Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар улиралд эхлүүлж, 2022 оны эцэст түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж дуусгах төлөвлөгөөтэйг салбарын сайд дуулгалаа. Засгийн газар Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн.
Тэгвэл үйлдвэрийн түүхий эдийг Дорнод аймгаас авч, боловсруулаад Улаанбаатар болон бусад газарт хүргэхээр төлөвлөж буй. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон тус яам, АМГТГ-ын удирдлага, мэргэжилтнүүд зүүн бүсэд ажиллах үеэрээ буюу энэ сарын 5, 6-нд Дорнод аймаг дахь газрын тосны Тосон уул ХIX, Тамсаг XXI талбайд ажиллалаа. Тэд “Петро Чайна дачин Тамсаг” компанийн олборлолт, хуваарилах станц зэргийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Түүх сөхвөл, БНХАУ-ын Газрын тос, байгалийн хийн корпорац 2005 онд “СОКО Тамсаг”, “СОКО Монгол” компанийн хувьцааг худалдан авснаар XIX, XXI, ХХII талбайд хайгуул, олборлолт хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авч “Петро Чайна дачин Тамсаг” компанийг байгуулжээ. ХХII талбайд эдийн засгийн үр ашиг бүхий нөөц илрээгүй тул буцаан өгсөн бол ХIX талбайгаас 2010, XXI талбайгаас 2012 оноос олборлолт хийж эхэлсэн аж. Эдгээр талбай нь Дорнод аймгийн төв Чойбалсангаас зүүн зүгт 220, 150 км-т оршдог.
XXI талбайд “илжиг” буюу савлуурт төхөөрөмж 254 бий.
Монгол Улсын тосны өлгий нутаг гэж хэлж болох Матад сумын эдгээр талбайгаас “Петро Чайна дачин Тамсаг” компани түүхий тос олборлож, авто замаар тээвэрлэн, экспортолж буй. Тодруулбал, ХIX талбайн тосыг Бичигт боомтоор дамжуулан Эрээний орд газарт тээвэрлэн хүргэж Хөх хотын, XXI талбайнхыг Баянхошуу боомтоор дамжуулан Хайлаарын орд газарт аваачин, Харбины боловсруулах үйлдвэрт борлуулдаг. ХIX талбайд одоогоор тос, усны 674 цооног ашиглаж буй. Тэдгээрийн 194 нь ус шахалтынх бөгөөд өдөрт 5600 шоо метр усыг олборлолтын давхаргад шахаж буй юм билээ.
Экспортын тээврийг дөрвөн компани гүйцэтгэдэг. Гаалийн хяналтын бүсэд тэндхийн ажилчдын хэлдгээр “хоолтой” тээврийн хэрэгслийн жинг нарийн тооцдог. Түүхий тосны хэмжээг АМГТГ, МХЕГ, олон улсын эрхтэй хөндлөнгийн компани хянадаг байна. Өдөрт 10 мянган баррель тос экспортолж буй аж. Цаг агаараас шалтгаалж тээвэрлэлт удаашрах, баяр ёслолын үеэр хил хаах зэргээс болж нийлүүлэлт тухайн жилийн төлөвлөгөөндөө хүрэхэд хүндрэл үүсгэдэг тул тосыг хоолойгоор хүргэх нь чухал гэж “Петро Чайна дачин Тамсаг” компанийн ерөнхийлөгч хэлэв. Энэ нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, зардлыг багасгах юм байна.
Дорнод аймгийн удирдлагууд гүний ус ашиглахыг ирэх жилээс зогсоох шийдвэр гаргасан тул ойлголцох асуудал нэгээр нэмэгджээ. Орон нутгийн мэргэшсэн хүмүүсийг ажилд авдаггүй, худалдан авалт, туслан гүйцэтгэгчийг сонгохдоо ил тод байлгах, авто зам барих зэрэгт анхаарах хэрэгтэй хэмээн тус аймгийн удирдлагууд мэдэгдэж байгаа юм. Энэ талаар салбарын сайд “Талууд харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Аль нэг талын шахалтаар ажиллах биш, талууд ойлголцох нь зүйтэй.
Авто зам барих, нөхөн сэргээлт хийх, орон нутгийнхантай ойлголцох үүрэг өгч байна. Үйлчилгээг монголчууд хийх ёстой. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг анхаарах нь чухал. Газрын тос бол стратегийн салбар” хэмээн тодотгосон. Тэрбээр Матад сумыг хөгжүүлөх төлөвлөгөө боловсруулах үүргийг холбогдох хүмүүст өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Компанийн худалдан авалт нээлттэй, ил тод байгаасай. Орон нутгийн иргэдийг түлхүү ажиллуулахыг хүсэж байна” гэж ярилаа.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус компани нийт 2.92 тэрбум ам.долларын түүхий тос экспортолж, Засгийн газарт 654 сая “ногоон”-ы бүтээгдэхүүн хуваалтын орлого төвлөрүүлсэн дүн бий. Тэд 2015 онд 1.05, 2016 онд 1.03 сая тонн түүхий тос олборложээ. Улмаар өнгөрсөн жилийн эцсийн байдлаар нийт 5.81 сая тонныг олборлосон юм байна. Компанийн зүгээс 3.16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаас 1.13 нь эргэн төлөгдөөгүй байгаа гэсэн.
“Цайрт минерал” компанийн үйлдвэрлэл Монгол Улсын ДНБ-ий 0.8, экспортын 1.5 хувийг бүрдүүлж байна. Баяжуулах үйлдвэр жилд дунджаар 400 мянган тонн хүдэр боловсруулж, 55 хүртэлх хувийн агуулга бүхий 80 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэн, экспортолж буй. Тэнд цайрын сульфидын хүдрийг хөвүүлэн баяжуулах технологи ашиглан, БНХАУ, Швед улсын тоног төхөөрөмжөөр хүдэр бэлтгэх, нунтаглан баяжуулах, усгүйжүүлэх дамжлагаар боловсруулдаг.
“Петро Чайна Дачин тамсаг” компанийн ерөнхийлөгч Жианг Вэйдонг “Байгаль орчныг нөхөн сэргээнэ гэж баттай хэлж чадна. Ажилчин авахдаа орон нутгийг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Компани 630 монгол ажилчинтай. Тэдний 75 хувь нь Дорнодын иргэн. Шинээр ажилчин авах болбол Матад сумаас авна. Бид орон нутгийг дэмжих санд жил бүр мөнгө өгдөг. Хонь, үхрийн мах худалдан авах зэргээр малчдыг дэмждэг” хэмээн өгүүлэв. Тэдний үйл ажиллагаа жигдэрч байгаа тул шинээр ажилчин авах нь багасаж буй аж. Түүнчлэн ажилчид нь цалиндаа сэтгэл хангалуун байдаг учир гарах нь бага байдаг гэлээ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Петро Чайна дачин Тамсаг” болон туслан гүйцэтгэгчдийнх нь импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмж, бараа материалын татварыг хөнгөлөх ёстой байдаг аж. Харин 2013 онд Гаалийн татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэн батлахдаа дээрх хөнгөлөлтийг түр цуцалжээ. Улмаар 2013 нэгдүгээр сараас дараа жилийнх нь долдугаар сар хүртэл тухайн үеийн ханшаар тооцоход 16 сая ам.долларын татвар илүү төлөхөд хүргэснийг дээрх компанийнхан дурдаад, буцаан олгохыг хүсэж буйгаа тэмдэглэлээ.
Мөн Чойбалсангийн ДЦС-аас нийлүүлж буй эрчим хүч хангалтгүй буйг дурдлаа. Эрчим хүч дутагдаж, системийн засвар, гэмтлээс үүдэн тос, усны 130 цооногийн олборлолт нь зогсохоос өөр аргагүйд хүрснийг ч “ховлосон” юм. Иймээс XXI талбайд урд хөршөөс эрчим хүч татах хүсэлтэй буй аж. Бас улс хоорондын ачаа тээврийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулдаг байсан ч өнгөрсөн оноос гурван сар тутамд сунгадаг болсон нь хүндрэл учруулж буйг хэлэв.
Салбарын сайд XIX талбайн 300 орчим монгол ажилчинтай уулзаж, саналыг нь сонссон. Энэ үеэр эрчим хүчний найдвартай байдлыг хангах, газрын тосны чиглэлээр төгссөн мэргэжилтнүүдийг ажилд авахад анхаарахыг ажилчид хэлж байв.
Үүний дараа сайд Д.Сумъяабазар “Петро Чайна дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч, 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Петротранс” компанийн үйл ажиллагаатай мөн танилцсан юм. Бүх ажилчин нь монгол гэдгээрээ онцлог (өөрийн сургалтын төвд мэргэшүүлдэг) тус компани цооногийн засвар үйлчилгээ, түүхий тосны тээвэрлэлт, ил олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Тэд XIX, XXI талбайд шавхалтын ажил, засварын үйлчилгээ үзүүлдэг аж. 100 гаруй ажилчинтай “Петротранс” компанийн захирал Б.Отгонпүрэв “XIX, XXI талбайд газрын тосны шавхалтыг байнга давуулан биелүүлж байгаа. Бид маш олон стандарт, шаардлага хангаж байж “Петро Чайна дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч болсон. Бусад компанийг ч ажиллаасай гэсэн үүднээс бид алдах эрхгүй гэж үзэж, сайн ажиллахыг хичээж байна” хэмээн ярилаа. Тэгвэл салбарын сайд “Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж буй энэ үед мэргэжлийн боловсон хүчин маш чухал” гэж тодотгов.
“ЦАЙРТ МИНЕРАЛ”-ЫНХАН ЗҮҮН БҮС ДЭХ ЖИШИГ УУРХАЙ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Салбарын сайд өнгөрсөн ням гаригт “Цайрт минерал” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. 1998 онд байгуулагдсан тус компанийн 50 хувийг Монголын “Металл импекс”, үлдэх хувийг БНХАУ-ын NFC компани эзэмшиж буй. Өмнө нь манай улсын эзэмшлийн хувь 49 байсан бол анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн тул ийн тэнцүүлжээ.
“Цайрт минерал” компанийн Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийг (Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай ойролцоо оршдог) 2005 оны наймдугаар сард ашиглалтад оруулж байж. Тус компанийн ерөнхий захирал С.Батхүү “Манайх нийт 371 ажилчинтай. Үүний 88 хувь нь монголчууд бөгөөд тэдгээрийн 96 хувь нь Сүхбаатар аймгийн иргэн” гэв. Бас туслан гүйцэтгэгч компанийн 300 гаруй хүн гэрээний дагуу ажилладаг байна. Тэд ил уурхайг жил бүрийн 4-11 дүгээр сард ажиллуулж, 420 орчим мянган тонн хүдэр олборлож, 1.2 сая шоо метр хөрс хуулдаг байна.
Тус компанийн баяжуулах үйлдвэр хариуцсан дэд захирал Б.Бат-Эрдэнэ “Эрчим хүчний оргил ачааллын үе буюу 18-22 цагт үйлдвэрээ зогсоодог. Сүүлийн 13 жил хүмүүсээ мэргэшүүлж, бэлдсэн” гэлээ. “Цайрт минерал” нь Зүүн бүсийн эрчим хүчний системийн томоохон хэрэглэгч юм. Эрчим хүч тасалдсанаас шалтгаалж 2016 онд борлуулалтын орлого нь 2.9, улсын төсөв 0.49 тэрбум төгрөгөөр тасалджээ. Мөн өнгөрсөн онд дээрх үзүүлэлт 4.8, нэг орчим тэрбум төгрөгт хүрсэн дүн бий.
Цайрын ханш өнгөрсөн онд тонн нь дунджаар 2895.6 ам.доллар байжээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард 3618, одоогоор 3028 орчим ам.долларт хүрээд буй. Хоёр сарын дотор 16 гаруй хувиар хямдарсан гэсэн үг. Хятадад цай рын 1000 орчим уурхай хаагдсантай холбоотойгоор хомсдол үүсэхээр байгаа ч цайрын үнэ буурч буй. Уг таваарын ханш цаашид ч хямдрах төлөвтэй аж. Гэхдээ бүтээгдэхүүнийх нь эрэлт хангалттай нь “Цайрт минерал”-ын давуу тал. Дэлхийн цайрын хэрэглээний 50 хувийг дангаар “залгидаг” БНХАУ-д нийлүүлдэг учраас тэр.
“Цайрт минерал”-ынхан усаа 30 км-ээс буюу Асгат сумаас татдаг байна. Үйлдвэрт ашигласан усныхаа 80 хувийг эргүүлэн хэрэглэж буй гэсэн. Байгаль орчныг хамгаалах ажлыг тэд жил бүр төлөвлөн гүйцэтгэж буй. Одоогоор 23.5 га талбайд техникийн, 22.5 га-д биологийн нөхөн сэргээлт хийжээ. Бидний очсон компаниудаас хамгийн үлгэр жишээ нь байсан “Цайрт минерал”-ынхан ажилчдаа орон сууцтай болгоход онцгойлон анхаардаг аж. 2008 оноос ажилчдын орон сууцны “Цайрт хотхон” төсөл хэрэгжүүлж, одоогоор тус бүр нь 36 айлын хоёр орон сууц ашиглалтад оруулжээ.
Гурав дахь буюу дараагийнхыг нь энэ намар ашиглалтад оруулахаар ажиллаж буй гэсэн. Энэ талаар С.Батхүү “72 айл орон сууцанд ороход манай компанийн яг 100 хүн тэнд амьдарч байгаа. Бүтээн байгуулалтын зардлын 50 хувийг компаниас гаргадаг бол үлдэх хувийг нь ажилтан таван жилийн хугацаанд ямар ч хүүгүй төлдөг” гэж ярилаа. Үүнээс гадна тус компани урлаг, спортын том танхимтай, бүтээгдэхүүнд шинжилгээ хийх лабораторитой гээд олон байгууламжтай юм билээ. Туслах мал аж ахуй ажиллуулахаас гадна хүнсний ногоо, өвөл, зуны хүлэмждээ нарийн ногоо тарьдаг юм байна.
Зүүн бүс дэх жишиг компани болохыг зорьж буй “Цайрт минерал” 2015 онд улс, орон нутагт 33.2, дараа жил нь 35.6, өнгөрсөн оны эхний хагаст 29.4 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Үйлдвэрээ ажиллуулж эхэлснээс хойш нийт 344 тэрбум төвлөрүүлснээс 2017 онд 69 нь ногдсон байна. Ийм ч учраас Монголын “Топ 100” аж ахуйн нэгжид багтсан биз ээ. Тэд орон нутагт үзүүлсэн дэмжлэг, бүтээн байгуулалтад нийт 13 тэрбум төгрөг зарцуулсан дүн бий.
Тус компанийнхан Сүхбаатар аймагтай байгуулсан хамтын ажиллагааны дагуу жилд 1.5 тэрбум төгрөг өгч буй юм билээ. Үүнийг аймгийн боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд зэргээр тодорхой чиглэлд зарцуулдаг аж. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зургаан төсөл шалгаруулж орон нутгийн төсөвт 500 сая төгрөг хандивлажээ. Тэдний нэг нь гэхэд оёдлын үйлдвэр гэнэ лээ.
Тэнд оёсон уутанд “Цайрт минерал”-ынхан баяжмалаа савлаж буй. Авто тээвэр дайран өнгөрдөг Дорноговь аймагтай 2017 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулан 700 сая төгрөгийн бүтээн байгуулалт ч хийжээ.
САЙД Д.СУМЪЯАБАЗАР: ХАЙГУУЛАА ХИЙ
“Цайрт минерал” компанийнханд хэд хэдэн бэрхшээл тулгарч буй. Эрчим хүчний хангамж тасалдан, саатал гардаг, нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатайг энд дурдаж болно. Татварын орлогоос нь орон нутагт хуваарилахад анхаардаггүйтэй холбоотойгоор орон нутгийнхантай үл ойлголцол үүсэж байгааг тэд хэлж байлаа. Хэдий нөөцөө нэмэгдүүлэх боломжтой ч орон нутгийн зарим иргэнтэй ойлголцож чадахгүй байгаа тул хайгуул хийж чадахгүй байгаагаа дурдсан юм.
С.Батхүү “Хайгуулын талбайд тахилгатай хайрхан байна гэж лам нар эсэргүүцсэн. Талбайгаасаа тахилгатай уулыг хасаад хайгуул хийх гэсэн ч эсэргүүцэж байгаа. Том зургаар нь харвал орон нутгийн хөгжилд уул уурхай тустай гэдгийг ойлгуулах шаардлагатай байна” гэлээ. Лам нар “Уул доогуураа холбоотой учраас ухаж болохгүй” хэмээж байгаа аж.
Үүний хариуд сайд Д.Сумъяабазар “Бизнес эрхлэх хэцүү. Уул уурхай дээр суурилсан хөгжлийн зөв бодлого бидэнд хэрэгтэй. Хайгуулаа хий. Бүтээж байгаа зүйл байхгүй мөртлөө шантаажлаад сурчихсан хүмүүс байна. Улсаараа дампуурах гээд байгаа юм уу. Та бүхэн ч хүмүүст зөв тайлбарлах хэрэгтэй. Нэг нь ажлын байр бий болгож, улсад орлого бүрдүүлж байхад зарим нь маш их зүйл шаарддаг. Дорнод аймгийн Засаг дарга асуудал үүсгэж байна” гэж тодотгосон.
Зүүн бүс байгалийн баялагтай ч анхааралд төдийлөн өртдөггүй, ажин түжин, хөгжлийн эрчээ авч чадаагүй. Эрчим хүчний хангамжаас болоод тэндхийн уул уурхайн төслүүд “боомилогдож” байна гэхэд хилсдэхгүй. Уул уурхайгаас оруулсан орлогоос орон нутагт дорвитой үлдэхгүй болохоор иргэд нь “орилдог”. Иймээс ч хөрөнгийн хуваарилалтыг зөв хийхэд анхаарах хэрэгтэй нь харагдаж байгаа юм.
Үүнд сайд Д.Сумъяабазар анхаарахаа илэрхийлээд, “Иргэдийн амьдрал дээшилж, орон нутаг хөгжих ёстой” хэмээсэн. Дорнод, Сүхбаатар аймагт ажиллахдаа цайр, хар тугалгын баяжмалын “Шинь шинь”, хүрэн нүүрсний Адуунчулуун, Хөөтийн уурхай, цайрын баяжмалын “Цайрт минерал”, түүхий тос олборлолтын “Петро Чайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхийг чухалчилж буй тэрбээр “Зүүн бүс хөгжих бүрэн боломжтой. Эрчим хүчний хангамж, уурхайнуудыг хэвийн ажиллуулахад анхаарна” гэлээ.