ.
“БАЙ” НЬ АХЛАХ, ДУНД АНГИЙНХАН
Нийтлэл, мэдээ бэлтгэх явцад Монголд жендерийн мэдрэмжтэй мэргэжил сонголт яах аргагүй тулгамдаж буй асуудал болсон гэдэг нь цөөнгүй ажиглагддаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг үйлчилгээний байгууллагын ажилчдын 70 гаруй хувь нь эмэгтэйч. Боловсролын салбарт ажиллагсдын 90 хувь нь мөн л эмэгтэй гэсэн статистик бий.
Гэтэл тэднийг гол төлөв эрчүүд удирддаг учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг гол “баатар” нь ч тэд байдаг. “Мэдээллийг удирдах албан тушаалтан л өгөх журамтай” гэж ам тагладаг төрийн байгууллагынхны “дэг жаягаас” болоод эцэст нь хэвлэл мэдээллийнхэн жендерийн мэдрэмж муутай гэж “цоллуулдаг”. Үнэндээ тэргүүлэх чиглэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа хөдөлмөрийн зах зээлд хүйсийн тэгш бус байдал газар авахад нөлөөлдгийг ч жендерийн мэргэжилтнүүд хэлсэн юм.
Монголчууд бид жендерийн хэвшмэл хандлагаа өөрчилж, ирээдүй хойчийнхоо мэргэжил сонголтод одооноос анхаарахгүй бол асуудал улам гүнзгийрч, шийдэхэд тэр хэрээр түвэгтэй болох нь дамжиггүй. Боловсролын салбарынхан гэхэд элсэгчид, суралцагчид, төгсөгчид гээд бүх шатанд анхаарах, ерөнхий боловсролын ахлах, дунд ангийнханд жендерийн мэдрэмжтэй мэргэжил сонголт гэж юу болох, хөдөлмөрийн зах зээлийн талаарх ойлголт, мэдлэг өгөхөд анхаарах шаардлагатай. Цаашлаад бүх салбарын оролцоог хангаж байж энэ гажуудал тогтолцоогоороо өөрчлөгдөнө гэдгийг сануулахад гэмгүй.